МАН-ын “оноо” авах уулзалт
Өнгөрсөн долоо хоногт улстөрийн намуудын төлөөлөл МАН-ын санаачилга доо Төрийн ордонд чуулсан.
Уулзсан гол шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль болон Өршөөлийн тухай хуулийг цугласан 18 намуудын төлөөлөл хэлэлцлээ.
Ерөнхийдөө ширүүхэн уур амьсгалд өрнөсөн хуралд оролцож буй УИХ-д суудалгүй намууд ээлжит бус чуулганаар яаран баталсан Өршөөлийн хуульд нилээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах хэрэгтэй хэмээн төрд суудалтай намуудад хандан хэлж байлаа.
Магадгүй уулзалтын ерөнхий дүр зураг өнгөцхөн ийм байлаа. Гэхдээ хамгийн гол шалтгаан чухамд юу байв. Магадгүй МАН-ын найруулсан тоглолт ч гэж хардаж болно.
Анх Шинэчлэлийн засгийн газар огцроод шинээр засаг байгуулагдахад “АН биднийг уриад байна. Тиймээс улс орныхоо эрх ашгийн үүднээс хамтрахаар боллоо” хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байлаа. Гэтэл нөгөө талд хашир туршлагатай улстөрч Ц.Нямдорж “Наадуул чинь та нарыг хулхидуулна даа” гэж сануулсаар байхад зүтгэсээр хамтарсан. Харин одоо хөөгдсөн. Хэл дуу ч байхгүй шууд л гар гэсэн. Магад жирийн иргэд, намын энгийн гишүүдийн зүгээс харахад манай намыг АН хөөчихлөө ёстой муухай гэж харж болох ч намын дээгүүр албан туушаалтнуудын хувьд бол тийм биш.
Өөрөөр хэлбэл одоогийн удирдлагуудын нэр хүнд нилээд унаад байгааг цахим орчинд шуумарч байна. Үүнийг нь мэдсэн юм шиг БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Шинэ үе гараад ирж, улстөрчид л хоцорсон байна. Зайгаа тавьж өгөх хэрэгтэй. МАН, АН-ын зарим нөхөд мөнгө, хөрөнгөтэй болсон бол мөрөөрөө явах хэрэгтэй. Энд бугшаад байгаад байх газар биш.
УИХ-д өвлийн өвгөн аав шуудайтай мөнгө тараадаг юм шиг шуураад байна. УИХ-ын гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийг бага болгох хэрэгтэй. Би баруун аймгуудаар ажиллаад ирлээ. Залуучууд нь тэр чигээрээ ажилгүй. Засаг дарга нар нь найр хийж, сайхан дээл өмсч, том “чулуу” өвөртөлсөн нөхөд байна.
Тэдэнд бодож байгаа юм алга. Бөх барилдана бөөн булхай, морь уралдана бөөн луйвар байна. Түүнийгээ уралдаан тэмцээн гээд нэрлэчихжээ. Сонгуулийг шударга явуулахын төлөө тэмцэхэд МАН юу нь болохгүй байна.
АН-аас юунаас нь айгаад байгаа юм. Биеийн хэмжээг нь харахад хулгана, заан шиг л харагдаж байна. Тэгсэн мөртлөө хулганаас айгаад байх юм” гэж МАН-ын удирдлагуудын нүүрэн дээр дэлсээд авсан. Нөгөөтэйгүүр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ынхан хүлээн авна гэдгээ энэ үеэр мэдэгдэж суудалгүй намуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлээд амжсан.
Гэхдээ гол шийдвэр нь УИХ-ын танхимд гардагаас биш энгийн нэг хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэхгүй. Тодруулбал, 76 гишүүнээс 26 нь хоригийг хүлээн авах кноп дарснаар Ерөнхийлөгчийн хориг хэрэгжих боломж бүрдэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд нийт гишүүдийн тоо 26.
Гэхдээ санал хураах өдөр хэн нэгэн нь өвчтэй, ажилтай байж таараад АН-ынхныг дэмжих гишүүн манай нам дотроос гарах магадлалтайг хашир улстөрч Ц.Нямдорж телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн. Тэгэхээр энэ долоо хоногт улстөрийн ертөнц нилээд халуун болохыг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд нотлож байх шиг байна.