Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нуугдмал хөрөнгө ил болж эхэлсэн байна
УИХ-ын гишүүн Д.Батцогтоос дараах тодруулгыг авлаа.
-Улс төрийн орчин хүлээлт ихтэй байна. Сайд нарыг томилохоос эхлээд асуудал их бий. Сүүлийн үеийн мэдээлэл хэр байна. Сайд нараа хэзээ томилох бол?
-Нарийн мэдээлэл алга. Хамгийн гол нь Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарын нэрсийг өргөн барих ёстой. Тэгэхээр бид Ерөнхий сайдыг л хүлээгээд байж байна. Есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн сургийн төдий мэдээлэл байгаа. Ер нь цаг нь тулчихаад байна. Үнэхээр намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд төсөв оруулж ирэх гэх мэтээр хоолойд тулсан их ажил байгаа. Тиймээс салбаруудыг эзэнтэй болгож, сайд нарыг томилуулахаар нэрсийг нь оруулж ирэх нь зөв. Хуулийн хугацаа гэж ч бий. Тухайлбал, Засгийн газрын орон гарсан гишүүдийг 30 хоногт томилно гэсэн заалт байдаг. Тэгэхээр хуулиа зөрчилгүй сайд нарынхаа нэрсийгөргөн барьж, томилуулах байх гэж бодож байна. Ерөнхийдөө гишүүд ээлжит бус чуулганы товыг л хүлээж байна.
-УИХ-ын дарга АНУ руу ажлын айлчлалаар явсан. Энэ сарын 6-нд ирнэ. Тэгэхээр хуулийн хугацаанд багтаж ээлжит бус чуулганы хуралдааныгзарлах боломж бий юу?
-УИХ-ын даргын эзгүйд дэд дарга нь үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, УИХ-ын дарга айлчлалаар явахдаа УИХ- ын дэд даргад эрхээ шилжүүлдэг юм. Тэгэхээр эрхийг нь шилжүүлэн авсан дэд дарга нь ээлжит бус чуулганы хуралдааны товыг зарлан эхлүүлэх боломж байгаа байх. Харин хэлэлцэх асуудал тодорхой болж, өргөн баригдсаны дараа л ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдаг.
-Ээлжит бус чуулган хуралдвал Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх болов уу?
-Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж бид сүүлийн гурван жил ярилаа. Эцсийн дүндээ хэлэлцээд баталлаа. Ямартай ч парламент тал бүрээс нь хэлэлцэж, засч сайжруулаад л гаргасан. Харин Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн хориг тавьчихаад байгаа. Энэ хоригийг хэлэлцэж таарна. Нэгэнт ээлжит бус чуулган хуралдах юм бол энэ үеэр асуудлыг хэлэлцээд нэг талдаа гарцгаах ёстой. Нийгэмд үүсээд байгаа эргэлзээнээс нэг мөр гарахгүй бол нөхцөл байдал хүндэрнэ. Жишээ нь, Өршөөлийн хуулийг батална гээд, баталчихлаа гээд баахан хүлээлт үүсгэчихсэн байх жишээтэй. Шоронд хоригдож байгаа хүмүүс ч гэлээ энэ өдрүүдийг сэтгэлзүйн асар хүнд нөхцөлд өнгөрүүлж байгаа. Суллагдах эсэх нь тодорхой болоогүй учраас. Тиймээс хоригийг хүлээж авах юм уу, үгүй юу гэдгийг эртхэн шийдэх хэрэгтэй.
-Ээлжит бус чуулганаар шийдвэрлэсэн гурван асуудлын хоёр нь ингээд тодорхойгүй байдалд орчихсон. Харин Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа. Хэрэгжилт ямар байгаа бол?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталсан явдлыг хамгийн зөв зүйтэй алхам болсон гэж би хувь гишүүнийхээ зүгээс харж байгаа. Монголын эдийн засагт далд, нууцлагдмал хөрөнгө асар их байна. Улсад татвар төлдөггүй, ил тод бизнес хийгээд явах боломж нь эхний гаргасан алдаанаас нь болоод хумигдчихсан хүмүүс олон байдаг. Үүнийг ил болгож, цэгцлэх гэсэн л хууль. Сураг сонсоход Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд компаниуд, аж ахуйн нэгжүүд зарим орлогоо ил болгож эхэлсэн байна. Ийм хуулийг Казахстан улс хэд хэдэн удаа гаргасан байдаг. Тэр бүрт нь эдийжзасагт нь өссөн үзүүлэлт ажиглагдсан гэдэг. Тэгээд ч НӨАТ-ын хуулийг бид батапж гаргасан. Энэ хууль хэрэгжиж эхлэхэд бүх зүйлээ ил тод болгоод гарааны ижил нөхцөлөөс ажиллаж эхлэх хэрэгтэй байгаа юм. Учир нь НӨАТ-ын буцаан олголт явагдсанаар аж ахуйн нэгжүүдээ ард түмэн хянаад явчих боломж бүрдэж байгаа. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд ихээхэн үр дүн гарах байх. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээс их зүйл шалтгаална. Бизнес эрхлэгчид санхүүгийн алдаа дутагдал гаргаж байсан бол 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж бүхнээ ил болгох ёстой. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд ч өөрсдийнхөө асуудлыг цэгцэлж санаачилгыг гартаа аван ажиллах юм бол эргээд улс орны эдийн засагт тустай. Баялаг бүтээгчдэд том боломжийг нээж өгч байгаа хууль гэж ойлгож, хүлээж авах хэрэгтэй.
-Энэ хуулийн үйлчлэл татвар төлөгчдөд шударга бус байдлыг тогтоож байна гэх яриа бий. Тодруулбал, шударгаар татвараа төлж байсан хэсэг нь яах юм гэх мэтээр?
-Татварын өртэй, орлогоо нуун дарагдуулсан аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий. Тиймээс энэ хуулийн хүрээнд татвар төлөгчдөдөө нэг удаа боломж олгоод үүнээс цааш зөв замаар явцгаая гэж байгаа нь үнэхээр зөв. Шүүмжлэлүүд их байна. Шударгаар татвараа төлж байгаа хэсэг нь яах юм гэх мэтээр улстөржиж байгаа тохиолдол ч бий. Гэхдээ шуДарга гэдэг нь харьцангуй ойлголт. Үнэхээр шударгаар татвар төлдөг аж ахуйн нэгжүүд байгаа бол түүнд тохирсон хөнгөлөлтүүд бас л үйлчилж байгаа. Сонгон шалгаруулалтад давуу эрхтэй орно гэх мэтээр. Тэгэхээр бүх зүйлийг харлуулж, үгүйсгэхийн оронд нэг удаа нийтээр нь алдааг нь засч урагшаа харж ажиллах ёстой.
-Хөрөнгөө ил болгосон хүмүүсийг олон нийтэд ил болгох уу. Нэг хэсэг энэ тухай яригдаж байсан?
-Өөрчлөгдөж батлагдсан байх. Ер нь тэр хүн тэдэн төгрөгийг хууль бусаар хадгалж байсан, тийм хэмжээний татварыг төлөлгүй шамшигдуулсан байж гэдгийг олон нийтэд мэдээлэх нь зөв зохистой зүйл биш.
-Хэрвээ хуулийн хугацаанд хууль бус хөрөнгөө ил болгохгүй бол дараа жилээс татварын, санхүүгийн шалгалтууд нэмэгдэх үү. Ил болгоогүй хэсэг нь ямар хариуцлага хүлээх юм?
Ямар нэгэн байдлаар орлогоо дараадсүүлдээ түүнийгээ ил гаргаж чадахгүй, бизнесээ ил тод явуулж чадахгүй болсон компаниудыг л дарамтаас гаргаж байгаа хэрэг. Түүнээс биш хуульд хэд нь хамрагдаж вэ, хэд нь хуулийг хүндлэлгүй үлдсэн байна гээд шалгаж дарамтлаад эхэлнэ гэсэн үг биш. Мэдээж боломж олгож байхад түүнийг ашиглахгүй өнгөрвөл ухаалаг бус хэрэг болох нь ойлгомжтой. Ийм хууль хоног хугацаатай байх ёстой учраас л 2015 оны арванхоёрдугаар сарын 31- ний өдрөөр тогтоож өгчихөөд байгаа юм. Өмнө нь энэ төрлийн хуулийг гаргахдаа хоног хугацааг нь хэтэрхий богино тавьсан учраас зарим аж ахуйн нэгж хамрагдаж чадаагүй байдаг. Тэгэхээр энэ удаа хангалттай хугацаа тавьж өгчихөөд байна. Энэ хугацаанд амжиж хууль бус хөрангөө ил болговол ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй. Ингээд цаашид цагаан түүхтэй явах боломжтой болно. Төрийн өндөр албан тушаалтан хийгээд улс төрийн эрх мэдэлтнүүдэд энэ хууль хамаарахгүй гэдгийг хэльчихье.