Даваа гаригт чуулганы нээлттэй
2015.09.05

Даваа гаригт чуулганы нээлттэй

Өнгөрөгч баасан гаригийн орой Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид сайд нарынхаа нэрсийг өргөн барилаа.

Тодруулбал, Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэгийг, Сангийн сайдаар Б.Болорыг, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг, Зам, тээврийн сайдаар М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн хугацаандаа Засгийн газрынхаа сайдуудын асуудлыг өргөн барьсан тул УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулахаар болов. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын захирамж гарган Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны есдүгээр сарын 7-18 хүртэл хоёр долоо хоногийн хугацаатайгаар зарлав. Чуулганаар засгийн газрын сайдуудын томилгоог мөн Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Ээлжит бус чуулганы нээлт даваа гаригт болно.