Даваадорж.Г 2016.06.08 | Сайт: Vip76.mn

Малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 2 сараар тооцох хуулийн төсөл

Малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 2 сараар тооцох хуулийн төсөл

Хуулийн нэр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Өргөн барьсан. 2015.11.06

Төлөв: Хэлэлцүүлгийн шатанд

Мал аж ахуй нь монголчуудын эдийн засгийн амин чухал салбарын нэг. Гэвч энэ салбарт хөдөлмөрлөгчдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурсаар байна. Ялангуяа 15-34 насны залуу малчдын тоо жил бүр тасралтгүй буурч байгаа тухай албан ёсны тоо баримт байдаг. Туршлагатай ахмад малчид цөөрч, шинэ үеийн мал аж ахуйн арга барил эзэмшсэн залуу малчид улам үгүйлэгдэх болов.

Үүний зэрэгцээ малчдын нийгмийн хамгааллын асуудал байнга анхаарлын гадна орхигдсоор ирсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч сар бүрийн тогтмол орлого байдаггүй учраас мөнгөний хомсдолтой, хөдөөнөөс хот руу шилжих зэргээр ажлын байршил, мэргэжил тогтвортой биш, өөрөө өөртөө найдах хандлага өндөр, аливаа даатгалд даатгуулдаггүй зэрэг шалтгаанаас үүдэж малчдын маш цөөн хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлдөг.

Тиймээс  сүүлийн жилүүдэд Монголын парламент малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр багагүй шийдвэр гаргасан. Тухайлбал 2009 онд баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-д малчин бүрийг нийгмийн даатгалд хамруулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх тухай заалт бий.

Энэ мэт үндэслэлээр өнгөрсөн 2015 онд УИХ-ын хэсэг гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан юм.

Уг хуулийн төсөлд малчны хөдөлмөрийн хүнд хэцүүг харгалзан малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 2 сараар нэмэгдүүлэн тооцохоор заажээ.

Тодорхой мэргэжлийн хүмүүсийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох практик гадаадад ч тэр, дотоодод ч тэр шинэ зүйл биш. Тухайлбал Монгол Улсын хуулиар цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог. Энэ жишгээр малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцсоноор  тэдний ирээдүйн нийгмийн хамгаалал баталгаажна гэж хууль санаачлагчид үзэж байна.