Хаврын чуулганы гол "сенсаци"
Улс төрчид эхнээсээ нэг нэгээрээ эдийн засаг, бизнес, нийгмийн хямралын бүхий л гол зангилааг төрийн тогтолцоонд байна гэдгийг шинжээч судлаачид, бизнесийнхний тусламжтайгаар ойлгож ухаарч, хүлээн зөвшөөрөв.
Монголын эдийн засгийн чуулганы үеэр энэ бүхэн тодорхой болж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөх чиглэлээр ажиллах болсноо илэрхийллээ.
М.Батчимэг: Ардчиллаас буцаж болохгүй
УИХ-ын гишүүн М.Батчимэг нь 1991 - 1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургууль Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр төгссөн. 1995 - 2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, 2005 - 2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008 - 2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009 - 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
М.Батчимэг гишүүний байр суурийг хүргэж байна.
1992 онд Үндсэн хууль батлагдаад өнөөг хүртэлх хугацаанд ерөөсөө төрийн тогтолцоонд асуудалтай байгааг харлаа.
Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох гүйцэтгэх ялангуяа засаглалын хоорондын харилцаа тэнцвэртэй биш байдгаас болоод хариуцлагын тогтолцоо маш ойлгомжгүй болсон. Дээрээс нь төрийн албаны задрал нь маш ноцтой бөгөөд мэргэжлийн бус хүмүүсээр төрийн алба дүүрсэн нь олон асуудлыг үүсгэж байна.
Тэр битгий хэл 2012 оны сонгуулийн дараа томилогдсон хүмүүс нь өнөөдөр салбартаа байхгүй бөгөөд халаа сэлгээ маш богино настай болсныг харуулна. Төрийн албаны хүний нөөцийн тогтолцоо төрөөс өөрөөс нь холдоод задарчихсан гэж ойлгож болно. Тиймээс энэ оношуудыг зөв тавих ёстой.
Тэрнээс биш нэг удаагийн бодлогын алдаа гэж дүгнэхэд хэцүү. Бид үнэхээр дэлхийн эдийн засгийн гайхамшиг болж байгаа, улс төр эдийн засагчдын сэтгэлийг булааж байгаа Зүүн азийн орнуудын хурдтай өсөлтийг жишээ татах дуртай. Гэхдээ тэдгээр хөгжил улс төрийн хувьд тогтвортой, нэг нам давамгайлсан, ардчилсан биш тогтолцооны үед хөгжлийн сууриа тавьсан байдаг. Харин манай улс бол олон намын системтэй, ардчилсан улс. Тэгэхээр тэд нар шиг хөгжинө гээд ардчиллаас буцаж болохгүй. Бид шийдлээ зөв харах хэрэгтэй.
Өнгөрсөн оны Улсын их хурлын намрын чуулганаар их хуралд суудалтай намууд Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөх үеэр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хариуцлагын эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэргүй оновчгүй байгаа байдлыг залруулах тухай ярилцаж, 2015 онд парламентийн засаглалаа сонгодог болгохын тулд Үндсэн хуулиндаа шаардлагатай өөрчлөлтийг хийхээр тохирсон.
Энэ өөрчлөлт нь бусад ардчилсан орнуудад байдаггүй гажуудлыг өөрчлөхөд чиглэсэн бөгөөд УИХ-аас Засгийн газрын сайд нарыг томилдог асуудлыг өөрчлөх явдал юм.
Бусад орнууд ерөнхий сайдаа томилоод, ерөнхий сайд нь бүтцээ томилдог кабинетын зарчимтай. Ингэснээр ерөнхий сайдтай хариуцлага тооцох боломж нээгддэг. Төрөө засах тухай ярихгүйгээр, зам засах тухай ярьж болохгүй.
2012 оны АН-ын мөрийн хөтөлбөрт Төрийн албаны тухай хуулийг санаачилсан ч өргөн баригдаагүй байгаа.
Засгийн газрын бүтцийн хуультай болмоор байгаа юм. Олон оронд байдаг. Бид өнөөдөр сонгуулиас сонгуулийн хооронд яамныхаа тоог бужигнуулж төрийн ой санамж бүрдэхгүй байсаар, төрийн мэргэшсэн боловсон хүчин төлөвшөөд бодлогыг тогтвортойгоор аваад явах боломжийг ерөөсөө олгохгүй байна.
Тэр битгий хэл төрийн албаны тухай хуулинд байгаа нэг хийдэл нь төрийн агентлагийн нэрэнд нэг үг нэмж оруулаад бүтцийн өөрчлөлт хийсэн нэрээр агентлагийн албан хаагчдыг хуу хамж солих цоорхойтой.
Тэгэхээр бид засгийн газрын бүтцээ хуулиар тогтворжуулаад, их хурлын ¾-аар үйлчилдэг хатуу хуультай болох хэрэгтэй.
Ингэхгүй бол жил болгон яамны сайд өөрчлөгдөөд сайдаа таниагүй байтал ахиад өөрчлөгддөг байдал төрийг хямраана. Төрийн механизм уналтад орчихоод төрийн систем чадахаа болингуут нам хийгээд эхэлчихдэг. Нам уг нь бодлогоороо уралдах ёстой атал бялуу хуваагч болчихдог.
Тиймээс юун түрүүнд намууд болон улс төрчид ойлголцолд хүрч, улс төрийн хүсэл эрмэлзлэл гаргаж Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Намуудад улс төрийн хүсэл эрмэлзлэл их дутагдах болов уу гэж эмээж байна.
П.Очирбат: Үндсэн хуулийг улс төрийн нам, гишүүд нь зөрчөөд байна
Монгол улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат нь Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байна. П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан. Анхны үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг билээ.
Бид Үндсэн хуульд дур зоргын өөрчлөлт хийхийн хор холбогдлыг 14 жил үзэв. Өөрөөр хэлбэл Монгол улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг 14 жил зөрчив. Үндсэн хуулийг хэн зөрчдөг юм гэхээр хоёрхон субьект зөрчдөг юм.
Нэг нь УИХ өөрөө, нөгөө нь улстөрийн нам. Түүнээс биш Монголын ард түмэн тэр болгон зөрчөөд байсан юм бүртгэгдээгүй, зүгээр ажиглагдсан юм бий. Үндсэн хуулийн зөрчил гэнэ үү, хямрал гэнэ үү, үүсч байгаа бол гол нь хуулиа зөрчөөд байгаад юм.
Үндсэн хуулийн доторх мөн чанарыг бүрэн гаргаж ашиглах талаар өөдтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Уг нь Үндсэн хууль бараг айл бүрт байж байх ёстой судар гэж ойлгож болмоор санагддаг. Гэтэл УИХ-ын ээлжлээд байдаг 76-нуудад ч байхгүй, мэддэггүй.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр тогтоол эцсийнх байна, тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно. Үүнийг 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан. Тэр хуулийг Үндсэн хуулийн Цэц дүгнэлт, дараа нь тогтоол гаргаад хүчингүйд тооцсон.
Тэр өдрөөс хойш Үндсэн хуулийн 7 нэмэлт өөрчлөлт үйлчлэх ёсгүй ч одоо хүртэл үйлчилж байгаа. Хэрэв Үндсэн хуулийн хямрал гэж юм хэлье гэвэл 1999 онд оруулсан өөрчлөлт бол Үндсэн хуулийн хямралыг 14 жил дагуулж яваа.
Ерөнхий сайдыг томилуулах саналыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлэхээр Үндсэн хуульд заасан. Би ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа Энхсайханыг Ерөнхий сайд болгох асуудлыг УИХ-д оруулсан юм. Өмнө нь намтай нь зөвшилцөж байгаад, Жасрайг Ерөнхий сайд болгох асуудлыг УИХ-д оруулж байсан.
Намуудтай зөвшилцөх тэр үед МАХН олонхи болчихсон байсан юм. Тэр намтай зөвшилцлийг 2 шаттай хийгээд Уудирдах Зөвлөлтэй нь ярихад тэд нар шийдэж мэдэхгүй гэсэн. Тэр үед намын Бүгд хурал гэж байсан. Бүгд хурлын гишүүдийг ордонд авч ирж суулгаж байгаад үндсэндээ тулгасан. Сонгуульд ялсан намын саналын эсрэг юм хийгээд хэрэггүй гээд тэр намын нэр дэвшүүлсэн хүнийг УИХ-д өргөн барьж Ерөнхий сайдаар томилуулж байсан юм.
Одоо юу гэнэ вэ, намын бүлгүүд, фракцууд энэ тэр гээд бөөн юмнуудаар явуулаад л намын байгууллагын үйл ажиллагаа, Үндсэн хуулийн дээр гарчихсан байх шиг.
Намуудтай зөвшилцөх ажлыг Ерөнхийлөгч биш УИХ-ын дарга өөрөө хийж өнөө санал авсан хүнээ хөтлөөд намуудтай зөвшилцөхөөр явж байгаа. Ийм юм Үндсэн хуульд байхгүй.
Тэгэхээр төрийн хямралын шинжийг агуулж байгаа энэ бүхэн чинь Үндсэн хуулийн буруу биш. Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа нь УИХ, намуудын үйл ажиллагааны алдаа. Тэгэхээр үүнийг зогсоох хэрэгтэй.
Эвдрээгүй юмыг засдаггүй юмаа гэж барууныхан хэлдэг. Монголчууд бол эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг, эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг гэж хэлдэг юм. Тийм учраас үүнд гоомой хандаж болохгүй.
Эвдсэн гэж үзэн өөрснөө тохируулгыг нь алдагдуулж гажуулчихаад, үүнийг Үндсэн хуулийн эвдрэл гэж үзэж таарахгүй. Бид өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал ярихдаа юунаас эхлэх вэ гэвэл Үндсэн хууль зөрчөөд 14 жил зөрчил нь хэвээрээ үргэлжилж байгаа 7 өөрчлөлт шинэчлэлтийг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг мөрдөх хэрэгтэй. Шинээр хүчингүй болгох тухай асуудал биш.
С.Баярцогт: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1996 - 1999 онд Монголын Социал Демократ намын дэд дарга, 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 2000 - 2004 онд "Товхонхан" ХХКомпаний зөвлөх, 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч, 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2004 - 2008 онд,УИХ-ын гишүүн 2008 - 2012 онд, Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос, Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 - 2013 онд, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2012 оноос Монголын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, 2014 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.
С.Баярцогт гишүүний байр суурийг хүргэж байна.
Ардчилсан нийгэмд байгаа хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлнэ. Би улс төрийн намууд, тэдгээрийн төлөвшил, санхүүжилтийн асуудлыг түлхүү судладгийн хувьд нотолгоотой зүйлийг л ярина.
Би байр сууриа өөрчлөхгүй. УИХ дээр ҮХ-ийн өөрчлөлтийг хийх ажлын хэсгийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 1992 оны Үндсэн хуулийг батласан долоон гишүүн дээр С.Оюун, Н.Батцэрэг зэрэг гишүүд нэмэгдэж орсон.
Өнгөрсөн намрын чуулган эхлэх үеэр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулаад ҮХ өөрчлөх шаардлагатай эсэхийг томоохон судлагаа хийсэн. Тэгээд ҮХ өөрчлөх шаардлагтай юм байна, парламентийн засаглалаа илүү төгөлдөржүүлээд, ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдэлдээ илүү их эрх мэдэлтэй болж, гүйцэтгэх засаглалаа сайн явуулах хэрэгтэй юм байна гэдэг нь харагдсан.
Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой юм байна. Ерөнхийлөгч бол хууль тогтоох үйл ажиллагаанд зөвхөн хориг тавих хэлбэрээр оролцох ёстой бөгөөд парламент тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг татвар, төсвийн хуулиуд дээр эргэж харах ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын асуудлыг эргэж харах ёстой. 4 жилд нэг удаа сонууль хийх ёстой.
Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой юм байна.
Одоогийн байдлаар Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулийн төслүүд бэлэн болсон. Ерөнхийлөгчтэй санал солилцоод УИХ өргөн барих эсэхээ ярилцаж байна.
Улс төрийн намын санхүүжилтийн хувьд үндсэндээ 80 тхувийг төрөөс өгдөг болгоё гэж ярьж байгаа. 80 хувь нь бодлогын санхүүжилт. Ингэж чадвал бодлогын өрсөлдөөн явуулж, хувь хүн, намаас хараат бус болно.
О.Бум-Ялагч: УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн байхыг хориглох хэрэгтэй
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчийн байр суурийг хүргэж байна.
Мэргэжил: Биофизикч, Аялал жуулчлалын менежер Ажилласан жил: 15 жил Туршлага: 2000, 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, 2006 онд ЧД-ийн орон нутгийн сонгууль, 2009 онд СБД-ийн орон нутгийн сонгууль, 2012 онд УИХ-ын сонгуульд Монголын ногоон намын жагсаалтад нэгдүгээрт бичигдсэн.
Бидний зүгээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг нь дордсон долоон өөрчлөлтийг буцаая гэсэн санаа. Өмнө нь Үндсэн хуулийн 29-р зүйлд өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болох бололцоог нээж өгч, өнөөгийн “давхар дээлтнүүд” бий болсон.
Яагаад гэвэл тухайн үед АН манайд сайд болох хүн алга учраас их хурлын гишүүдээс сайдыг томильё гээд өөрчлөлт оруулж байсан.
Үндсэн хуулийн цэц 2000 оны 11 сард хуралдаад энэ долоон өөрчлөлт ҮХ-ийг зөрчиж байна гээд №2 тогтоол гаргаж буцаасан. Гэтэл тухайн үед МАХН ихэнхи суудал авчихсан ёстой л бяр нь амтагдаж байсан учир цэцийн шийдвэрийг хүлээж аваад 7 өөрчлөлтийг буцаасан. Тэгсэн хэрнээ долоон өөрчлөлтөө үг үсэг алдахгүй дахин батласан.
Шийдвэрээ уншаад алх цохилгүй батласан. Тэр үед Энэбиш гуайн албан бланкан дээр бичээд ҮХ-ийн цэцэд албан мэдээ явуулсан. Тэрийг нь өнөөдөр хүртэл дагаж мөрдөж байгаа.
Гэтэл ҮХ-ийн цэцийн дарга П.Очирбат гуай ҮХ-ийг зөрчиж байгаа ганцхан газар бол УИХ, үе үеийн засгийн газар гэдгийг хэлсэн. Өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч дордсон долоон өөрчлөлтийг буцаая гэж байгаа. УИХ хуралдаж буцаах ёстой. Тогтоол гаргах ёстой. Ингэвэл 1992 оны хууль хүчинтэй болж УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн байхыг хориглоно.
Одоо ҮХ-д өөрчлөлт оруулах бол бүх ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Яагаад гэвэл ҮХ гэдэг бол ард түмэн, төр засгийн хооронд байгуулсан гэрээ. Бүх хүмүүсийн хороондоо байгуулсан тоглоомын дүрэм. Хүн бүр оролцох эрхтэй.
Б.Лхагважав: Үндсэн хуулийг өөрчлөх гэж байвал яагаад Ард түмнээс асуухгүй байгаа юм бэ
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав “Урбанек” компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч. “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүнээр ажилладаг байсан. 2001 оноос хойш JCI байгууллагатай амьдралаа холбосон ба 2005 онд салбар байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 2009-2012 оны хооронд Монголын Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв. 2012 онд тэрбээр JCI байгууллагын сенаторын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад 2014 оноос МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Б.Лхагважавын байр суурийг хүргэж байна.
Засаглалын асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг индэр дээр суусан хэдэн хүн шийдчихдэг юм биш. Ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байвал ард түмнээс асуух ёстой. Ард түмнээс яагаад асуухгүй байгаа юм бэ.
Ард түмнээс санал асуулга авах хууль нь Үндсэн хуулинд заалт байгаа. Үндсэн хууль руу орохоор төрийн байгууламж л ярих юм. Орон нутгийн сонгуульд нам орохыг хориглох ёстой. Орон нутгийн захиргаа намд дарлуулсан гэдгийг бүгд мэдэж байгаа.