Гаалийн онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнийг бууруулах ёстой
УИX -ын гишүүн Ж.Энхбаяр
2015.09.04

Гаалийн онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнийг бууруулах ёстой

УИX -ын  гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Таны хувьд бүлгийн даргынхаа хамтаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, бензин шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардсан албан бичиг явуулсан. Энэ тухай танаас лавлах гэсэн юм?

-Өнөөдөр эдийн засаг туйлын хүнд байна. Бид яавал энэ хүнд байдпаас гарч ард түмэндээ тус болох вэ гэдэг дээр эрэл хайгуул хийж байгаа. Одоогийн энэ нөхцөлд хамгийн бодитой хэрэгжиж, Монгол Улсын гурван сая иргэнд тэгш нөлөөлөх том нөлөөлөл бол шатахууны үнэ гэж харж байгаа. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ гурав дахин буурчихаад байна.

Харин Монголд эсрэгээрээ гурав дахин өндөр байгаа юм. Төр өндөр татвараар өөртөө төсөв бүрдүүлчихээд буцааж хуваарилж байгаа нь бодлогын алдаа гэдгийг бүгд харлаа. Тиймээс татвар хураан авч, буцаан тарааж байхаар дэлхийн зах зээл дээрх бензиний үнэтэй дүйхүйц хэмжээнд буюу гурав дахин үнийг нь буулгаад өгвөл бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, иргэдийн ахуйн амьдралд хамгийн бодитой тус болно. Бүхий л үйлдвэр, үйлчилгээний суурь зардал нь бензин, шатахуун байдаг. Үүнийг бид-өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Харин гаднаас авдаг.

Дэлхийн зах зээл дээрх үнийг бид жишиг болгоод эхэлбэл тариа будаа хураах зардал нь төдий хэмжээгээр багасч буудай, талхны үнэ хямдарна. Бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ буух боломжтой. Автобус, цахилгаан эрчим хүчний зардал багасна. Иргэдийн хувьд үүн шиг томоохон дэмжлэг гэж байхгүй. Дэлхийн зах зээлд гардаг манай уламжлалт бүтээгдэхүүний үнэ унаж агшилт явагдаж байгаа үед бид тэсч гарах нь чухал ОХУ, Монголын гурил хоёр дээр жишээ авч үзье. Оросын гурил өнөөдөр дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулахад гуцав дахин хямд зардлаар бий болж байгаа бол манайд гурил гурав дахин өндөр өртгөөр бий болж байгаа. Ийм нөхцөлд Монголын гурил өрсөлдөж чадах уу. Ганц гурил дээр жишээ авсан болохоос бүхий л салбар дээр ийм байгаа.

Бид нэг талаараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа боловч үндэсний үйлдвэрлэл гэгддэг жижиг дунд болон томоохон бизнес дэлхийтэй өрсөлдөх боломжгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл шатахууны үнэ ийм зөрүүтэй байна. Бизнесийн суурь зардлыг дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр болгочихоор бид өрсөлдөж чадахаа байчихсан. Цөөн үгээр хэлэхэд дэлхийн зах зээлийн үнээр бензин, шатахуунаа ард түмэндээ нийлүүлээд эхэлбэл үүн шиг шударга ажил байхгүй шүү.

-Цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, бензин, шатахууны үнэ буурахгүй иргэд яалт ч үгүй чирэгдэж байна л даа?

-Өнөөдөр нэгэнт цалин тавьж чадахгүй, тэтгэвэр нэмж чадахгүй, төсвийн хөрөнгө оруулалтууд бүрдэхгүй байгаа энэ үед шатахуунаараа бид дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ нь бүх иргэд, аж ахуйн нэгжид хамааралтай болж байгаа юм. Өнөөгийн ийм хүнд нөхцөлд ард түмнээ бодсон хамгийн том бодлого бол шатахууны үнэ дээр анхаарах. Түүнээс биш цалин, тэтгэвэр хичнээн нэмээд ямар ч ашиггүй. Тэгэхгүйгээр төр өндөр татвараа арай хийж хурааж авчихаад араас нь түүнийгээ тараах гэж үйлээ үзэх юм. Энэ бол алтан боломж. Үүнийг ашиглаад зах зээлийн суурь үнэ болсон шатахууны үнээ хямдруулж дэлхийн зах зээлийн үнэтэй тэнцүүлээд . өгвөл бизнесийнхэн маань тэсч үлдэнэ. Үүндээ ч дасан зохицоод эхэлнэ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд дагаад өсч, буух үед нь дагаад буудаг тийм л зарчим руу орох шаардлагатай. Суурь зардлаа хямдруулж өгч байж дэлхийд өрсөлдөнө гэдгээ ойлгох хэрэгтэй. Шатахууны үнэ одоо байгаагаас гурав дахин хямдраад 600 төгрөг болно гээд бодоод үз л дээ.

-Тийм боломж байгаа юм уу. Яаж ч бодсон ерөөсөе санаанд буухгүй байна. Бензин, шатахуун импортлогч компаниуд 100 төгрөгөөр үнээ нэмчихээд 50 төгрөгөөр л буулгадаг шүү дээ. Шатахуун импортлогч нар үнээ тогтоох ёстой гээд хэдхэн хоногийн өмнө албаны хүмүүс нь ярьж байсан?

-Хойшоо хил гараад Наушкид очоод үз. Нэг литр бензин бөөндөө 600 төгрөг гэж байгаа. Жижиглэнгийн үнээрээ нэг литр бензин 800- 900 төгрөг байдаг. Сэлэнгэ аймгийнхан үүнийг аль хэдийнэ мэдчихсэн өөрсдөө саваа бариад хил гараад бензинээ авчихаж байна. Гэтэл Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийд нэг литр бензин 2000 төгрөг гарчихсан байгаа. Ийм нөхцөлд яаж өрсөлдөх юм. Амьдрал хүндэрч байгаа хамгийн том дарамт шатахуун дээр бий болчихдог. Шатахуун чинь өөрөө бүх зүйлийн суурь үнэ байхгүй юу. Засгийн газрын ганц боломж шатахууны үнийг бууруулахад анхаарал хандуулах.

-Засгийн газрын ганц боломж гэхээр татварын асуудлыг л хөндөх байх даа?

-Тэгнэ. Импортоор орж ирж байгаа шатахууны гаалийн онцгой албан татварыгтэглэх хэрэгтэй. Онцгой албан татвар гэдэг маань дахин нугалж авдаг татвар байдаг.

-Манайхан чинь олон жил л нефтийн үйлдвэр барих хэрэгтэй гэж ярьсан. Дараа нь удахгүй нефтийн үйлдвэр барих гэж байна гэж шуугисан. Энэ бүхнээ ажил болгочихвол гарц ойрхон байгаа юм биш үү?

-Үүн дээр бодит байдпыг ойлгох хэрэгтэй. Анхандаа эрэл хайгуулын маягаар туршилтын олборлолт явагддаг байсан бол ноднингоос үйлдвэрлэлийн олборлолт руу орсон. Үйлдвэрлэлийн олборлолтоо явуулаад жилийн хугацаанд нэг сая баррель үндсэндээ Монгол Улсын импортолж байгаа шатахууны 70-80 хувийг хангах бололцооны түүхий нефтийг экспортолж байна. Одоо л харин үйлдвэрлэл барих бололцоо бүрдэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар хамгийн хурдан авч хэрэгжүүлж болох ажил бол онцгой албан татварыг тэглээд явах зам юм. Ядаж л оюутнуудын сургалтын төлбөр, цахилгаан, дулаан, ус, тээвэр гээд хүний амьдралд өдөр тутам нөлөөлдөг бүхий л зардлууд эрс буурна.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ гурав дахин уначихаад байхад гурав дахин өндөр үнэтэй шатахуунаа авч байгаа манай уул уурхайн компани яаж өрсөлдөх юм. Нүүрс үнэтэй болохоос аргагүй шүү дээ. Үндсэндээ ингээд л уул уурхайн компаниуд дампуураад дуусч байна.

-Онцгой албан татварыг тэглэхийг Их хурал дэмжих юм уу?

-Энэ Засгийн газрын асуудал.

-Шатахуун импортлогч- дын төлөөлөл энэ Их хуралд байдаг гэдэг биз дээ. Ер нь бол маш түвэгтэй асуудал болох байх даа?

-Тэр хүмүүс чинь цөөхүүлээ. Үүн дээр л эх оронч санаачилга гаргахгүй бол өнөөдрийн хямралтай энэ нөхцөлд төр татвар хурааж аваад хуваарилах дээрээ алдаа гаргаад байна гэдгийг дахин хэлье. Үүний оронд татвараа авахаа болингуут тараах гэж байгаа мөнгө чинь ард түмэн дээр тэгш хуваарилагдана. Талх, гурил, байрны чинь дулааны зардалд эрс нөлөөлнө. Одоогийн нөхцөлд авах ганц арга хэмжээ энэ.

-Таны хувьд Их хурал тарах ёстой гэдэг байр суурийг өнгөрсөн өвөл илэрхийлж байсан. Өнөөдрийн улс төр болон Их хурлын талаар ярихгүй юу?

-Дахиад хэлье, Их хурал чадавхиа алдсан. Шулуухан хэлэхэд Монгол Улс дампуурчихсан.

-Та л ингэж хэлж байгаа болохоос эдийн засагчид дампуурахад тун ойрхон байна гээд байгаа?

-Аль хэдийнэ дампуурчихсан. Дээр нь нэмээд энэ Их хурал чадавхиа алдсан. Улс төрийн намууд дампуурчихлаа. Улс төрийн гол тулгуур болсон хоёр намын рейтинг түүхэндээ байгаагүйгээр унаж нэг оронтой тоонд орчихсон байна. Одоо 10-аас дээш хувийн дэмжлэгтэй улс төвийн нам манайд байхгүй.  Эдийн засаг, Их хурал, улс  төрийн нам гээд бүх асуудал тартагтаа тулчихсан. Энэ нь юу гэж байна гэхээр манайд системийн хямрал нүүрлэчихлээ гэдгийг хэлээд байгаа юм. Хямрал ч гэж дээ. Одоо бол нуралт явагдаж байна. Үүнийг тогтоох аргагүй.  Тогтоох бололцоогоо бид алдсан. Систем нурж байна. Өвдөлт явагдана. Хүндрэл үүснэ. Ийм нөхцөлд УИХ хариуцлагаа өөр дээрээ хүлээгээд, их хурал тарж байгаагаа ард түмэнд зарлаад тарах ёстой.

-Засгийн газар хэдэн удаа ч солигдож болно. Их хурал бат бөх байх ёстой гэдгийг улстөрчид хэлж байна...

-Их хурал нь ийм дампуу байвал ямар хэрэг байх юм. Муу юмыг тэр дор нь сольж байх хэрэгтэй. Өнөөдөр их хурал нь өөрөө ялзарчихлаа. Ялзарсан гэдгээ Өршөөлийн хуулийг баталж, авлигачдыг өршөөснөөрөө харуулж байна. Дэлхий нийт Монголыг шоолж байгаа.

-Авлига хээл хахуульд холбогдсон 20-30 хүний цаана хоёроос гурван мянган иргэн бүлтийтэл харж байгаа гэдгийг Р.Г ончигдорж дарга ярилцлагадаа дурдсан...

-Р.Гончигдорж гэдэг хүн танай сонинд өгсөн ярилцлагаараа би гэмт хэрэгтэн болчихсон, дарамтад орчихлоо, өршөөгдөх хэрэгтэй байна аа гэдгээ зарлачихсан. Өршөөлийн хууль батлахгүй бол Монгол Улс гэмт хэрэгтний орон боллоо гээд байна. Үнэндээ улс төрийн өндөр албан тушаалтан, цөөн дарга нарын асуудал болохоос ард түмний асуудал биш. Хэрэв дарамтад орсон бол ноён Гончигдорж ажлаа өгөх ёстой. Тэр хүнийг хулгай хийгээд баригдчихсан юм байна гэж ойлгосон. Энэ эрүүл зүйл мөн үү. Хуулийн байгууллага ажлаа хийсэн л байна шүү дээ. Хулгай хийсэн бол баригдах ёстой. Тийм хариуцлагатай хүний амнаас ийм үг гарч байна гэдэг бол ялзарсны шинж. Бүгд нийлж байгаад бүх хэргийг цагаатган өршөөнө гэдэг байж болох зүйл үү. Үүнийг дагаад улс төрийн намууд сөнөж байна. Цаана нь Монгол Улсын хувь заяа яригдаж байгаа. Үндэсний акэулгүй байдал гэж бий. Зөвхөн арьсаа хамгаалсан юм хийж байна л даа. Ийм хүмүүс дуугүй л яваад өгөх хэрэгтэй. Тийм болохоор их хурал тарах ёстой.

-Их хурал тарлаа гээд энэ хүмүүс чинь дахиад л гараад ирнэ дээ?

-Энэ Өршөөлийн хууль явахгүй байх ёстой. Хуулийн байгууллагынхан ажлаа хийх ёстой. 25 жил гэдэг хангалттай. Ард түмэн өнгөрсөн 25 жилээ дүгнэх цаг болсон. Яагаад ч албан тушаал, авлигын хэргийг Өршөөлийн хуулиар өршөөж болохгүй.

-Та  тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа.

•Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал шоронгоос гарах хүн бараг байхгүй гэж байна лээ. ..

-Албан тушаалаа ашиглаж авлига авсан бол үйлийн үрээ эдлэх ёстой. Ялангуяа манайх шиг эдийн засаг нийгмийн шилжилт хийж байгаа ийм цаг үед хууль ёсны байгууллага хатуу, ялын бодлого хатуу байх хэрэгтэй. Хэн дуртай нь ямар ч үнээр хамаагүй орж ирээд, ямар ч үнээр хамаагүй эрх мэдэл аваад нийлж байгаад өршөөдөг байж болохгүй. Ингэхээр төр, хууль ёс, ёс зүй алга болчихдог юм. Цаана нь улс орон алга болдог байхгүй юу. Ард түмэн төрдөө итгэхээ болилоо. Үүний цаана том систем нурж байна.

Заавал ард түмнээ туйлдуулж чулуугаар нүүлгүүлж, амбаардуулж байж явах ёстой юм уу. Юманд хязгаар гэж бий. Эртхэн шиг сонгуулиа зарлаад тарчих шиг сайхан юм алга. Дөрвөн жилийн хугацаанд төрийн эрх барих дээд байгууллага үүргээ гүйцэтгэж чадсангүй. Бид хариуцлагаа хүлээхийн тулд гүйцэтгэх засаглалдаа хариуцлага тооцох ёстой. Одоо бол сайн хүмүүсээ сонгоод, бөөсийг нь түүх цаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Их хурлыг тараах аэуудлыг оруулах бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчийг улс төрийн шийдэл хийх байх гэж харж байна. Тэр хүн үндэсний эв нэгдлийг хангагч, бүх ард түмнээс сойгогдсоны хувьд ийм улс төрийн алхам хийж үзэх хэрэгтэй. Тарах тарахгүйгээ их хурал өөрөө мэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх ёстой.