Найрлаж байх зуур С.Ганбаатар амжуулжээ
Энэ зун Засгийн газрын гишүүд ам.долларын өсөлт, аж үйлдвэрийн уналтаа мартан найрлан наадамлалаа.
Энэ зун Улаанбаатар хотын дарга нар цэвэрлэх байгууламжын үнэр, дэлбэрэлтийг мартан даншиглав. “Хэтэрхий их зовлон дунд хэсэгхэн жаргал амттай” гэдэг шиг хямрал, ажилгүйдэл, улс төрийн тэмцэл, Оюу толгой, Таван Толгойгоо мартан найрлалаа. Хүнд өвчтөн шаналал зовиураа мартах гэж хар тамхи татан мансуурдаг шиг улс орон даяараа уйтгаргуниг, зовлонгоо мартан цэнгэлээ.
Баригдаад нэг жилийн нүүр үзэж буй сургууль, босгоод удаагүй овооны чулуунд зориулан наадам хийв. Одон медаль авсны, сүм дуган барьсны, лам бөө тодорсны гээд найр наадам хийх хэрэгцээ, зайлшгүй шаардлагууд байгаа юм.
Моринд зориулж хүртэл морь уралдуулаад монгол монголоороо наадлаа. Айраг, өрөм ааруул, эсгий туурга, дуу хуур, дэмбээ, хуруу гаргах, сарлаг, тэмээ, адуу, үхрийн нэрэмжит баяр хийцгээв бид.Нэрэмжит баяр наадмыг нь хийж буйг анзааралгүй худгийн асгартялаархахадуу мал үг хэлдэгсэн бол “Ам нь цангав” гэж хашгирах байсан байх даа.
Амарч зугаалсан, алжаал ядаргаа тайлсан хүмүүсийн машин тэрэг голын эрэг, ойн булан тохойгоор дүүрч аяны дугараа тойрсоор байлаа. Ийм нүсэр, нүргээнтэй найрладаг, наадамладаг ард түмэн дэлхий дээр цөөхөн байх. Төр засгийн удирдлагууд ард түмнээ хэрхэн баярлаж буйг харах дуртай. Наадам хийж байгаа цагт ард түмэн улс төрчөөс ажлын байр нэхдэггүй. Оюу толгойн будлиан, Чингис, Самурайн бондын зарцуулалтыг асуудаггүй юм. Наадам дээр улс төрийн жагсаал, суулт хийхгүй. УИХ-ын гишүүнээс амлалт нэхдэггүй, авлигын хэргийг санадаггүй юм.
Зарим улс төрчид ард иргэдээ баяр наадмаар бүүвэйлж, бөх, морийг бай шагналаар бөмбөгдөж байгаа харагддаг. Санаа сайтай ард түмэн өөрсдөө шагнуулсан юм шиг, байлуулсан юм шиг баярлаад явчихна. Наадмаар ирсэн улс төрч намар болохоор усны шувуудтай цуг дулаан орныг зориод нисчихдэг юм билээ. Уг нь улс төрчид хүүхдийн цэцэрлэг, сургууль орох цагаар, өвөлжилт, тариа хураалтаар иргэдийнхээ дунд асуудал шийдээд зогсож баймаар.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн цөөнгүй хорооны иргэд цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж хонон өнжин дугаарлаж, сугалаа сугалж байна. Энэ хэний муугийнх бэ. Төр засаг гэхээсээ илүү тэндээс сонгогдсон улс төрчийн арчаагүйнх. Улс төрч тоосго өрөөд зогсохгүй ч цэцэрлэг, сургууль барих асуудлыг шийдэх чадвартай байх учиртай. Миний бие гэлтгүй олон хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон намгүй, баян биш учраас тойрогтоо юу ч хийдэггүй гэж боддог байв.
Яагаад ийм ойлголттой болов гэхээр МАН-ын гишүүд “АН-ынхан төр барьж байгаа учраас биднийг тойрогтоо бүтээн байгуулалт хийчихвий гэхээс үхтлээ айдаг. Тийм учраас төсөв дээр юу ч суулгаж чадсангүй” хэмээн ярихыг сонсож байсан. АН-ынхан ч сөрөг хүчин байхдаа “Биднээс болоод ардчиллыг дэмжсэн тойргийн маань иргэд хохирч байна. МАХН-ынхан ардчиллыг дэмждэг аймаг, сумдыг хүртэл төсөв дээр хавчдаг” хэмээн байнга ярих. Тийм учраас том намууд ингэж “алуулж” байхад бие даагч нар сураг үгүй биз гэж боддог байлаа.
УИХ-ын тамгын газраас эрхэм түшээдийн тойрогтоо шийдсэн асуудлын (хөрөнгө оруулалтын хэмжээ) судалгаа гаргадаг юм байна. Тэр судалгааг хэн тэргүүлсэн гээч бие даагч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Бүр 2013,2014 ондуудад тэргүүлснийг хараад “Эр хурга” гэж хашгирах дөхлөө. Төсөв хэлэлцэх үеэр тэрээр чухал царайлан босож зогсоод “Эрхэм гишүүдээ хичээнгүйлэн гуйх зүйл байна” гэдгийн учрыг ойлгов. Төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг бариулж, 17 тэрбумын өртөгтэй зам тавиулжээ. Бүх яам, агентлаг , төсөл хөтөлбөрт дээр Дархан-Уул аймгийн асуудлыг шийдүүлж чадсан байна.
Энэ бол арчаатай, овсгоотой, зальтай улс төрчийн хийх чадвар. Тэр намгүй, компанигүй, фракцигүй. Гэтэл яагаад. Цөөнгүй улс төрчид компанидаа ажил авах гээд аймаг сум, тойргоо мартчихдаг юм байна. Харин С.Ганбаатар тойргийнхоо төлөө арга эвийг нь олоод (Ичиж зоволгүйгээр гуйгаад зогсчихдог байх) төсвийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Эрхэм гишүүд сэтгэл гаргаад зүтгэвэл ганцхан төсөв гэлтгүй гадна дотны хөрөнгө оруулагч, гадаад харилцааг ч сайжруулах бололцоотой аж.
Сүүлийн гурван жил дараалан Япон улсын шүдний эмнэлгийн 32 ажилтан Дархан-Уул аймагт ирж ажиллаж байна. Хэний хөрөнгө дэмжлэгтэйгээр ч гээч. Япончууд өөрсдийн хөрөнгөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар 2000 гаруй хүүхдэд шүдний эмчилгээ хийлээ гэнэ. Онгоцны зардал нь гэхэд С.Ганбаатар байтугай гишүүний айдсыг төрүүлэм тоо гарах байлгүй. Энд зөвхөн найрсаг харилцаа, зөв ойлголт, суу заль хэрэгтэй болов уу. Эрхэм гишүүдэдС.Ганбаатараас туршлага судлаач, суралцаач гэж уриалмаар байна. Биднийг наадамлаад, голын булан тохойд аяны дугараа явуулж байхад С.Ганбаатар тойргийнхоо асуудлыг нэлээд цэгцлээд амжсан байна шүү.
Иргэд бид ч гэсэн хөрөнгөтэй хүн хулгай хийхгүй гээд УИХ-д сонгодог уламжлалт сэтгэлгээтэй. Хөрөнгөтөнгүүд улам баяжихын тулд төсөл хөтөлбөрүүд зохиож, хууль батлуулж, аж үйлдвэр, хот тосгон байгуулах нэрээр хулгай хийдэг юм байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэтээс бусад нь компанитай, хөрөнгө зоорьтой, хаустай юм билээ. Тэр О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын тухайд бол тусдаа асуудал. Бид сонгоогүй, сонгосон хүнийхээ төлөө чармайлалтай, тууштай ажиллаж байгаа харагдана лээ.