Булганд томоохон голууд ихтэй учир усны осол, мөс цөмрөлт гэсэн дуудлагууд зонхилдог
2016.05.26

Булганд томоохон голууд ихтэй учир усны осол, мөс цөмрөлт гэсэн дуудлагууд зонхилдог

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр орой Булган аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хууль эрхзүйн шинэчлэл, тус салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт зэрэг байгууллагын зорилт, бодлого үйл ажиллагааны талаар нийт бие бүрэлдэхүүнд танилцуулав.

Мөн Онцгой байдлын газрын дэргэд барьж буй спорт заалны барилгын явцтай танилцсан юм. Тус газрын хамт олон өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан 26:15 метр талбай бүхий спорт заалны суурийг тавьжээ. Спорт заалыг ашиглалтад оруулснаар албан хаагчдын бие бялдар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилт хийх таатай нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн Булган сумын Жаргалантын аман дахь албан хаагчдын зуслангийн газар дээр  10:16 хэмжээ бүхий зуны сургалтын танхимыг барьж байгаа аж.

Ирэх долдугаар сард Галын техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт  болох юм. Уг тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, аврагчдын өдөр тутмын бэлтгэл сургуулилтаа хийх сургалт, дадлагын талбайг засч, талбайн тохижилтын ажлыг хийж эхэлжээ.

Тэмцээнд оролцох баг тамирчдыг бэлтгэх, бэлтгэл сургуулилтыг нь хангуулахаар Үйлчилгээний гавьяат ажилтан  Т.Отгон урилгаар ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсгийнхэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын техник хэрэгслийн бэлэн байдалтай танилцлаа. Тус салбар 16 албан хаагчтай, алсын дуудлагад явдаг “Газ 66” шуурхай албаны дуудлагын автомашин, Газель,  Старекс зэрэг таван автомашинтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Булган аймгийн нутаг дэвсгэрээр Орхон, Сэлэнгэ, Эг, Туул зэрэг томоохон гол урсан өнгөрдөг тул усны осол, мөс цөмрөлт зэрэг дуудлагууд зонхилдог байна.

Салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Ж.Лхагважаргал, мөс цөмрөлт зэрэг аврах ажиллагааны үеэр техник ашиглах боломжгүй нөхцөлд ашиглах өргөгч дутагдалтай байдаг нь аврах ажиллагаанд хүндрэл учруулдаг талаар ОБЕГ-ын даргад танилцуулж байлаа.

Тухайлбал, он гарахаас өмнө Баян-Агт сумын Цэгээн нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргахад техник ашиглах боломжгүй байсан тул аврах ажиллагааг гар ажиллагаагаар буюу аж ахуйн нэгж байгууллагын өргөгч ашиглан  зохион байгуулжээ. Ийм өргөгч доод тал нь таван тонны даацтай байх естой гэнэ.

Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Ангийн захирагч, онцгой байдлын ахлах дэслэгч Б.Мөнхзул, ангийн ойгоо угтан салаа бүр бүтээлч ажил санаачлан өрнүүлж байгаагаа танилцууллаа. Гал тогоондоо бүрэн засвар хийж, ангийнхаа паркийн таазыг шинэчилжээ. Албан хаагчид өөрсдийн өрөө тасалгаагаа засч тохижуулах ид ажлыг өрнүүлж байгаа нь илт байлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр тэдний санал бодлыг сонсон зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Тус аймгийн хойд талын Хялганат, Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал зэрэг сумдыг хариуцсан байцаагчийн  орон тоог нэмэх, салаан захирагч томилох зэрэг асуудлаас гадна албан хаагчдын компьютерийн хангалтыг нэмэгдүүлэх, спорт заал барихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг албан хаагчид  тавьж байлаа.