Ерөнхийлөгч хориг тавьснаас бусад заалтад хамрах гэмт хэрэг үйлдэгсдийг өршөөнө
УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригоос бусдыг нь хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 зүйл анги байдаг. Хүнд, хүндэвтэр болон хөнгөн гэмт хэргийн 191 зүйл ангийг Өршөөлийн хуульд хамруулахаар заасан. Өршөөлийн хуулийн 4.1 болон 7 дугаар зүйлд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Мөн 5 зүйлд бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн Өршөөлийн хуульд хамруулах санал ирүүлсэн. Өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн хориг тавьсан болон нэмсэн нэг заалтаас бусад зүйл ангид хамрах гэмт хэрэг үйлдсэн иргэдийг өршөөх ажлыг эхлүүлж байна.
-Хориг тавиагүй зүйл, заалтын хүрээнд хэдэн хүн суллагдах вэ?
-Одоогоор нарийн тоо гараагүй. Ойролцоогоор ял эдэлж буй 2000 хүн суллагдах тооцоо гарсан. Үүнээс гадна тээврийн хэрэгслээ жолоодох эрхээ хасуулсан 81 мянган хүн, захиргааны зөрчилтэй болон тэнсэн харгалзах ялтай, ял эдлэх хугацаа нь хойшилсон иргэдийг өршөөх чиглэлийг Ажлын хэсгээс хуулийн байгууллагуудад хүргүүлсэн.
-Өршөөлийн хуульд хамрах иргэд өөрсдөө өргөдөл бичих зэргээр ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх ёстой юу?
-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би ахалж байгаа. Ажлын хэсэгт шүүх, прокурор зэрэг бүх хууль, хүчний байгууллагын төлөөлөл орсон. Энэ дагуу Ажлын хэсгийн салбар комиссуудыг байгуулж байна. Комиссын гишүүд буюу шүүгч, прокурор, өмгөөлөгч өршөөлд хамрах хүсэлтэй хүн бүртэй нэг бүрчлэн уулзаж суллах эсэх шийдвэр гаргана. Үүнд манай Ажлын хэсгээс хяналт тавих юм.
-Өршөөлийн хуулиар суллагдах хүмүүсийг хэрхэн нийгэмшүүлэх, ажлын байраар хангах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ. Гэнэт олон хоригдол сулласнаар гэмт хэргийн тоо өсөх вий гэсэн айдас нийгэмд байна?
-Өмнө нь 5 удаа Өршөөлийн хууль гарсан. Суллагдсан 100 хүний 5-6 хүн нь дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн судалгаа бий. Энэ бол маш бага хувь юм. Өөрөөр хэлбэл, суллагдсан хүмүүсийн 95 орчим хувь нь нийгэмд хөлөө олоод, ажиллаад явдаг гэсэн үг.
Өршөөлөөр суллагдсан хүмүүсийг төрийн болон ТББ-иуд дэмжих ёстой. Тухайлбал, НЗДТГ энэ чиглэлд түлхүү анхаарах ёстой. Учир нь Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Суллагдах хүмүүсийн тал нь нийслэлийн иргэд. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахад зарим нэгэн хариуцлагагүй албан тушаалтан комисст орохоос татгалзсан. Энэ бол буруу юм. Улс төржихгүйгээр өөрийн ажлаа хийх ёстой.
-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй тохиолдолд авлига, албан тушаалын хэдэн гэмт хэрэг өршөөгдөх вэ?
-Энэ талаар тодорхой мэдээлэл хийх боломжгүй. Ер нь бол авлигын хэргээр хорих ял эдэлж буй 30 гаруй, албан тушаалын 10 орчим хүн бий. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд 100 орчим хүнтэй холбогдох гэмт хэрэг байна.
-Ерөнхийлөгчийн хоригийг хэзээ хэлэлцэх вэ?
-Ээлжит чуулганы хугацаанд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг 10 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Одоогоор ээлжит чуулган эхлээгүй байна. Тиймээс УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан тохиолдолд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хориг Өршөөлийн хуулийн бүх заалтыг хязгаарласан байна гэсэн мэдээлэл хийсэн?
-Хуультай холбогдуулан хүн бүр өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Энэ бол тухайн иргэн, улс төрийн бүлгүүдэд хуулиар олгогдсон эрх.