Баттулга.Х 2016.05.02 | Сонин: Монголын мэдээ

Улсын тэргүүний Галуут сумынхан шагналаа гардаж авлаа

Улсын тэргүүний Галуут сумынхан шагналаа гардаж авлаа

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон.

Энэ жилийн хувьд  Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар  шалгаруулж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын удирдлагууд болоод ард иргэдэд улсын тэргүүний сумын гэрчилгээ, мөнгөн шагналыг нь гардуулж өгөх ёслол боллоо.  Тус сумынхан сүүлийн жилүүдэд “Хүний хөгжил, нутгийн ирээдүй” гэсэн зорилго тавин ажиллаж, бүхий л талаараа дэвшил гарган ажиллаж байгаа аж. Тиймдээ ч сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан амжилтаараа аймагтаа тогмол эхний байруудад багтсан байна. 

Мөн улсын тэргүүний сумын болзлыг гурав дахь удаагаа хангаж өрсөлдсөний эцэст ийн шалгарч, шагналаа гардаж байгаа нь энэ ажээ. Баянхонгор аймаг нийтдээ 19 сумтай. Тэдгээрээс анх удаа улсын тэргүүний сумаар шалгарч, ажил хөдөлмөр, амжилтаа үнэлүүлсэн Галуут сумынхан шагналаа ёслол төгөлдөр гаргаж авсан юм. Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Х.Баттулга,  Д.Ганбат, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Баянхонгор Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон сумын удирдлагууд, иргэд оролцсон юм.  

Улсын тэргүүний сумын шагнал гардуулах ёслолын ажиллагааны өмнө Галуутынхан жилээс жилд өөдлөн дэвшч ажиллаж байгаа байгууллагуудаа болон багуудаа танилцуулж, парад алхуулсан юм.  Анх 1923 онд байгуулагдсан Галуут сум өдгөө 4000 орчим хүн амтай 240 мянган толгой малтай. Уул уухайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт энэ суманд үр өгөөжөө өгсөнийг сумын Засаг дарга хэлж байлаа. Сүүлийн дөрвөн  жилд Суманд хийгдсэн бүтээн байгуулалтаас дурьдвал цагдаагийн байр, сургуулийн дотуур байрны их завсар, шинэ спорт заал, услалтын систем, усан оргилуур бүхий хүүхдийн тоглоомын талбайг нэрлэж болох юм. Услалтын системийг нэвтрүүлсэнээр сумын иргэд газар тариалан эрхлэх боломж олдож эдүгээ 60 га газарт хүнсний ногоо тэжээлийн ургамал тариалж байна. 


Сумын тамгын газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж өгдөг учир өрх бүр ажилтай орлоготой болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын хүрээнд Мандал багийг сумын төвтэй цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, Хайрхан багт гар утасны сүлжээ оруулах ажлыг эхлүүлжээ.  Сумын байгууллагууд, багийн иргэд явган болон морьтой парад хийсний дараа хүндэтгэлийн тайзанд заларсан хүндэт зочид, төлөөлөгчид, сум орон нутгийн удирдлагууд үг хэлж, Галуут сумын иргэд, хөдөлмөрчдөд баяр хүргэсэн юм.  

Шагнал гардуулах ёслолыг нээж, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан үг хэлсэн.  Тэрбээр “Эрхэм хүндэт, иргэд хөдөлмөрчид, УИХ-ын гишүүд, аймаг сумын удирдлагуудын энэ өдрийн амгаланг айлтгаж байна. Өнөөдөр та бид Монгол Улсын тэргүүний сум хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүлээж авахаар энд цуглаад байна. Өнгөрсөн он жилүүдэд хөдөлмөрч, хичээнгүй ард иргэд маань улс, аймаг, сумынхаа хөгжилд өөрсдийн гар бие, сэтгэл оюунаа дайчлан оролцож, сумын хүн ам өсч, мал сүрэг 240 мянгад хүрч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөн байгааг цохон тэмдэглэе.  

Та бидэнд өгч буй энэхүү алдар хүндтэй шагнал нь ирээдүйгээ итгэл дүүрэн, гэрэл гэгээтэйгээр харж, орон нутагтаа тогтвор суурьшалтай ажиллаж, амьдрах зорилт болгосон “Хүний хөгжил, нутгийн ирээдүй 2015” хөгжлийн төлөвлөгөөний ташуур байх болно” хэмээн хэлж, Монгол Улсын тэргүүний сумын шагнал гардуулах ёслолын ажиллагааг албан ёсоор нээснийг зарласан юм. 

Түүний дараа Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг Баянхонгор аймгийн Галуут сумын удирдлагуудад Улсын тэргүүний сумын шагналыг нь гардуулж өглөө. Тэрбээр шагнал гардуулахын өмнө “Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон. 2014-2015 онд Баянхонгор аймгийн Галуут сум Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг тухайн орон нутагтаа хэрэгжүүлэхэд анхаарч ажиллан, 330 сумаас эдийн засаг, нийгмийн хөгжлийн 20 орчим үзүүлэлтээр төвийн бүсээсээ шалгарч, улсын тэргүүний сум болсон баяр хүргэе. Энэхүү хүндтэй шагнал сумын ард иргэдийн хичээл зүтгэл, сум орон нутгийн удирдлага, Засаг дарга, Засаг даргын тамгын газрын зөв менежмент, удирдлага болоод та бүхний хамтын хүчин чармайлтыг үнэлж байгааг хэлэхэд таатай байна. 

Галуут сум эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтээрээ тогтмол өсч байгаа. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогын төлөвлөгөөгөө 329.6 сая төгрөгт хүргэж, өмнөх онуудаас 114.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Галуут сумынхандаа улсын тэргүүний сум болсонд дахин баяр хүргэе. Ингээд улсын тэргүний сумын гэрчилгээ, хүндэтгэлийн туг  болон 100 сая төгрөгийн шагналыг сумын удирдлагуудад гардуулахад таатай байна. Хүлээн авна уу” хэмээн хэлж, шагналыг нь гардуулсан юм. Шагналыг Баянхонгор аймгийн Засаг дарга С.Баттулга болон бусад албаны хүмүүс гардаж авлаа. Ийнхүү Баянхонгор аймгийн Галуут сум улсын тэргүүний сум боллоо. 

С.Баттулга: Хангайн бүсийн 100 сумаас амжилтаараа шалгарч чадлаа 


Баянхонгор аймгийн Галуут сумын удирдлагуудад улсын тэргүүний сумын гэрчилгээ, хүндэтгэлийн туг гардуулсны дараа хүндэт зочид төлөөлөгчид, УИХ-ын гишүүд үг хэлж, баяр хүргэсэн юм.   Улсын тэргүүний Галуут сумын Засаг дарга С.Баттулга “Ардын Засгийн газрын шийдвэрээр 1923 онд байгуулагдсан, өдгөө 93 жил болж буй түүх Галуут сумын малчид, хөдөлмөрчид, бизнес эрхлэгчдийн хөдөлмөр бүтээл, үеийн удирдлагуудын хичээл зүтгэл, идэвх санаачилгын үр дүнд өнөөдөр манай сум Улсын тэргүүний гэх тодотголтой боллоо. 

Энэ шагналыг гардаж авч байгаа сумынхаа нийт ард иргэдэд баярын мэнд хүргэе

Хангайн бүсийн зургаан аймгийн 100 шахам сумаас ажил үйлс, амжилтаараа шалгарч энэхүү эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай шагналыг хүртэж чадлаа. Энэ шагналыг гардаж авч байгаа сумынхаа нийт ард иргэдэд баярын мэнд хүргэе. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллахад байнга тусалж дэмждэг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууддад талархал илэрхийлье. Баянхонгор хайрханаа шүтэж, хүнээ дээдлэн, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, байгалийн баялагтаа түшиглэн, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлсэн,  хүн ардынхаа ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, хөгжлөөрөө тэргүүлэх сум болно гэсэн алсын хараа, хэтийн зорилго тавьж ажиллаж байгаа.  

Энэ зорилгын маань нэгээхэн хэсэг бүтэж, амжилтад хүрч байна. Энэ бол бидэнд өгч байгаа шагнал төдийгүй илүү их ажиллаж, хөдөлмөрлөхийг үүрэг болгож байна гэж ойлгож байгаа” хэмээн хэлсэн юм.  Түүний дараа УИХ-ын гишүүн, Х.Баттулга  “Галуут сум маань Улсын тэргүүний сум болсон гэх Засгийн газрын тогтоол гарсныг сонсоод их баярлаж байлаа. Өнөөдөр бид энэ сайхан нэр хүндтэй шагналыг хамтдаа хүлээж авч байна. Энэ бол удирдлагуудын зөв менежмент. Гэхдээ ард түмэнтэйгээ хамтарч ажиллаж чадаж байгаагийн нэг жишээ. Тийм болохоор бүгдэд нь өгч байгаа шагнал гэж ойлгож болно. Энэ шагналтай хамт их хариуцлага ирж байгаа. 

Ирэх жилүүдэд Улсын тэргүүний сум гэдэг алдар цолоо бататгаж, сайн ажиллахыг хүсье” хэмээсэн юм. Тэгвэл  УИХ-ын гишүүн Д. Ганбат “Улсын тэргүүний Галуут сумын иргэддээ баяр хүргэе. Монгол Улс 330 сумтай. Төвийн 100-гаад сумаас Галуут сум шалгарч, Улсын тэргүүн сум боллоо. Өнөөдрөөс эхлээд та бүхэн Монгол Улсын тэргүүний сумын иргэн боллоо. Улсын хөгжил сумаас эхэлдэг. Сум сайхан бол аймаг сайхан, аймаг сайхан бол улс маань сайхан болж чадна, бид сэтгэл гаргаад ажиллавал бүтээж хөгжүүлж чадах том жишээ Галуут сум боллоо” хэмээсэн юм.   Энэ мэтээр шагнал гардуулах ёслолд оролцож, хүндэтгэлийн суудалд суусан хүн бүр үгээ хэлж, баяр хүргэсэн. Мөн цаашид улсын тэргүүний Галуут сумын иргэн гэж дуудуулах учраас хүн бүр нэрээ бодож, сайн ажиллаж хөдөлмөрлөж, амжилт гаргааарай хэмээн захих хүмүүс ч байсан юм.  Мөн сумын удирдлагууд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд дурсамж хадгалуулж, гарын бэлэг ч гардуулсан. Түүнээс гадна Галуут сумын авьяаслаг багачууд язгуур урлагийн тоглолт сонирхуулж, Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын уран бүтээлчид ая дуугаараа “дайлсан” юм. Энэ үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо. 

Х.Баттулга:  Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх тал дээр зөв менежменттэй ажиллаж чаджээ


/УИХ-ын гишүүн/ 

-Манай Баянхонгор аймгийн Галуут сум улсын тэргүүний сум боллоо. Энэ шагналыг бүсчилж өгдөг юм байна. Хангайн бүсийн 100 орчим сумаас Галуут сумыг шалгаруулж. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх тал дээр шинэ менежмент хийж ажилласан гэсэн үзүүлэлтээр шилдэг сумаар шалгарсан юм байна. Бид сүүлийн жилүүдэд хөдөө хотын ялгааг арилгана гэж яриад байгаа. Тэгэхийн тулд  суманд байгаа иргэдэд үйлчлэх байгууллагуудыг бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй. Мөн боловсон хүчнийг сайн бэлтгэх ёстой. Энэ талаас нь сумд маань анхаарч ажиллавал илүү хөгжиж, дэвжинэ гэдэг нь харагдаж байна. 

Д.Ганбат:  Галуут сумын хөдөлмөрч түмнийг төр шагналаа 

/УИХ-ын гишүүн/

-Баянхонгор аймгийн Галуут сум Монгол Улсын тэргүүний сум боллоо. 100 орчим сумын дундаас тэргүүний сумаар шалгарч чадлаа. Энэ бол Галуут сумын хөдөлмөрч түмний ажлын үр дүн юм. Сум, аймгийн удирдлагууд сайн ажилласан байна. Түүний үр дүн гарч гэж ойлгож байна. Энэ алдар хүндийг сайтар өргөж, цаашид сум орон нутгаа хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаарай гэж захиж хэлье. Монгол Улсын хөгжил сумаас эхэлнэ. Сум сайхан бол аймаг сайхан. Аймаг сайхан бол улс сайхан болно шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймагт хоёр шинэ сум баригдлаа. Гурван сум цахилгаанд холбогдлоо. Аймгийн төв Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон. Цаашлаад Шаргалжуут руу засмал зам тавих. Баянхонгор аймагт дулааны цахилгаан станц барих шаардлага байгаа. Гэх мэт олон ажил хийхээр төлөвлөсөн. Эхнээс нь хийгээд явж байгаа. 

Д.Жаргалсайхан: 100 сумаас шилдгээр шалгарна гэдэг том амжилт 


/Баянхонгор аймгийн Засаг дарга/ 

-Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Баянхонгор аймгийн 19 сумын нэг Галуут  Монгол Улсын тэргүүний сум боллоо. Бид аймагтаа эхний шалгаруулалтыг явуулсан. Галуут сум бусад сумдынхаа тэргүүнд зогсохоор амжилт бүтээлийг гаргасан. Тиймдээ ч бид шилдгээр шалгаруулсан. Энэ сумын амжилт бүтээл үе үеийн ард иргэдийн хөдөлмөр бүтээлтэй салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газар 2009 оноос хойш энэхүү болзолт уралдааныг гаргасан. Энэ хугацаанд Галуут сум байнга шилдэг үзүүлэлттэй явж ирсэн. Нөгөө талаар Баянхонгор аймаг энэ сумын Баянхонгор хайрханаар овоглож явдаг. Баянхонгор аймаг энэ сумаас үүсэлтэй учраас бид Галуут сумаараа бахархахгүй байхын аргагүй. Энэ сумынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахгүй байхын аргагүй юм. Манай Галуут сум зургаан аймгийн 100 орчим сумаас шалгарч гарч ирнэ гэдэг одоогийн удирдлагууд болоод ард иргэдийн хамтын ажиллагааны үр дүн юм.