Монгол цэргийн сүр жавхааг дөрөв дэх жилдээ харуулна
2016.05.26

Монгол цэргийн сүр жавхааг дөрөв дэх жилдээ харуулна

 “Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны шагнал гардуулах ёслол, үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд болно.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижолттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын 31 анги, байгууллагын дунд зохион байгуулагдсан. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 20-нд болж, өмнөх шатнаас шалгарсан шилдэг есөн ангийг дүгнэжээ.

“Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилт гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэсэн. Эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно” хэмээн Нийслэлийн цэргийн Штабын дарга Ж.Болдбаатар хэллээ.

Ирэх бямба гарагт болох шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Хурд” хамтлагийнхан оролцон “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолтоо толилуулна.

Энэ талаар “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны төгсгөл хэсэгт Хурд хамтлагийнхан ая дуугаа өргөнө. Монголчуудын хамгийн их сонсох дуртай дуунууд дуулагдана. Монгол цэргийн жавхаа үйл ажиллагаа нь цэргийн алба хаасан найзууд, онжавууд, салааны нөхдийн уулзалт, цугларалт болоосой гэж хүсэж байна” гэлээ.