МАН хоригийг хүлээн авна
МАН-аас санаачлан улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтыг яг одоо Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээн авах болно” гэдгийг сэтгүүлчдэд өгсөн тодруулгын үеэр онцоллоо. Энэ асуудлыг МАН Удирдах зөвлөл болон дээд шатны байгууллагаараа хэлэлцэн Өршөөлийн хуулийг УИХ-аар баталсан хэлбэрээр хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзсэн гэдгийг мэдэгдлээ.
УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдсан нөхцөлд Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэнэ. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хориг хэрэгжих боломжгүй болох юм. Тодруулбал, 76 гишүүнээс 26 нь хоригийг хүлээн авах кноп дарснаар Ерөнхийлөгчийн хориг хэрэгжих боломж бүрдэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд нийт гишүүдийн тоо 26 юм.
Онцлоход, зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа улс төрийн намуудын дийлэнх төлөөлөл УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх нь нийгмийн дайсныг өршөөсөнтэй агуулга нэг зүйл болно гэж мэдэгдэж байна.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна.