Хамгийн гол нь ёс суртахуунтай нэр дэвшигчийг сонгох хэрэгтэй
2016.06.22

Хамгийн гол нь ёс суртахуунтай нэр дэвшигчийг сонгох хэрэгтэй

Улс төр судлаач, СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалайтай сонгууль болон улс төр, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Энэ жилийн сонгуулийн уур амьсгал ямар байна вэ? Сонгуулийн хууль ямар хууль болсон бэ?

2015 оны 12 сарын 25-нд “Сонгуулийн тухай хууль”-аа шинэчлэн баталсан. Өмнөх хуулиар сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй асуудлууд их, сонгуулийн кампанит ажлыг мөн санхүүжилтийг хянахад төвөгтэй, сонгуулийн явцад болон дараа гарсан маргаануудыг шийдвэрлэх зэрэгт асуудалтай байсан. Харин шинэ Сонгуулийн тухай хуульд хэд хэдэн сайн зохицуулалт хийгдсэн. Жишээ нь, сонгуульд нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс гаргах мөнгөнд хязгаар байхгүй байсан. '

Нэг нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс гарсан зардал ойролцоогоор 2008 онд 22 сая төгрөг байсан бол 2012 онд 104 сая төгрөг болж 5 дахин өссөн.

Шинэ хуулиар өөрийн хөрөнгөөс гаргах мөнгөнд хязгаар тавихаар оруулж ирсэн. Мөн тойрогт болон нэг намаас нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоох болж мэргэжлийн хүмүүст хариуцуулсан.

Бэлэн мөнгө хандивлагчдын мэдээллийг нийтэд мэдээлж, мөнгөн бус хандивыг хэрхэн тооцох тухай заасан. Телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн сурталчилгааны үеэр нам нэр дэвшигчтэй хийдэг “хаалтын гэрээ”-г хориглож, сонгуультай холбоотой маргааныг шүүх хурдан хугацаанд шийдвэрлэнэ зэргээр өмнөх Сонгуулийн хуулийн зохицуулж чадахгүй, дутагдалтай асуудлуудыг дэвшилттэй болгосон заалтууд орсон.

Гэтэл бодит байдал дээр улс төрийн нам, нэр дэвшигчдийн нэр хуулийн хүрээнд тодрох болоогүй байхад буюу 2-3 сарын өмнөөс нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийг ашиглаж далд сурталчилгааг маш ихээр хийсэн. Өөрийн талаар хөрөг нэвтрүүлгүүд хийлгэж, тв ярилцлага болон нэвтрүүлгүүдэд тогтмол оролцсон, өөрөө ярилцлага, нэвтрүүлэг хөтлөн явуулсан гэх мэтээр далд сурталчилгаа эрчимтэй явагдлаа. Гэхдээ энэ сурталчилгааг хөрөнгө мөнгөтэй нам, нэр дэвшигчид ихээр хийсэн. Үүнийг нөгөө талаас нь харахад сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног болсон нь парламентад суудалгүй, эсвэл жижиг улс төрийн намууд, бие даагчдад ашиггүй, тойрогтоо танигдах боломжийг хязгаарласан заалт гэж дүгнэсэнтэй холбоотой.

Жижигсгэсэн тойргоор сонгуулийг явуулах нь ямар сайн болоод муу талтай байдаг вэ?  Мөнгөний сонгууль болох нь гэж үзэх тал ч бий?

Сонгуулийн мажоритар буюу дийлэнх олонхийн системийг ашиглаж байгаа бол тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг парламентийн гишүүнээр сонгогдсонд тооцдог. Энэ тохиолдолд сонгогчдын санал ихээр гээгдэж, сонгуулийн үр дүн цөөхөн саналын зөрүүгээр шийдэгддэг. Тухайн жижигсгэсэн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигч орон нутгийг хөгжүүлэх буюу иргэдийг ажилтай болгох, сургууль цэцэрлэг барих, орон нутгийг төв нийслэлтэй холбосон зам тавих, дэд бүтцийг шийдэх зэрэг амлалт өгч сонгогддог. Гэтэл эдгээр асуудлуудыг тухайн орон нутийн удирдлага хийх ёстой ажил шүү дээ. Харин парламент бол улс орныг хөгжүүлэх бодлогын асуудал ярьдаг, хэрэгжүүлдэг институт юм.

Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан хэдий ч сүүлийн хэдэн удаагийн Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, Аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиудад улс төрийн нам, нэр дэвшигчдийн зарцуулж буй зардлын хэмжээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж зөвхөн мөнгөтэй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс засгийн эрхэнд гарах хандлагаас болж дээрх эрхүүд зөрчигдөж байна.

Эрх мэдлийн төлөө их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж гарч ирсэн бол эргээд зарцуулсан хөрөнгөө хэд дахин үржүүлэн олж авахын төлөө бизнесийн компани аж ахуйн нэгжид ашигтай хууль, шийдвэр гаргах, лоббидох, үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээний авлигын асуудал ихсэх зэрэг ёс суртахуунгүй үйлдлүүдийг улс төрчид хийсээр л байна.  Яг одоо сонгуулийн сурталчилгааны явцыг харахад, өрсөлдөгч нэр дэвшигчдээс их хөрөнгө мөнгө зарцуулж давуу байдал олж авч сонгогчдод танигдаж байгаа бөгөөд энэ нь мажоритар тогтолцооны хамгийн сул тал юм.

Сонгуулийн идэвхи байнга буурах тал ажиллагдаж байна. Энэ жилийн хувьд ямар байх бол?

Санал бол төрийн эрхийг барихад оролцож буй эрх мэдэл юм.  Дэлхий дахинд сонгуулийн оролцооны бууралтын байдал байнга ажиглагддаг.   Гэхдээ сонгуулийн ирц буурч буй байдлыг хүлээн зөвшөөрч иргэдийн сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэхгүй бол тухайн орны ардчилалд ухралт болж шударга бус, ёс суртахуунгүй улс төрчид гарах нөхцлийг бүрдүүлнэ.

Иргэд янз бүрийн шалтгаанаар сонгуульд оролцдоггүй. 

Иргэд янз бүрийн шалтгаанаар сонгуульд оролцдоггүй. Улс төрийг огт сонирхдоггүй нэг хэсэг байхад, амлалтад үл итгэх хүмүүс ч олон байдаг. Манай улс 1992 оноос хойш нийт УИХ-ын зургаан удаагийн сонгуулийг зохион байгуулжээ. 1992 оны сонгуульд сонгуулийн насны иргэдийн 95.6 хувь нь сонгох эрхээ эдэлж байсан бол 20 жилийн дараа 67.24 хувь болж огцом буурсан бөгөөд энэ жил сонгуулийн ирц 60 орчим хувь болох байх гэсэн судлаачдын таамаглал байна. Ирц байнга буурч байгаа гээд хүлцэнгүй суух биш сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, залуу сонгогчдыг идэвхжүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэй.  

Залуучууд сонгуульд оролцох сонирхолгүй болж байгаа нь юутай холбоотой гэж харж байна вэ?

Олон улсын парламентийн холбооны гишүүн 186 орны 109 нь сонгуульд оролцож саналаа өгөх эрхийг 18 нас гэж зөвшөөрсөн байдаг. Бразил, Куба, Иран зэрэг улсууд 16 нас, зарим улсуудад 19-21 нас гэж тогтоосон. Манай улсад олон улсын жишгийн дагуу Сонгуулийн тухай хуулиар 18 нас хүрсэн иргэд сонгуульд оролцож саналаа өгдөг. Сонгуулийн насны нийт иргэдийн ихэнх хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуусын 60 хувь нь оролцоогүй. Саналаа өгсөн сонгогчдын 10 хувь нь 18-25 насны залуучууд, 25 хувь нь 18-35 насны залуус байжээ. Эндээс залуу сонгогчдыг саналаа өгөхийг уриалах, санал өгч байгаа нь төрийн эрх барихад оролцож буй үйл хэрэг, ардчилсан улсыг хөгжүүлэх боломж зэргээр ойлгуулж идэвхжүүлэх, хариуцлагажуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ? Гадны улс оронд энэ талаар ямар ажлуудыг хийдэг юм бол?

Сонгуулийн санал хураалтад сонгогчид оролцохоос зайлсхийсэн улс төрийн үзэгдлийг абсентеизм гэсэн нэр томьёогоор тэмдэглэдэг. Абсентеизмтэй тэмцэх оролдлогыг олон оронд хийдэг. Австри, Бельги, Голланд, Латин Америкийн орнуудад сонгуульд иргэдийг зайлшгүй оролцохыг албан ёсоор шаарддаг.

Сонгуульд оролцоогүй тохиолдолд торгууль ноогдуулж, үйл ажиллагаанд нь хязгаарлалт хийж, төрийн алба хаах эрхийг хязгаарладаг байна.

Зарим улсад санал өгөхөөс зайлсхийсэн иргэнийг хэдэн долоо хоногоор шоронд хорьдог хатуу зохицуулалт байдаг зэрэг нь сонгуульд саналаа өгөх бол иргэний хариуцлагатай чухал үүрэг гэж үздэгтэй холбоотой. Эсрэгээрээ зарим улсад саналаа өгсөн иргэдийг бэлэг дурсгалын, жижиг зүйлсээр урамшуулдаг тогтолцоо ч байдаг. Гэхдээ санал өгнө гэдэг нь иргэний үүрэг учраас бэлэг өгч урамшуулахаас илүү сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Монголд хийгдсэн судалгааны байгууллагуудын судалгаанаас харахад, сонгогчдын 70-80 орчим хувь нь сонгуульд оролцоно гэж хариулдаг боловч бодит байдал дээр 50 орчим хувь нь саналаа өгдөг нь иргэдийн улс төрийн болон сонгуулийн боловсрол тааруу байгаатай холбоотой. Ер нь бол улс төрийн нам иргэдийн улс төрийн болон сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Манай намууд, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид энэ асуудлыг анхаарлын гадна талд орхидог.

 Иргэдийн намд болон төрд итгэх итгэл буурсаар байгаа нь судалгаануудаас харагдаж байна

Миний бие их сургуулийн багш, мэргэжил нэгт судлаачидтай хамтран “Нийгэм улс төрийн боловсрол” төвөө байгуулан иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд анализ хийх, судалгаа хийх зэрэг ажлуудыг санаачлаад хэрэгжүүлээд явж байна. Ер нь Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн нам болон улс төрчдийн явуулж буй буруу бодлого, шийдвэрүүд нь төр, ард иргэдэд  үйлчлэх үүргээ умартаж, улс төр-эдийн засгийн явцуу бүлэглэлийн эрх ашгийг төлөөлж байгаа зэргийг харуулж байгаа юм. Эндээс иргэдийн намд болон төрд итгэх итгэл буурсаар байгаа нь судалгаануудаас харагдаж байна. Үүнийг дагаад сонгуулийг үл тоодог, саналаа өгөхөөс татгалздаг, хэн ч, аль ч нам парламентад сонгогдсон ялгаагүй гэж үздэг болсон нь сонгуулийн ирцийг бууруулж байгаа томоохон шалтгаан юм.

Голлох хоёр улс төрийн хүчний мөрийн хөтөлбөрийн талаар та ямар бодолтой байна вэ?

Улс төрийн намын гол зорилго бол засгийн эрхийг авахын төлөө байдаг. Тиймдээ ч ялалт байгуулж олонх болсон нам засгийн газраа байгуулан ажилладаг шүү дээ.

Энэ утгаараа тухайн намын мөрийн хөтөлбөр засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон хэрэгждэг. Тухайн улс төрийн нам ямар үзэл баримтлалтай нам бэ гэдгээс хамаараад мөрийн хөтөлбөр нь өөр өөрөөр гарч ирнэ. Гэтэл манай намууд сонгогчдын саналыг л авч байвал болно гэсэн хандлагаар олон жил сонгуульд өрсөлдлөө. Нэг нам нь шинэ төрсөн хүүхдэд мөнгө өгнө гэхэд нөгөө нам нь залуу гэр бүлд мөнгө өгнө гэх мэтээр юун үзэл баримтлал, тэр нь хэнд хэрэгтэй юм гэсэн байдлаар хандаж байгаа нь харамсалтай.

Оффшор данстай хүмүүс нэр дэвшиж буй нь хэр зүйд нийцэх вэ?

Төрийн алба хашиж буй хүмүүс бол өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай байх ёстой. Улс төрч хүн оффшор бүсэд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт тайлагнаагүй, эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгөтэй байх нь зүйд нийцэхгүй хэрэг.

Шийдвэр гаргах түвшинд байгаа хүн хууль батлах эсвэл гэрээ хэлцэл байгуулахдаа ард иргэдэд биш өөрийг нь дэмжсэн, тэтгэсэн бүлэгт ашигтай шийдвэр гаргасныхаа төлөө нууц дансанд авлига авдаг байх гэсэн хардлага бий.

Өнөөдөр Монголын ард түмний амьдрал хэцүү байна, ажилгүйдэл, ядуурал их, эдийн засгаа зөвхөн уул уурхай байгалийн баялагийг боловсруулалт хийхгүй шууд гадагш гаргасан борлуулалтаар аргацааж байгаа, гадны улсуудад аль хэдийн эмчилгээг нь олоод асуудалгүй болчихсон өвчнүүдээр Монголчууд өвдөхөд эмчлэх арга, техник нь хоцрогдсон, бүүр цаашлаад хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа зэргээр болж бүтэж байгаа юм их ховор болсон нь төр засгийн удирдлага алдаатай, буруу шийдвэр л гаргаж байна гэсэн үг. Эндээс сонгогчид энэ удаагийн сонгуульд их хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хэн өөрийгөө биш биднийг сайхан амьдрах нөхцлөөр хангаж чадах вэ гэдгийг бодоод сайн мөрийн хөтөлбөр бүхий мэдлэг боловсролтой, нэр цэвэр, хамгийн гол нь ёс суртахуунтай нэр дэвшигчийг сонгох хэрэгтэй.

Намууд хандиваа юунд зарцуулж буй талаар тавих хяналт хэр сайн байдаг вэ? Цаашид юунд илүү анхаарах хэрэгтэй бол?

Монголд болж өнгөрсөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад нам, нэр дэвшигчдээс зарцуулсан зардлын хэмжээ маш ихээр, хурдацтай нэмэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны тайланд дурдсанаар, 1992 оны УИХ-н сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дүн 13,7 сая төгрөг байсан бол 2012 онд огцом өсч 35 тэрбум 679 сая төгрөг болжээ. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан зардлын хэмжээ 2009 оны сонгуулийн зардлын хэмжээнээс 5 дахин нэмэгдсэн нь дараа дараагийн сонгуулиудад ялалт байгуулахын тулд их хэмжээний санхүүжилт босгох хэрэгтэй болохыг харуулж байна.

Ингэснээр нам, нэр дэвшигчид бизнесийн бүлэглэлүүдээс хараат болох, мөнгө дагасан улс төр бий болох нөхцлийг бүрдүүлдэг. Үүнээс сэргийлэх алхам нь сонгуулийн зардлыг бууруулах арга юм.

Нам болон нэр дэвшигчдийн тухайн нэр дэвших тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоож өгөхөөр болж байгаа нь сайшаалтай.

Гэхдээ улс төрийн нам, нэр дэвшигчид зардлын дээд хэмжээнээс давсан санхүүжилт зарцуулж байна уу, далд сурталчилгаа, хяналтгүй, тайланд тусгаагүй зарцуулалт байна уу гэдгийг сонгуулийн кампанит ажлын үед иргэд олон нийт, төрийн болон төрийн бус мониторингийн байгууллагууд шалгаж, маш сайн хяналт тавих хэрэгтэй.

Сонгуулийн зардлыг бууруулж байгаа ч хандивын хэмжээ нэмэгдэх нь гэж харж байна.

Сонгуулийн зардлыг бууруулж байгаа ч хандивын хэмжээ нэмэгдэх нь гэж харж байна. Улс төрийн нам, Сонгуулийн тухай хуульд заасан санхүүжилттэй холбоотой заалтуудад анхаарал татсан зүйл бий. Жишээ нь, “Сонгуулийн тухай хууль”-иар нэг хуулийн  этгээд 15 сая төгрөгийг намд өгч болно.

Харин “Улс төрийн намын тухай хууль”-ийн төсөлд нэг хуулийн этгээд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно гэхээр нэг хуулийн этгээд улс төрийн намд 4 жил дараалан хандивын дээд хэмжээгээр буюу 38 сая 400 мянган төгрөгийн хандив өгсөн тохиолдолд сонгуулийн кампанит ажлын үеийн хандивыг өгөх эсэх, өгсөн тохиолдолд ямар хэмжээний хандив өгөх зэргийг анхаарах шаардлагатай байна.

Дээрх хоёр хуульд зааснаар бол нийлээд нэг хуулийн этгээд 53 сая 400 мянган төгрөгийн хандив өгч болох нь. Ер нь улс төрийн нам, нэр дэвшигчдэд нэг иргэн, хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээг зааж өгөхийн зэрэгцээ нийт авах хандивын дээд хэмжээг зааж өгөх ёстой. Хэрэв тодорхой зааж өгөхгүй бол танил ихтэй, олон гишүүд дэмжигчтэй нам, нэр дэвшигчдэд томоохон хандивлагчид их хэмжээний хандивыг олон жижиг хэсэг болгоод өгөх аюултай. Энэ нь улс төр дэх тэгш, шударга байдлыг ноцтой алдагдуулдаг.