Энх тайван, эв нэгдлийн модны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслол болов
2015.09.03

Энх тайван, эв нэгдлийн модны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслол болов

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.02/ "Энх тайван, эв нэгдлийн мод"-ны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслолын арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээг нээж НҮБ-д Белорусь Улсаас суугаа элчин сайд Андрей Дапкиунас, Олон Улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чоудхури нар үг хэллээ.

Олон Улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чоудхури хэлэхдээ, НҮБ-ын хашаан дотор энэхүү ногоон зүлгэн дээр энх тайван, эв найрамдлын модны дэргэд дурсгалын самбар байрлуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм парламентын спикерүүд болон гишүүд, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдрөөс таван сарын өмнө дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан тарьсан энэхүү интоорын модноос цагаан, ягаан цэцэгc дэлгэрдэг. Цагаан өнгө нь энх тайван, ариун цагаан сайн сайхныг бэлгэддэг бөгөөд үүгээрээ бид дайны хөлд амь насаа алдсан мянга мянган хүнийг хүндэтгэж байгаа юм. Энх тайвныг бид цэргийн хүчээр бус харин ойлголцлын үндсэн дээр энх тайвныг цогцлоодог хэмээн тэрээр хэллээ.

Энэхүү "Энх тайван, эв нэгдлийн мод"-ыг НҮБ-ын хашаан дотор 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тарьж ургуулсан байна. Өнөөдрөөс 70 жилийн өмнө дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүн төрөлхтөнд хүйтэн дайныг дахин гаргахгүйн тулд НҮБ байгуулагдаж байсан түүхтэй хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.