МАН: Нэг мандаттай аймагт мандат нэмэх хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа
2016.05.09

МАН: Нэг мандаттай аймагт мандат нэмэх хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг нийт 30 гишүүнтэй болсныг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцоллоо. Учир нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн тул өнөөдөр МАН-ын бүлгийн хуралд суужээ.

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа нийт гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Сонгуулийн тойрог байгуулах, тойрог мандатын дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох, Прокурорын байгууллагын тухай хууль,  Татварын багц хуулиудын талаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрчээ.

Сонгуулийн тойрог байгуулах асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт

-Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хуваарилах гэсэн зарчмыг баримталж байсан.

Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байна. Гэхдээ бид буулт хийж болох юм.  Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна.

Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хуваарилах ёстой гэж ярьж болох юм гэлээ.

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Прокурорын байгууллагын тухай хууль аж. Тус хуулийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:

-Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор Прокурорын байгууллагын тухай хууль болон шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой багц асуудлыг хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг завсарлага авсан. Маш чухал асуудал.

Өнөөдрийн парламентын бүрэн эрх дуусах гэж байна. Мөн сонгууль болох гэж буй энэ үед уг хуулийг алдаа, мадаггүй батална гэдэг эргэлзээтэй. Өнөөдөр барьсан хуулиар хуулийн байгууллагын ажиллагаанд улс төрчид орох боломж нээгдэж байна. Хууль зүйн сайд хавтаст хэрэгтэй танилцана гэх заалтуудыг тусгасан байна. Энэ мэт олон ноцтой асуудлууд байна. Тиймээс уг асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцэж батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн” гэв.

Харин Татварын багц хуулиудтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-УИХ дээр татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд өргөн баригдсан байгаа. УИХ-ын гишүүдээс энэ чиглэлийн нэлээд хуулиуд өргөн баригдсан.

Мөн ойрын үед МАН-ын бүлгээс өргөн баригдсан хуулийн төсөл УИХ, байнгын хорооны анхааралд ороод 2-3 сар болчхоод байна. Эдгээр хуулиудыг цогцоор нь авч үзэх учиртай. Дээрээс нь бизнес эрхлэгчид, үйлдвэрчний эвлэл, ТББ-уудаас татварын шинэчлэлтэй холбоотой нэлээд олон асуудлаар санал хүсэлт ирж байна.

Ер нь энэ жил татварын бүтэц зохион байгуулалт, нэр төрөлтэй холбоотой томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага бий болсон гэлээ.