Эрхээ хасуулсан жолооч нар шалгалт өгч байж үнэмлэхээ авна
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн чиглэл өгсөн.
Комиссын хуралдааны дараа тус комиссын нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн” хэмээн хэлсэн.
Үүнтэй холбоотойгоор олон нийт жолоо барих эрхээ хасуулсан бол шууд өршөөлд хамрагдан эрх нь сэргэж байгаа гэсэн ойлголттой болоод байгаа.
Гэвч энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Эрх шууд сэргээхгүй, хугацаанаас өмнө шалгалтад орох эрх нь нээгдэж, хугацаанаас чөлөөлж байна гэдэг нь зөв ойлголт. Журам гарсны дараа журамд захируулаад эрх сэргээх ажиллагааг цагдаагийн байгууллага хийнэ” гэсэн тайлбарыг өгчээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө буюу хууль хэрэгжиж эхлэх болсон өдрөөс өмнө эрхээ хасуулсан хүмүүс шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх юм байна.