Шинэ сайд хэнд уурлав
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт зарлан хуралдуулж хэлэлцэх ёстой хоёр асуудлынхаа нэгийг нь шийдэж Засгийн газрын танхимаа элэг бүтэн болгосон.
Харин нөгөө асуудал нь нийгэмд нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн тухай хуулинд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр З.Баянсэлэнгэ гишүүн болон Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нарын хооронд нилээдгүй маргалдаан гарлаа.
Гэхдээ хоорондын маргаан гэхээс илүүтэйгээр шинэ сайдын дайралтаар өндөрлөсөн гэхэд болно. Тодруулбал З.Баясэлэнгэ гишүүн нилээд бухимдуу “Үнэндээ Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ.
Эдгээр хүмүүсээ зарла. Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу” гэв.
Учир нь АН болон МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг дэмжих нь зүйтэй хэмээн бүлгүүд дээрээ дэмжсэн бөгөөд үүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бухимдаж байгаа нь хуралдааны үеэр илт байлаа.
Магадгүй түүний хэлсэн үгэнд Ерөнхийлөгчийн зөвлөх эгдүүцсэн ч байж болох юм. Тэрээр асуултад нь хариулах үеэрээ “Хөнгөн, хүнд, онц ноцтой гэмт хэрэг, авлигын хэрэг энэ бүгдийг нэг уутанд хийж, өршөөл үзүүлэхээр заасан нь бэрхшээлтэй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавихдаа зүйл заалт бүрээр нэг бүрчлэн тасалж тавьсан. Бичиг үсэг тайлагдсан хүнд ойлгомжтой” хэмээн хариулж дууссангуут З.Баянсэлэнгэ гишүүн микрофонгүйгээр “Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Зайл. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Чи бүлгийн хуралдаанд ирдэггүйн байж. Ийм нөхдүүдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Ч.Өнөрбаяр зөвлөхийн үгийг албаар эсвэл санаандгүй хэлсэн үү гэдгийг нь мэдэхгүй ч тав хоногийн завсарлаг авснаар хуралдаан дуусаж ээлжит бус чуулган ирэх мягмар гариг руу сунжирлаа.