2016.05.05

Үндсэн хуульд том өөрчлөлт хийхийн тулд ард түмнээрээ нэг удаа шүүлгэх хэрэгтэй

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо.

УИХ,  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Энэ талаар та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ? Үүнийг хүлээн авснаар сонгуульд хэрхэн нөлөөлөх бол?

ҮХ-ийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн сонгогдох боломжгүй болж байна. Бүх ард түмнээрээ сонгогдох нэгдсэн хувилбарт хүрч чадлаа. Монгол улс  Үндсэн хуулийн томоохон реформыг хийхээс аргагүй байдалд орсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд УИХ бүх ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмний дэмжлэгтэйгээр бүрэлдэх ёстой. Ингэж бүрэлдэх гол шаардлага нь тухайн хүн тус тойрогтоо шүүлтүүрээр орох юм. Томоохон нийгэм, эдийн засгийн ирээдүйн асуудлыг шийдэх, Үндсэн хуулийн том өөрчлөлтийг хийхийн тулд ард түмнээрээ нэг удаа шүүлгэх нь зөв.

Яагаад гэвэл улс төрийн намуудын олон түмнээс авч буй үнэлэмж их муу байна. Нийт судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь улс төрийн намыг дэмжихгүй байгаа. Энэ бол Монголын төрт ёс, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Тиймээс УИХ-ыг хүлээн зөвшөөрөгдөх чадвартай болгох, Засгийн газар тогтвортой ажиллах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгохын тулд нэг том шүүлтүүр буюу шигших шаардлага нийгэмд бий болжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан нь МАН, АН-ыг дараагийн улс төрд олонх болох алхам хийлээ гэх шүүмжлэл байна?

Улстөрийн намуудын зүгээс ийм шүүмжлэл байх нь зүй ёсны асуудал. Гэхдээ улс орны эрх ашиг гэж зүйл бий. Одоо ард түмнээрээ л шүүлгэе. Эрх барьж буй, голлох намуудын нэр хүнд муу байна. Үүнтэй холбоотойгоор УИХ, Засгийн газрын нэр хүнд муу байгаа. Өнгөрсөн хугацаанд бий болсон төрийн систем бүтэц, нийтээрээ үнэлэмж доогуур байна. Үүнийг шийдэхийн тулд ард түмнээрээ зайлшгүй нэг шүүлгэх ёстой.

        Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү