Сайд С.Баярцогтыг огцруулах төсөл мэдүүлнэ
2015.09.04

Сайд С.Баярцогтыг огцруулах төсөл мэдүүлнэ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.

-Та С.Баярцогт сайдыг ямар үндэслэлээр огцруулах шаардлага тавьж байгаа юм бэ?

-Хэд, хэдэн үндэслэл бий. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх гомдол асар их ирсэн. Эхний удаад 40 иргэний гомдол ирсэн. Энэ асуудлыг байнгын хорооны төвшинд судлаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт руу шилжүүлж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Ажлаас чөлөөлөхдөө хууль бус үндэслэл гаргажээ, түүнийг нь хуульд нийцүүлж засна уу гэж...

Хоёрт, төрийн албанаасаа чөлөөлөгдсөн иргэдийн хувьд цалингаа дутуу авах зэргээр хохирсон зүйлүүд бий. Тиймээс хохиролгүй болгох ёстой, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэдгийг мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад илгээсэн албан бичигт тодотгосон байдаг. Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд эдгээр асуудлыг хуульд нийцүүлэхийг хүссэн. Гэтэл өнөөг хүртэл хариу ч өгөөгүй, таг болсон. Хуульд зааснаар ийм асуудалд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой.

Дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хуулиараа хүний нөөцийн бодлого хариуцдаг, энэ утгаар нь асуудлыг тавьсан.

Гуравт, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн.

-Ёс зүйн хариуцлага гэдгийг тодруулбал?

-С.Баярцогт сайд өмнө нь оффшор дансаа нуусан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байсан. Уг нь бол УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой л доо. Гэхдээ сэлэнгэчүүдийн сонголтыг хүндэтгэсэн хэрэг.

Түүнийг УИХ-ын дэд даргынх нь албанаас огцруулсан нь дахин албан тушаалд томилогдохгүй байх ёстой гэсэн зарчим барьж гаргасан шийдвэр. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болж албан тушаалтай болсон. Үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээх ёстой юм.

-Төслөө та хэзээ өргөн мэдүүлэх юм бэ?

-Өгөх гэхээр УИХ-ын дарга гадаадад, дэд дарга Р.Гончигдорж олдохгүй байна. Сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх сураг дуулдаж байна, тэр үеэр л дэд даргад огцруулах төслөө өргөн мэдүүлнэ.

-Огцруулах төслийг та ганцаараа санаачилсан уу. Бусад гишүүд дэмжиж байгаа юу?

-Тийм ээ, ганцаараа. Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах бол 19-ээс доошгүй гишүүн дэмжих ёстой гэдэг бол танхимын сайдыг огцруулах асуудлыг нэг гишүүн ч санаачилж болдог. Хуулийн хүрээнд боломжтой асуудал.