Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд
2015.09.02

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.01/ БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав. 

БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек уулзалтын эхэнд, Монгол Улсад сар гаруйн өмнө таны урилгаар айлчлал хийсэн бөгөөд танай улсын талаар дотно сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Монгол Улсад зохион байгуулагдах ЕАБХАБ болон АСЕМ-ын хуралд бид  оролцох болно. Хоёр улс эдийн засгийн болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг.

Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцааг дэмжих нь чухал бөгөөд боловролын солилцоо оюутан солилцоонд БНЧУ-ын зүгээс анхаарч ирсэн. Цаашид ч БНЧУ-ын Засгийн газраас Монголын оюутан залууст тэтгэлэг олгон хамтран ажиллах болно. Манай улсын хувьд Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой анхаардаг хэмээн БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек хэллээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын яриа хэлэлцээний гол механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж ирсэн бөгөөд ээлжит 6 дугаар хурал энэ оны 9 дүгээр сарын 21-23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Монгол Улсад ирэх есдүгээр сард болох ЕАБХАБ-ын намрын чуулган болон 2016 онд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас дээд, өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Монгол Улс БНЧУ-тай 1993 оны нэгдүгээр сарын нэгний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын Парламентын Дээд танхим болох Сенатын танхим 81 гишүүнтэй харин Доод танхим болох Төлөөлөгчдийн танхим 200 гишүүнтэй юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.