Нийгмийн даатгалтай холбоотой асуудлын үзүүр нь улс төр талдаа байгаа
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.11.11

Нийгмийн даатгалтай холбоотой асуудлын үзүүр нь улс төр талдаа байгаа

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Сүүлийн үед нийгмийн даатгалынхантай холбоотой асуудал гарч байна. Цагдаагийн байгууллагын зүгээс шалгаж байгаа гэдгийг мэдэгдсэн. Салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Би цагдаагийн байгууллагуудын удирдлагуудаас энэ талаар лавласан. Одоогоор тэтгэврийн даатгалын асуудлаар шалгалт явуулж байгаа. Цагдаагийн байгууллага өөрсдөө биш мэргэжлийн хяналтын байгууллагаар дамжуулан шалгаж байгаа юм билээ. Өнөөдрийн нөхцөлд энэ хүн гэм буруутай гээд нэр заагаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй юм билээ.

-Нийгмийн даатгалын салбарыг сайн мэдэх хүний хувьд нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэврийн мөнгийг нь зувчуулах боломж хэр байдаг юм бол?

-Эрүүл ухаанаар бодоод үзэхэд жилд 9.5-11 мянган иргэн нас барж оршуулгын тэтгэмж авдаг. Түүний 30-40 хувь орчим нь өндөр настнууд байдаг. Ингээд бодоод үзэхээр 10 гаруй мянган хүн гэдэг бол 3-4 жилд нас барсан хүмүүсийн тоотой тэнцэж байгаа юм.

Энэ дуулиан ноднин бас гарч байсан. Олон мянган хүний олон тэрбум төгрөгийг идсэн, завшсан, ашигласан гэсэн цуу яриа гарсан. Үүний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналтын газарт үүрэг өгч ажлын хэсэг гаргуулаад 21 аймаг, есөн дүүргийн бүх тэтгэврийн хувийн хэргүүдийг татуулж дотоодын хяналт шалгалтыг явуулсан. 2006-2015 оны хооронд нийтдээ 148 хүнд холбогдох 169 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Түүнийг барагдуулж одоогоор 23 сая төгрөгийн асуудал бүхий хэрэг шүүх, цагдаа дээр явж байгаа.

-Та үүнийг гүтгэлгийн шинж чанартай зүйл гэсэн байна лээ. Үүнийг тэгэхээр хаанаас зохион байгуулсан байж таарах вэ. Нийгмийн даатгалын салбарыг бол таны хувийн компани мэт ярьдаг шүү дээ?

-Би 2004-2008 оны хооронд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад УИХ-д дэвшээд явсан. 2008-2012 оны хооронд МАН-ын гишүүн Алтанхуяг гэдэг залуу даргаар ажилласан. Тэр бол хэн нэгэн Эрдэнийн томилсон хүн биш. 2004 онд намайг ирэхэд нийгмийн даатгалын байгууллага төлөвшөөд, тогтчихсон байсан. Миний өмнө Сүхбаатар даргын бүрдүүлсэн баг ажиллаж байсан юм.

Би очсоноороо хэн нэгнийг халаад өөрчилсөн зүйл байхгүй. Тухайн үед хэдэн хүн халагдаж, хэдэн хүн ажилд орж байсныг харна биз. Тодорхой хэмжээний орон тоо нэмэгдсэн. Учир нь ачаалал нэмэгдсэн юм. Нэмэгдсэн орон тооны хүрээнд миний тушаалаар хүмүүс ажилд орсон нь үнэн. Түүнээс биш нийгмийн даатгал гэхээрээ л Эрдэнийн бүрдүүлсэн баг мэтээр ойлгодог. Үгүй ээ. Энэ байгууллага 1995 онд хууль хүчин төгөлдөр болоход байгуулагдаж, 2004 онд намайг очиход 10 орчим жил ажиллачихсан, мэргэшсэн боловсон хүчинтэй болчихсон ийм л байгууллага байсан. Ийм боломжгүй зүйлийг яриад байх шаардлагагүй.

Мөн нийгмийн даатгалын байгууллагын төсөв, санхүү байгууллага дээрээ байдаг юм шиг, нийгмийн даатгалынхан тэр мөнгөө захиран зарцуулдаг юм шиг боддог. Хүмүүст зориудаар ийм ойлголт өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого тухайн орон нутгийн төрийн сан руу ороод төрийн сангаасаа төв төрийн санд нэгтгэгдэн манай байгууллага тэтгэвэр, тэтгэмж, даатгал гэх мэт нийгмийн даатгалын таван сангийн чиглэлээр гаргаж буй санхүүжилтийг гаргахдаа тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд баримт материал, тооцоо судалгаагаа Сангийн яаманд хүргүүлээд, төрийн сан тэрийг нь хянаад тэр дагуу мөнгийг нь шилжүүлдэг.

Түүнээс Нийгмийн даатгалын сан дээр мөнгө байдаггүй л байхгүй юу. Нийгмийн даатгалын сан намайг ажил авахаас хоёр жилийн өмнө 2002 онд Засгийн газрын 272 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн сангийн хөрөнгөтэй нийлүүлэн нэгтгэсэн. Одоо болтол Төрийн сан дээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байгаа. Хэн дуртай нь зарцуулаад байдаг мөнгө биш.

-2006 оноос хойш нас барсан 10 гаруй мянган иргэний тэтгэврийн мөнгийг олгож байсан гээд байгаа. Ингэхдээ банкныхан болон бусад хамаатан салбарын хүмүүстэйгээ хуйвалдан маш том сүлжээ бий болсон гээд байгаа?

-Хаана ч гэсэн зөрчил дутагдал байдаг. Нас барсан иргэдийн нэр болон дансыг ашиглаад банкны байгууллагатай хуйвалдан мөнгө завшсан юм бол тэр нотлох баримтаа гаргаад ирэх хэрэгтэй. Аливаа үйлдэл нотлогдож байх ёстой. 10 гаруй мянган иргэн гэсэн тоог хэн гаргаж ирсэн юм. Учирч байгаа хохирлын тоо хэмжээг мөн хэн гаргаж ирсэн юм. Ямар ч эх сурвалж алга.

Би цагдаагийн удирдлагуудаас асуусан. “Энэ 10 мянга гэсэн тоо хаанаас гарсан юм. Ямар эх сурвалжтай вэ” гэхэд хэлж чадахгүй байгаа юм. Харин “Бид ийм тоо хэлээгүй” гээд байгаа юм. 10 мянга гэдэг тоо нийгмийн даатгалын байгууллагаас гараагүй. Хаанаас ч гараагүй. Тэгэхээр энэ бол хэн нэгэн хүний зохиомлоор шидсэн тоон чулуу байхгүй юу.

Татвар, гаалийнхан орлого төвлөрүүлэн төсвийн данс руу орлого ороход цааших нь тэдэнд хамаагүй байдаг. Гэтэл нийгмийн даатгалын байцаагч шимтгэлийн орлого төвлөрүүлдэг, тэр орлогоороо тэтгэвэр, тэтгэмж тавьдаг.

2005 оноос өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, орлого 10 дахин өссөн. Гэтэл нийгмийн даатгалын ажилтнуудын орон тоо 10-15 хувь өссөн. Нэг ажилтан дээр ноогдож буй бодит ачаалал 7-8 дахин өссөн байхгүй юу. Хүнд хэм хэмжээ, норм норматив байх ёстой. 

Тиймээс нийгмийн даатгалын ажилтнуудыг минь битгий ингэж зовоогоочээ, дарамтлаачээ. Хүн ажил хийснийхээ төлөө янз бүрийн доромжлол, гүтгэлэг амсч болохгүй. Хэрвээ улс төрийн болон эдийн засгийн ямар нэгэн зорилго агуулж байгаа бол тэрийгээ ил тод зарлаад алга л даа. Тухайлбал, Эрдэнэ гэдэг хүнийг шалгах гээд, гутаах гээд байгаа юм бол намайг л шалга. Түүнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг битгий ингэж зовоо л доо.

-Цагдаагийн байгууллага мэдээлэл хийхдээ Баянзүрх дүүрэг дээр 40 тэрбум төгрөгийн асуудал байгаа гэж ярьсан гэсэн. Энэ мэтчилэн нэр дурдагдаад байгаа газруудын дарга нартай нь уулзсан уу?

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

-40 тэрбум төгрөг гэдгийг хэн яриад байгаа юм. Тэгж яриад байгаа хүмүүс нотлох баримтаа л гаргаад ир. Хэн гэдэг байцаагч ямар банктай хуйвалдаад ямар хэмжээний мөнгө яаж идсэн юм. Нотлох баримтгүйгээр нийтээр нь төрийн байгууллагыг гутааж болохгүй.

Баатархүү гээд хошуучийн хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагуудаас тодруулсан. 10 гаруй хүн, хохирлын хэмжээ гэдгийг хэн хэлсэн юм, эх сурвалж нь хаанаас гарсан бэ гэхэд “Манайхаас ийм зүйл яриагүй. Баатархүү ярихдаа тоо яриагүй. Ямар нэгэн эх сурвалжийг нь хэлээгүй. Шалгаж байгаа гэдгийг л хэлсэн" гээд байгаа юм. Би хуульч хүн. Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй. Өнөөдөр нотлогдоогүй, дөнгөж шалгагдаж байгаа хэргийг сүр дуулиан болгож зарладаг, хүний болон байгууллагын нэр төрд халддаг, гутаадаг иймэрхүү үйлдэл цаашид битгий гараасай.

Түүнийгээ үнэн болгох гэж араас нь улайрдаг, түүнээсээ болж хэн нэгнийг хохироож, хэлмэгдүүлдэг байж болохгүй. Монголын төр шударга байх ёстой. Хэн нэгэн хэрэг хийснийг нотлоогүй байж зарладаг нь хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн сонгодог арга байхгүй юу. Гэндэн, Дэмид, Амарын хэрэг чинь яг ийм. Хувьсгалын эсэргүү гэж нийгэм даяар зарлаж байгаад барьж аваачин буудан хороодог байсан. Тэр түүхэн хэлмэгдүүлэлтийг давтах гээд байгаа юм уу. Хэнд зориулсан хэний захиалга юм. Үнэнийг хэлэхэд би ойлгохгүй байна. Гэхдээ энэ асуудлын учгийг олно. Учрыг нь олчихоод бодит үнэнийг нийгэмд дэлгэнэ.

-Та 148 хүнд холбогдох зөрчил илэрсэн гэлээ. Тэр нь ямар зөрчлүүд байсан юм бэ?

-Нас барсан хүмүүсийн тэтгэвэр авч байсантай холбоотой 148 хэрэг 10 жилийн хугацаанд гарсан байна. Жилд хуваагаад үзэхээр 10 гаруй зөрчил л байгаа биз дээ. Монголд өнөөдөр 360 мянган иргэн тэтгэвэр авч байгаа. 360 мянган тэтгэвэр авагчтай харьцуулаад үзэх юм бол энэ бол далайд дусал гэдэг шиг зүйл. Аль ч байгууллагад байдаг л зөрчил. Гэхдээ би байх ёстой гэж байгаа юм биш. Аливаа зүйлд  магадлалын онол гэж бий. Тэр онолоор аваад үзэхээр 360 мянган иргэнд тэтгэвэр олгож байх явцад 14-15 зөрчил гэдэг зөрчилгүйтэй бараг адилхан.

-Ирэх жил сонгууль болох гэж байгаа болохоор үүнээс өмнө таны нэр хүндийг унагах гэсэн явуургүй арга гэж харж байна уу?

-Би улс төр энэ тэр гэж сүржигнээгүй. Ямар зорилготойг нь бүү мэд. Салбарыг нь толгойлж яваа хүн намайг л оролд. Мөрөөрөө цаг наргүй ажиллаж байгаа ачааллаа дийлэхгүй байгаа энэ хүмүүсийг битгий оролдоочээ. Нийгэмд ийм сенсацийг зориуд үүсгэж байна.

-Нас барсан хүмүүсийн тэтгэврийг жилд цөөн хэдэн хүн авдаг байсан нь үнэн юм байна, тийм үү?

-Энэ чинь процессийн алдаа.

-Процессийн алдааг чинь хүн гаргадаг шүү дээ?

-Огт байх ёсгүй юм шиг зүйл ярь л даа. Байх ёстой. Хүн л юм чинь алдаа гаргана. Алдаагүй хүн гэж хэн байдаг юм. Тэр болгоныг байх ёсгүй мэтээр битгий ярь л даа. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн нь ирж хасалт хийлгэдэггүй байхгүй юу. Тэр хүний үхсэн, амьдыг нь хэн мэдэх юм. 360 мянган хүний хэн нь амьд, хэн нь нас барсан гэдгийг хэн шалгаад явах юм.

Манайхан тэтгэвэр тавихаар автоматаар данс руу нь тэтгэвэр нь орчихоод байгаа юм аа. Уг нь бол ар гэрийнхэн нь хасалт хийлгэдэг болох хэрэгтэй байна. Мөн дүүрэг хооронд шилжих явцад бичиг баримтаа дутуу бүрдүүлснээс болоод бүртгэлийн алдаанууд гардаг. Улсын бүртгэлийн газар манай хоёрын программ үргэлж хамт явдаг. Бүртгэл дээрээс хасуулаагүй л бол манайх мэдэх 'ямар ч арга байхгүй. Тэр ч байтугай УБЕГ-аас нас барсан хүмүүсийн нэрсийг бүтэн жилийн дараа хасах тохиолдол байдаг.

-Банкны орлого болсон мөнгө хасалт хийгдсэний дараа төрийн сан руугаа буцдаг уу?

-Зарим нэг тохиолдолд тэтгэврийн зээлтэй ахмадууд нас барлаа гэхэд банкнууд мэдсэн ч байсан нэг хэсэгтээ тэтгэврийн зээлийг зогсоох сонирхол байдаггүй. Тэр хүний тэтгэвэр автоматаар дансанд нь олгогдчихдог болохоор тэндээс нь тэтгэврийн суутгалаа хийгээд явчихдаг. Манайхаас тухайн тэтгэвэр авагч тэдэн төгрөгийн тэтгэвэр авна гэдгийг бодож шилжүүлдэг. Санхүүгийн янз бүрийн процессийн алдаанууд гардаг.

“Өдрийн сонин”-д Баянгол дүүргийн цагдаа, хүчний байгууллагууд өөрсдөө хуурамч баримт бүрдүүлэн лавлагаа маш их гаргадаг. Хуурамчаар ажилласан жилээ нэмэгдүүлж, хуурамчаар баримт бүрдүүлэн тэтгэврээ нэмэгдүүлэн тооцуулдаг гээд зөрчил ирсэн гэж гарсан байсан. Хүн л байгаа юм чинь янз бүрийн алдаа гарна шүү дээ. Зөвхөн Баянгол дүүрэгтэй холбоотой хууль хүчний байгууллагынхантай холбоотой таван зөрчил гарсан. Нийгмийн даатгалтай холбоотой гээд байгаа асуудлын үзүүр нь улс төр талдаа байгаа гэж харж байна. Магадгүй надаар оролдох өөр зүйл байхгүй байгаа юм байлгүй.