УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
2015.09.07

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2015.09.07/ нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын 42 гишүүн хүрэлцэн ирж, 55,3 хувийн ирцтэйгээр эхлэв.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы хуралдааны үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан байгаа. Иймд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудал болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр энэхүү ээлжит бус чуулганыг 2015 оны 9 дүгээр сарын 7-ноос 18-ны өдрүүдэд хуралдуулна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.