НӨАТ болон дахин төлөвлөлтийг хэлэлцэв
2016.05.05

НӨАТ болон дахин төлөвлөлтийг хэлэлцэв

УИХ дахь МАН-ын бүлгээс Нийтийн эрх ашгийг хамгаалах холбоо /НЭАХХ/-той хамтран НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн тулгамдсан асуудлаар өнөөдөр /2016.05.05/ Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Су.Батболд нар болон НЭАХХ-ны үүсгэн байгуулагчид, ТУЗ-ийн гишүүд, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

Нийслэлийн зургаан дүүргийн 25 байршлын 75 хэсэгчилсэн талбайд 2013 оны  тавдугаар сараас нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллыг төлөвлөж, орон сууцжуулах төслийг дэмжиж байгаа ч зарим нэг алдаа дутагдал байгааг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилжээ.

Тухайлбал нэг хашаанд 3-4 айл өрх амьдарч байгаад дахин төлөвлөлтөд хамрагдсан   тохиолдолд нэг нь л байрандаа ороод, бусад нь орон гэргүй, газаргүй үлдэж байгаа зэрэг асуудлыг дурдлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын Төсвийн байнгын хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүгийн асуудлыг шалгуулахаар асуудал тавихаар боллоо. Тэрбээр асуудлыг үе шаттай судалж, шийдвэрлэхийн төлөө бусад гишүүд, НЭАХХ, иргэдтэй хамтран ажиллана гэсэн юм.  

Тус хэлэлцүүлгийн хоёрдугаар асуудал бол “НӨАТ-ын хуулийн хэрэгжилт” гэсэн сэдэв байлаа. Энэ асуудлаар шүүмжлэлтэй иргэд нэлээд байсан юм.

Тэр дундаа хүнсний дэлгүүр ажиллуулж, ажил амьдралаа залгуулдаг иргэдэд НӨАТ-ын хууль хүндээр тусч байгаа аж. Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ганбаатар хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэрбээр  "Худалдан авагч, дэлгүүрийн эзэд хоёр хоорондоо маш их зөрчилдөж байна. Нэг хүн орж ирээд тамхиа авахдаа сугалаагаа авна, эргэж гараад хоёр минутын дараа орж ирээд дахиад талхаа авна.  НӨАТ-ын цаас нь 800 төгрөгийн үнэтэй. Таван юм авах гэж таван удаа цувж орж ирдэг. Таван сугалааны баримт авах гэж шүү дээ. НӨАТ-ын машин тавиагүй дэлгүүрт хүн орохгүй. Үүнээс болоод жижиг дэлгүүрийн орлого муудаж байна" гэлээ.

Үүнээс гадна гэр хороололд интернэт бэрхшээлтэй учраас татварын байгууллагатай харилцах харилцаанд мөн л асуудал үүсч  байгаа аж

НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зарим гишүүд хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Гэвч Засгийн газраас хариу ирээгүй байна. Тиймээс УИХ-ын даргад өргөн барихаар тов хүлээж байгаа аж.