АН: 28 мандатыг нийслэл, орон нутагт 14:14 харьцаагаар хуваарилах нь зүйтэй
УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 76 жижиг тойргоор сонгууль явуулахаар болсон.
Харин одоо хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох байсан 28 мандатыг хот, хөдөөд хэрхэн хуваарилах асуудал анхаарал татаж буй. АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж нийслэл, орон нутагт 14:14 харьцаагаар тэнцүү хуваарилах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.
Үүний үндэслэлийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тайлбарлахдаа “Пропорциональ тогтолцоог хадгалах зорилгоор ийм хуваарилалт хийсэн. Өмнөх сонгуулиар намын жагсаалтаар сонгох 28 мандатыг “улс нэг тойрог” гэсэн зарчмаар дэвшүүлж, өрсөлдсөн.
Тэд Монгол Улсын төлөө гэсэн нэгэн эрх ашгийн үүднээс сонгогдож байсан учраас энэ удаа ч нийслэл, орон нутагт тэнцвэрийг хадгалах гэж дээрх харьцааг гаргаж ирлээ. Хүн амын тоо, газар нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж талаас нь хуваасан нь нийслэл болон хотод мөн хэмжээний мандат хуваарилагдахаар буй. Үндсэндээ Үндсэн хуулийн заалтын дагуу л хуваарилсан” гэсэн юм.
АН-ын удирдлагуудын мэдээлснээр орон нутагт 14 мандатыг хуваарилахдаа хамгийн их хүн амтайгаас нь эхлэн 10 орчим аймагт одоо буй мандатын тоо нэмэгдэхээр байгаа гэнэ.
Тодруулбал, 80 мянгаас дээш хүн амтай аймагт гурав, 60 мянгаас дээш хүн амтай аймагт тус бүр хоёр мандаттай байх аж. Өнөөдөр үдээс хойш Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлаар хуралдаж, тогтоолын төсөл боловсруулан УИХ-д оруулах бөгөөд түүн дээр нь намын бүлгүүдийн санал нэмэгдэж эцэслэх юм байна.
Үүнээс гадна тус бүлгийн хуралдаанаар намын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын эхлэл болон “Сайн оюутан” хөтөлбөр, тэтгэврийг нэмэх, эсэх асуудлаар мэдээлэл хийсэн байна.
Эвсэл задарсантай холбоотойгоор Засгийн газар тогтвортой ажиллах боломж бий, эсэхийг тодруулахад, Б.Гарамгайбаатар “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй” гэсэн бол ИЗНН-ын зарим хүн танай намаас нэр дэвших асуудал эцэслэсэн, эсэхэд “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ