Аймаг, нийслэл өөрийн бонд гаргаж болно
Хуулийн нэр: Өрийн удирдлагын тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр: 2015.02.06
Батлагдсан он.сар.өдөр: 2015.02.18
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2015.02.18
Хуулийн бүтэц: 7 бүлэг 46 зүйлтэй
Энэ хуулиар өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратеги хэрэгжүүлэх, Засгийн газар болон орон нутгаас өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газраас өрийн баталгаатай гаргах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна.
Засгийн газар болон аймаг, нийслэлээс өрийн хэрэгслээр бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг “Засгийн газрын өр” гэж үзнэ. Засгийн газрын өрийн баталгаа гэдэг нь баталгаа гаргуулагч өрөө төлж чадахгүйд хүрч Засгийн газар өмнөөс нь төлөхөөр хүлээсэн үүрэг юм. Зээллэг гэж дээрх баталгаанаас бусад өрийг хэлнэ. Харин гадаад зээл гэдэгт Монголд бүртгэлгүй, байнга оршин суудаггүй этгээдээс авсан өр юм.
.... Шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг тухайн жилийн төсвийн хамт, Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тусад нь боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ .....
Засгийн газар дараах зориулалтаар өр үүсгэнэ. Үүнд:
- Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх,
- Төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөх,
- Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих,
- Өрийг дахин санхүүжүүлэх,
- Төрийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрийг санхүүжүүлэх гэх мэт.
.... Аймаг, нийслэлийн Засаг дарга улирлын шинжтэй төсвийн орлогын тасалдлыг арилгах зорилгоор аймаг нийслэлийн бонд гаргаж болох бөгөөд зээллэг хийх зөвшөөрлийг ИТХ өгнө ....
Ингэхдээ улсын төсвөөс санхүүжилт авдаггүй, төсвийнх нь үндсэн тэнлцийн ашиг суурь зардлынхаа 50 хувиас байх ёстой.
Өрийн удирдлагын стратегийн дунд хугацааны баримт бичгийг Сангийн яам боловсруулж, гурван жил тутамд нэг удаа УИХ-аар батлуулахаас гадна улсын гадаад өрийн тоо мэдээг Монголбанктай хамтран бэлтгэж улиралд нэг удаа олон нийтэд тайлагнана.
Засгийн газрын өрийн хязгаар нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв Засгийн газар улс орны мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц зээллэг хийхээр бол зээлийн хэмжээ, нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцөж шийднэ.
Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг өрийн хэрэгсэлд тооцно. Засгийн газар зөвхөн төрийн өмчийн оролцоот компаниудаас гадна дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшлийн компаниудын хэрэгжүүлэх гэж буй улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт орсон төслийг санхүүжүүлэхэд баталгаа гаргаж болно. Энэ баталгааг гаргуулах компани нь сүүлийн гурван жилд тогтвортой ажилласан байх, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх ёстой.
.... Засгийн газрын өрийн баталгаагаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх ажлыг Засгийн Газрын өрийн баталгааны Сан хариуцна ....
Мөн Өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтлөх бөгөөд үүндээ улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдэл, аймаг болон нийслэлийн бондын талаарх мэдээлэл зэргийг бүртгэн хөтөлж байх юм байна.