2016.05.06
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор хэлэлцэж байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.06/ үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан.
Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулгын хариуг өгөх Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр, УИХ-ын гишүүний асуулгын хариунд дурдагдах баримтууд Төрийн нууцийн тухай хууль болоод Засгийн газрын нууц тогтоолд хамаарч буйгаас гадна хэлэлцүүлгийн үеэр хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир хаалттай горимоор хэлэлцэх шаардлагатай хэмээн тайлбарласан. Ингээд хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.