Засаг унах нөхцөл бүрдсэн ч сонгууль болоход хоёрын хооронд богино хугацаа үлдсэн
2016.05.06

Засаг унах нөхцөл бүрдсэн ч сонгууль болоход хоёрын хооронд богино хугацаа үлдсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуульд гар хүрэх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү асуудал ямар шатандаа явна вэ? 

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх Ажлын хэсгийнхэн өчигдөр /уржигдар/ хуралдсан. 

-Тэд ямар дүгнэлтэд хүрэв?

-Ажлын хэсгийнхэн зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэх санал дээр зарчмын хувьд нэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэд нэгдсэн нэг ойлголттой болсон гэсэн үг. 

-Тэгэхээр өнөө, маргаашгүй Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох нь ээ?

-Тийм ээ, бүлгүүдээр хагалуулах ганц л зүйл бий. Тэр нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж 26 тойрог 76 мандаттай уу, эсвэл 76 тойрог 76 мандаттай байх уу гэдэгт бүлгүүд байр сууриа нэгтгэж, улс төрийн шийдлээ гаргах учиртай.
Хэрэв энэхүү шийдвэр гарвал цааш нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал өнөө, маргаашдаа дуусах бүрэн боломжтой гэж ойлгож болно.

-Танай намын бүлэг өчигдөр /уржигдар/ хуралдсан шүү дээ. Бүлгийн гишүүд байр сууриа хэдийнэ нэгтгэчихсэн үү?

-Бид асуудлыг маш хурдан шийдэж, сонгуулийг хуулийн хугацаанд явуулах хэрэгтэй гэж үзсэн. Ингэхдээ ямар нэгэн будлиангүй, шударга явуулах тал дээр хуулийг тодорхой болгох, нэг мөр ойлголттой болж асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй гэдэгт санал нийлсэн. Өөрөөр хэлбэл, үүнд бүлгийн гишүүд нэг байр суурьтай байгаа гэсэн үг. Гагцхүү АН-ын бүлгийг хуралдаж, шийдэлд хүрэхийг нь л хүлээж байна даа.

-Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацааг хойшлуулах асуудлыг ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Энэ боломжтой юу? 

-Энэ сарын 5-наас буюу өнөөдрөөс /өчигдрөөс/ УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодрох ёстой. Ийм ч хуулийн хугацаатай. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан шүү дээ. Үүнтэй холбогдуулж Сонгуулийн тухай хуулийн холбогдох зарим зүйлийг өөрчлөх шаардлага гарч байгаа. Энэ ч утгаараа нэр дэвшигчдийн нэрийг зарлах хугацааг хойшлуулах үндэслэл болж байгаа юм. 

-Тэгэхээр сонгуулийг товлосон хугацаанд нь явуулж амжихгүй юм биш биз дээ? 

-Нэр дэвших хугацааг хойшлуулж байгаа нь сонгуулийг хугацаандаа явуулахгүй, хойшлуулах шалтаг, шалтгаан болохгүй. 

-Үнэхээр хугацаандаа амжина гэж үү?

-Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар тавдугаар сарын 31-ны өдөр улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж байсан. Улмаар зургаадугаар сарын 8-нд сонгуулийн сурталчилгааг эхлүүлж байлаа. 
Ердөө долоохон хоногийн дотор шүү дээ. Одоо энэ сардаа багтааж нэр дэвшигчдээ тодруулж, зургаадугаар сарын 11-нд сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэх боломжтой. Ийм бололцоотой болохоор цаг хугацааны хувьд нэг их зөрчил гарахгүй. Тэгээд ч сонгууль хугацаандаа болох ёстой. Харин нэр дэвшигчдийг тодруулах асуудал зайлшгүй Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдож хойшлуулахаас өөр аргагүй болж байгаа юм. 

-Ингэхэд Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр гишүүн МАХН-аас гарч МАН-д элсэх асуудал яригдаж байна. Харин намын гишүүд хэрхэн хүлээн авч байна вэ? 

-УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-даа эргэж гишүүнчлэлээ сэргээж орох асуудал яригдаж байгаа нь үнэн. МАН, МАХН эвсэж сонгуульд орох, нэгдэх асуудлыг өнгөрсөн хугацаанд нэлээн хүчтэй ярилаа. 
Манай намаас Ч.Хүрэлбаатар, МАХН-аас Ч.Улаан гишүүн Ажлын хэсгийг ахалсан. Тэр үед яригдаж байсан яриа, тохиролцоо болон гарын үсэг зурсан санамж бичгийг та бүхэн мэдэж байгаа байх.

-Үнэнийг хэлэхэд, яг ямар тохироо байсан юм бэ?

-Хоёр нам эвсэж сонгуульд оролцсон тохиолдолд УИХ-ын 76 суудлын 25 мандат буюу 34 хувийг нь МАХН-д, үлдсэн хувийг нь манай намаас нэр дэврүүлнэ гэж ярьсан байсан. Хэрэв парламентын сонгуулийн үр дүнд олонхи болсон тохиолдолд аль нэг намын дарга нь УИХ-ын дарга, нөгөө нь зөрж Ерөнхий сайд болно гэх тохиролцоо хийсэн байлаа. 

-Гэхдээ та нарыг хэлж, ярьсан зүйлээсээ буцсан гэдэг шүү дээ?

-Үгүй. Энэхүү тохирооноосоо МАХН-ынхан буцсан. 

-Тийм гэж үү?

-Тийм ээ, үүнд Ажлын хэсэг ахалсан хүний хувьд Ч.Улаан гишүүн нэлээн сэтгэл дундуур үлдсэн юм билээ. Хоёр нам нэгддэггүй юм гэхэд эвсэж сонгуульд оролцуулах, үүний цаана хоёр намын эрх ашиг бус бүхэл бүтэн Монгол Улсын эрх ашиг гэж бодож байсан. 
Гэвч энэхүү яриа хэлэлцээр маань бүтэлгүйтсэн. Үүнд үнэхээр сэтгэл дундуур байгаагаа Ажлын хэсгийнхэн тухайн үед илэрхийлсэн удаатай. Үүнийх нь л илэрхийлэл болов уу гэж бодож байна. Тийм ч учраас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээр болж байна. 

-МАХН-аас хоёр гишүүн гарахаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг чадамжгүй болно. Засагт хамтарсан эвслийн бүлэг байхгүй болчихоор Засгийн газар унах нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа юм биш үү?

-Хуулийн хүрээнд бол эвсэж байгаа эвсэл нь задрахаар Засгийн газар чадамжгүй болох эрх зүйн орчин бүрдэх нь ойлгомжтой. Гэхдээ сонгууль дөхсөн энэ богино хугацаанд одоогийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ярих нь зөв үү, буруу юу. Хэдийгээр Засгийн газрыг огцруулах бүрэн үндэслэлтэй ч хоёрын хооронд богинохон хугацаа үлдлээ шүү дээ. 

-Тиймээс л таны бодлыг сонсох гэсэн юм. Болно биз дээ?

-Сонгууль болоход маш богино хугацаа үлдээд байна шүү дээ. Энэ тал дээр зайлшгүй Засгийн газар чадамжгүй болсон ажлаа өг гэдэг асуудлыг ярих нь зохимжгүй гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Тэд ажлаад үлдсэн хугацаандаа засгийн газар нь явчих бололцоо байгаа байх.

-“Шударга ёс” эвслийн бүлэг задрахаар эвслээс тохилогдсон сайд нарыг эргүүлэн татна. Зөв үү?

-Энэ бол тэдний дотоод асуудал байх. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл наймаас дээш гишүүнтэй байж бүлэг Засгийн газрын бүтцэд ордог. Энэ гишүүд нь найм биш зургаа болсон болохоор эвсэл ажиллах боломжгүй, чадамжгүй болж байгаа нь үнэн.