Улс төр ордонд буцалсаар
Маш олон үйл явдал давхцсан долоо хоног боллоо.
2015.09.10

Улс төр ордонд буцалсаар

Энэ долоо хоногт болж өрнөсөн улс төрийн хүрээнд дэх үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Засаг элэг бүтэн боллоо

Найман сараас хойш сунжирсан зургаан сайдын томилгоог УИХ эцэслэснээр яамд удирдлагатай болж, Шийдлийн гэх тодотголтой засгийн газар танхимаа бүрдүүллээ. Шинээр томилогдсон сайдуудаас хамгийн их завгүй ажиллах хүн Сангийн сайд Б.Болор болж байна. Улсын төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 580 тэрбум төгрөгөөр тасарсан, оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ гэх тооцоолол бий.

Харин энэ талаар шинэхэсэн сайд “бүсээ чангалж, зардлаа танахаас эхлүүлнэ” гэж тайлбарлаж байна. Тиймээс 2015 оны төсвийн тодотголыг боловсруулах хүрээнд төрийн албаны хэмжээнд зардлыг бууруулах, царцаах ажиллагаа хийгдэх нь зайлшгүй байгаа. Харин шадар сайдын суудалд заларсан Ц.Оюунбаатарыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс эвсэл Таван хувьсгалаа таван сайдын суудлаар сольсны шалтгаан юу байв” гэдгийг тодруулахыг хичээж, хариулт шаардсаны үр дүнд  Шадар сайд Ц.Оюунбаатар “Сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Тавантолгой, Оюутолгой дээр зөрчил бий, хуулийн ч асуудал бий.

Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх замаар биш, алхам алхмаар урагшлуулах ёстой. Хөрөнгө оруулагч болоод Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой. Сайд болоод 180 градус өөрчилчихнө гэж чадахгүй, Тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэх хариултыг өгсөн.

Харин анхны эмэгтэй Барилга хот байгуулалтын сайдаар ажиллах болсн З.Баянсэлэнгийг шүүмжлэл нилээдгүй дагаж байсан ч журмын нөхөр болох Л.Эрдэнэчимэг нь “З.Баянсэлэнгэ гишүүн бол Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хуульч хүн. Чингэлтэй дүүргийн гэр хороололд амьдарч байгаа нь давуу тал. Зайсанд амьдарч байгаа сайдаас илүү энэ салбарын зовлонг ойлгох хүн. Өөрийн тань өмнө олон эмэгтэй гишүүн сайдаар ажилласан. Барьж авсан ажлаа хийсэн шиг хийдэг юм. Таны очих салбарын дэд сайд нь эмэгтэй, хамтраад олон бүтээн байгуулалтын ажлын үр дүнг үзнэ гэж найдаж байна” хэмээн өмөөрөөд амжсан.

Түүнчлэн “Зурагчин” хочтой М.Зоригтийг Зам тээврийн сайдаар томилох үеэр шүүмжилж,  ширүүн үг хэлэх гишүүн гарсангүй. Харин ч шинэ сайд хамгийн эхний ажлаа яамныхаа бүх сошиал медиаг хааснаар зэрэг томилогдсон бусад сайдуудаас түрүүлсэн алхам боллоо. Ерөнхийд нь сайд томилох үеэр өөр онцын гойд зүйл болсонгүй. МАН-ын бүлгээс С.Эрдэнийг огцруулах хэрэгтэй хэмээн дайрснаас өөр онц зүйл болсонгүй. Ямартай ч засаг бүрдэж ирэх сонгууль хүртэл элэг бүтэн ажиллахаар боллоо.

Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид хариуг нь барив

МАХН 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулсан бүсийн зөвлөлгөөнөө хийж байгаа. Тэгвэл МАХН-ын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөлгөөнөө Баянгол дүүргээс амжилттай эхэлүүлсэн. Зөвлөлгөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ч.Улаан, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, П.Цогтбаатар, З.Батбаяр, Улс төр судлаач Л.Эрдэнэтуул болон намын 200 гаруй гишүүд дэмжигчид оролцсон юм.

Харин энэ үеэр Н.Энхбаяр үг хэлэхдээ “Хэлмэгдүүлэлт бол нэг хүнээс үүдэлтэй, үүнийг зогсоохгүй бол нийт ард түмнийг хамардаг зүйл. МАХН-ыг хэлмэгдүүлэлтийн хувьд хариуцлага хүлээх ёстой нам гэдэг. Тиймээс МАН түүхээсээ айж шинэ нам болсон. Түүхээсээ айж, түүхээ авч явж чадахгүй гэдгээ харуулж Хувьсгалт гэдэг үгтэй нь хамт авч хаяж шинэ нам болсон. МАН цоо шинэ туршлагагүй, бодлогогүй, зорилгогүй нам болсон.

Өнөөдөр ямар үнэт зүйлтэй, юуны төлөө зорьсон нам бэ гэдэг нь тодорхойгүй болсон гуйж ордог, хөөгдөж гардаг нам болсон гэдэгтэй санал нэг байна. Уг нь МАН мундаг нам байсан. .......... МАХН, мөн намайг Монгол Улсын Үндсэн хуулийг хэд хэдэн заалтыг санаатайгаар зөрчин хэлмэгдүүлсэн. жишээлбэл, Үндсэн хуулийн 16.9, 16.13 гэх мэтчилэн заалтуудыг санаатайгаар зөрчсөн нь хэн ч харсан ойлгомжтой.

Намайг анхнаасаа шалгаж эхлэхдээ л хууль зөрчиж хэлмэгдүүлсэн. Ганц би ч биш манай намын гишүүд дэмжигчид, тэр дундаа З.Баянсэлэнгэ олон удаа хэлмэгдсэн. Бүр хоригдсон. Хэлмэгдүүлэлтийг бид биеэрээ үзсэн болохоор дахин хэнд ч энэ аймшиг тохиолдох ёсгүй. Энэ бүхний захиалагч нь Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдэж нилээдгүй шуугиан тарьсан.

Магадгүй Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн эсрэг хариу барьж байгаа үйлдэл хэмээн хэвлэлийнхэн үзэж байна. Үүнээс өмнө тэрээр Эрдэнэтэд болсон намынхаа хурлын үеэр үүнтэй төстэй мэдэгдэл хийгээд амжсан билээ.

М.Батчимэг  гишүүний туслах эх орноосоо урвасан уу

Энэ долоо хоногийн хамгийн шуугиан тарьсан мэдээлэл бол яах аргагүй эх орноосоо урвасан гэх М.Батчимэг гишүүний туслах Тайваний тагнуул гэх мэдээлэл. Нэг талдаа зохион байгуулалттай гэж хардаж болохоор тус хэрэг маш хурдацтай олон нийтэд хүрч, шүүхийн шийдвэр ч хурдан гарснаар олны төвд орсон. Харин туслахынхаа талаар М.Батчимэг маш яаралтай мэдэгдэл хийж МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт хүртэл ороод амжсан. Тэрээр ярихдаа “ Хэргийн гол асуудал бол шүүх хяналтын байгууллагаараа явна. Үнэн мөнийг нь тогтоочихно. Би шүүх хяналтын байгууллагад итгэж байгаа. 

Харин хоёр дахь асуудал бол тусдаа асуудал. Би өөрөө судлаач хүн тодорхой хэмжээнд анализ хийх чадвар байна. Жилийн жилд сонгууль дөхөөд, улс төр хурцдаад ирэхээр Хятадын тагнуулууд төрөөд эхэлдэг.

Миний санаж байгаагаар Ц.Нямдорж гишүүнийг Хятадын тагнуул, Н.Багабанди Ерөнхийлөгчийг Тайваниас баахан мөнгө авсан гэдэг,П.Очирбат гуайг бас Хятадын тагнуул гэж баахан шуугисан. Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг Хятадын тагнуул гэж цоллосон. Монголчуудын үндэсний үзэл дээр тоглож улс төр хийдэг бол улс орноо бодохгүй байгаа хамгийн болхи бүдүүлэг улс төр.

Түүнчлэн хөрш орнуудтайгаа дайсагналцах, харилцаа, итгэлцэл муутгах зам руу явуулж байгаа буруу арга зам. Гадныхныг үзэн ядсан, гадаадад байсан хүмүүсийг тухайн оронтой нь холбож цоллох гэсэн зүйл бол явуургүй, хортой зүйл” хэмээн хэлсэн. Ерөнхийдөө нууцын зэрэглэлтэй хэрэг гэнэт бүх телевиз, сайтуудаар задарсан зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж хэлж болохоор юм. Мэдээж үүний ард маш олон зүйл нуугдаж байгаа ч Сонгууль дөхөөд ирэхээр бусдын нэр хүнд рүү эрээ цээргүй давшилж, бусдыг хохироодог үйл явдлууд энэ удаа ч гэсэн давтагдах бололтой. М.Батчимэг ирэх сонгууль Орхон аймгаас нэр дэвших нь тодорхой болоод байсан билээ.