Давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2015.03.03/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцлоо.
Байнгын хорооны дарга А.Бакей хийсэн мэдээлэлдээ, тус байнгын хороо УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаархуулийн төсөл 124, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 26, Байнгын хорооны тогтоол 4, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 13-ыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн эдгээр асуудлаар Байнгын хорооны 30 санал, дүгнэлт, 5 танилцуулгагаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн тус байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд нийт 20 хууль /бие даасан-2, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай-14, хууль хүчингүйд тооцох тухай-2/, Улсын Их Хурлын тогтоолын 24 төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан талаар танилцуулав.
Намрын чуулганы хугацаанд улс орны улс төрийн нөхцөл байдал амар байгаагүй. Засгийн газрын зарим гишүүн болон Ерөнхий сайдыг огцруулах асуудал удаа дараа тавигдаж байсныг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдаад шийдлийн Засгийн газрыг УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран байгуулсныг онцлов. Мөн Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороотойт хамтран хийж батлууллаа.
Энэ хуулиар монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа болохыг заасан. Түүнчлэн “монгол хэл, бичиг” гэсэн ойлголтод монгол хэл, кирил олон үндэсний бичгийг ойлгохоор тусгаж, бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэхээр заасныг дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолд 33 төслийг нэр зааж батлуулсан талаар танилцуулсан юм.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг тус тус боловсруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хяналтын тухай болон Нийтийн сонсголын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 11 ажлын хэсэг гаргаж ажиллуулснаас тайлант хугацаанд 7 ажлын хэсэг 11 удаа хуралджээ.
Энэ хугацаанд байнгын хорооноос 7 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон хуулийн төслийн талаар иргэд, олон нийт, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авсан байна. Тухайлбал, Хяналтын тухай хуулийн төслийн талаар зарим аймаг, сум болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран хэлэлцүүлэг хийж, 400 гаруй санал хүлээн авч төсөлд тусгахаар ажиллаж байгаа аж. Мөн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар “Нээлттэй нийгэм форум” нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг ажлын хэсэг болон Байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн байна.
Түүнчлэн Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтарч “Нутгийн удирдлагын цаашдын хандлагыг зөв тодорхойлох нь”, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн асуудлаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Мянганы хөгжлийн институтийн шинжээчдийн багтай хамтран “Макро эдийн засгийн Т21 загвар”-ын талаар, Монголын хотуудын холбоотой хамтарч “Хотын захирагч-2014”хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Намрын чуулганы хугацаанд байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 196 албан бичиг, 6 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгсний зэрэгцээ бусад байгууллагад 116 албан бичиг явуулсан байна.
Тус байнгын хороо УИХ-ын 2014 намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж танилцахаар төлөвлөж байгааг байнгын хорооны дарга энэ үеэр хэллээ. Тухайлахад, байнгын хорооны ажлын хэсэг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, уг хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах юм байна.
Түүнчлэн Нийтийн сонсголын тухай хуулийн тухай, Хяналтын тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг иргэдийн саналыг авч төсөлд тусгахад голлон анхаарах бол боловсруулах шатандаа байгаа Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг зарим томоохон хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Байнгын хорооны гишүүдэнэ хугацаанд батлагдсан хууль, УИХ-ын шийдвэрийг иргэдэд танилцуулжсурталчлах, иргэдээс УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар санал авахаар нийслэл болон орон нутагт ажиллах юм байна.
Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.