Б.Эрдэнэдалай:
Улс төрчийн бэлэг, мөнгөнд биш бодлого, мөрийн хөтөлбөрт итгэх хэрэгтэй
2019 оны 05 дугаар сарын 14-д “Улс төрчдийн гарын бэлэг” хэмээх өвөрмөц нэгэн үзэсгэлэн дэлгэгдсэн билээ. МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд, "Нийгэм улс төрийн боловсрол төв"-тэй хамтран УИХ-ын гишүүдийн сонгогч, тойргийнхондоо өгсөн бэлэг дурсгалын зүйлс, аяга таваг, шанага, зурагт хуудас, гурил, будаа зэрэг олон зүйлсийг энд дэлгэсэн юм. Анх удаа дэлгэж байгаа энэ үзэсгэлэнгээс бэлгэнд ирсэн зүйлсийг харахаас гадна өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоо, улс төрчдийн хандлага харагдаж байлаа.
Уг үзэсгэлэнг оюутнуудынхаа хамт санаачлан, зохион байгуулсан МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, Улс төрийн шинжлэх ухааны доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
vip76: “Улс төрчдийн гарын бэлэг” үзэсгэлэн маш сонирхолтой байлаа. Цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж, олон нийтийн дунд сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөж байсан. Яагаад ийм үзэсгэлэн зохион байгуулахаар шийдсэн бэ?
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнуудад “Монгол улс төр” хичээл ордог. Энэ хичээлийнхээ хүрээнд өнөөгийн Монголын улс төрд сөрөг зүйл юу байна? ямар алдаатай үйлдэл байна вэ? гэдэг асуултыг дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд бид улс төрчид сонгогчдод бэлэг өгч буй энэ асуудлыг дэвшүүлж, судалгаа хийж үзсэн. Ингээд мэргэжлийн салбарын оюутнуудыг хувьд нийгмийн хариуцлага биелүүлж олон нийтэд улс төрийн боловсрол олгох зорилгоор энэ үзэсгэлэнгээ гаргасан. Ингэхдээ оюутнууд богино хугацаанд санамсаргүй байдлаар улс төрчдийн сонгуулийн болон сонгуулийн бус цагаар иргэдэд өгч байсан бэлгүүдийг цуглуулсан.
Үзэсгэлэнг зохион байгуулсан Багш, оюутнууд
Монголчууд улс төрчдийн бэлгийг олон жил шүүмжилсээр ирсэн. Гэсэн ч бэлэг өгөхөөр бүгд л авдаг, хэрэглэдэг. Бэлэг тараах болон авах нь буруу юм аа гэдгийг мэддэг хэрнээ өгөх бүрт нь авсаар л байдаг. Энэ бүхнийг цуглуулахад ямар их зүйл болж байгааг харуулах үүднээс үзэсгэлэн гаргаж, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
Улс төрч, нэр дэвшигч иргэд сонгогчдод бэлэг өгөх нь олон улсад хориотой, байж боломгүй зүйл. Энэ нь ямар нэг байдлаар өөрт давуу байдал үүсгэж байгаа юм. Сонгогчдын санал худалдан авах нэг хэлбэр гэж тооцогддог. Сонгогч тухайн бэлгийг авснаар бэлэг өгсөн улс төрчийнхөө төлөө саналаа өгнө гэсэн үг биш хэдийч улс төрд тэгш өрсөлдөх, сонгуулийг нэг гараанаас эхлэх түвшнийг хангах боломжгүй болгож байгаа юм.
Тиймээс энэ үйлдэл дараа дараагийн сонгуульд дахин давтагдахгүй байгаасай. Улс төрчид ийм үйлдэл хийхгүй байх ёс зүйтэй болох, бэлэг өгөх биш мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлддөг болоосой гэдгийг уриалсан үр дүнтэй үзэсгэлэн болсон. Бид үүнийгээ үргэлжлүүлэн оюутнуудтайгаа хамтран хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
vip76: Энэ бэлэг тараадаг байдлыг хэрхэн таслан зогсоох ёстой вэ?
Монгол Улсад сонгуулийн үеэр ийм үйлдэл их байсан. Харин сонгуулийн тухай хуулиараа энэ байдлыг хориглосон. Гэтэл бэлэг тараах байдал сонгуулийн бус үеэр хийгдэх болсон. Монголчууд олон ч баяр, наадам тэмдэглэдэг. Энэ үеэр бэлэг тараадаг. Мөн айлд орж ирсэн хүн хоосон орж ирэхгүй ямар нэг зүйл өгдөг нь ёс юм шиг болчихсон. Олон хүмүүс бодохдоо хүн юм өгч байхад яахав дээ авч л байя. Сонгохдоо өөр сонголт хийнэ гэдэг. Үүний цаана маш хортой нэг зүйл гарч ирж байна.
Улс төрч мөнгөтэй хэт их хамааралтай болж улс төрийг авлига, мөнгөнөөс ангид байлгая гэж бидний яриад байгаа зүйл хэрэгжихгүй байдал руу яваад байна
Тухайлбал, Нэг УИХ-ын гишүүн тойргийнхоо бүх айлд бэлэг тараая гэж бодоход. Энэ нь маш их хэмжээний мөнгө болно. Энэ бэлэг тараах үйлдэл нь цагаан сар, шинэ жил, ахмgдын баяр гэх мэт олон давтамжтай гээд бод. Маш их хэмжээний мөнгийг бэлгэнд зарцуулж байна гэсэн үг.
Наад зах нь хүний өдөр тутмын хэрэглээний нэг Цаг тооны бичиг, ном гэх мэт зүйлс дээр улс төрч өөрийн зургийг хэвлээд тараадаг. Хэрэглэх бүртээ тухайн улс төрчийн зургийг байнга хардаг гэсэн үг. Нүдэнд нь хоногшуулна гэдэг тактиктайгаар бэлгээ бэлтгэж, их хэмжээний мөнгө зарцуулж байгаа юм. Ингэсэн улс төрч сонгогдсоныхоо дараа улсын хөгжил, бодлого гэхээс илүү өмнө нь бэлгэнд зарцуулсан мөнгөө эргүүлж нөхөх, дараагийн мөнгөө олох зэрэгт анхаарлаа хандуулж улс төрч мөнгөтэй хэт их хамааралтай болж байгаа юм. Энэ нь улс төрийг авлига, мөнгөнөөс ангид байлгая гэж бидний яриад байгаа зүйл хэрэгжихгүй байлгахад нөлөөлж байна.
vip76: Сонгогч мөнгө, бэлэг авч саналаа худалдаж байна уу үгүй юу гэдгийг хянах боломж байна уу?
Одоогоор энэ талаар судалсан судалгаа алга байна. Ер нь иргэд нь улс төрийн боловсролгүй байх тусмаа авлига, хээл хахуульд автсан, тэдгээр хүмүүст ашигтай нөхцөл байдал үүсгэж байдаг. Ядуу буурай орнуудыг харахад эдийн засгийн өсөлтгүй, хүн ам нь ядуу, эрүүл мэнд, боловсролын асуудал орхигдсон. Иргэд нь улс төрийн мэдлэг боловсролгүй байх тусам бүх боломжоо гадагшаа алдаж байна. Тиймээс иргэдийн улс төрийн мэдлэг, сонгуулийн үеийн боловсрол маш чухал юм.
Хариуцлагатай иргэний нийгэм, хариуцлагатай иргэн байсан цагт буруу зүйл хийж, мөнгөөр өрсөлдөж, сонгууль хийж байгаа улс төрч, намуудтай хариуцлага тооцож чадна гэж үздэг.
Монгол Улсад иргэдийн улс төрийн боловсрол хангалттай биш байна. Сонгуулиар сонголтоо хийхдээ бодлого, мөрийн хөтөлбөрт нь анализ хийж үздэг хүн их цөөн. Сэтгэл хөдлөл болон нутаг нуга, жалга довны үзлээр, залуучууд эцэг эх эмээ өвөөгийн нөлөө болон цахим орчинд явж байгаа мэдээлэл дээр тулгуурлан сонголт хийж байна.
vip76: Монгол Улсын сонгуулийн тогтолцоо хэр оновчтой байна вэ? Сонгууль бүрээр л эрх баригч намууд хуулиа өөрчилж, тогтолцоогоо өөрсдөдөө ашигтай байдлаар тогтоосоор ирсэн. Угтаа манай улсад хамгийн тохиромжтой тогтолцоо нь аль нь вэ?
Дэлхийн улс орнууд сонгуулийн холимог тогтолцоо голлон хэрэглэж байна. Мажоритар тогтолцоо нь маш их дутагдалтай гэдгийг судлаачид тодорхойлдог. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж үзсэн. 2016 онд энэ тогтолцоо хадгалагдах байх гэтэл хуулиа батлахгүй цаг тулгаж мажоритар байдлаар явуулсан. Сонгууль ямар тогтолцоогоор явагдахыг парламентад суудалтай намууд шийдэж байна. Сонгуулийн тогтолцоо нь хэн эрх барих вэ гэдгийг шийдэж байгаа гол зүйл учраас Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд ч намууд зоригтой өөрчлөлт хийх сонирхол байхгүй байна.
vip76: Улс төр дахь бүх л асуудал эцэстээ улс төрийн намтай шууд холбоотой байна. Өнөөдрийн манай намуудын үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг нь тодорхойгүй байдал улс төрийн тогтворгүй, буруу зүйлрүү чиглүүлэх үндэс болсон гэж зарим судлаачид үздэг. Таны бодлоор энэ үндэслэлтэй юу?
Бид ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болох гэж байна. Гэтэл улс төрчид, намуудын авлигатай холбогдсон байдал, далд аргаар эрх мэдлийг хэрэгжүүлэх, хэт төвлөрсөн эрх мэдэл гэх мэт зүйлс хэтэрхий их байна. Улсын эдийн засаг ч муу, ядуурал өндөр, ажилгүйдэл ихтэй, боловсрол, эрүүл мэндийн асуудал хүнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн гэх мэт зүйлсийн үндэс суурь нь улс төрийн санхүүжилт, эрх мэдэл төвлөрсөн хүмүүсийн ашиг хонжоо хайсан байдалтай холбоотой.
Улс төрийн намын тухай хууль боловсруулаад өргөн барьсан ч хэлэлцэхгүй буцаачихсан. Хэлэлцээд сайжруулаад улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хариуцлага тооцох цаашлаад татан буулгах зэрэг арга хэмжээ авах боломжтой сайн боловсруулсан бэлэн хуулийн төсөл байна. Гэтэл энэ хуулийг батлах сонирхолгүй, хойшлуулаад байна гэдэг чинь улс төрийн нам дотор маш их асуудал байгааг харуулж байгаа юм.
Судлаачид маш олон жил улс төрийн намын санхүүжилтийн талаар ярьж, хэлж, хэлэлцүүлж байгаа. Миний өөрийн докторын судалгааны ажил ч энэ сэдвээр хийгдсэн. Судалгаа хийгээд харахад иргэний нийгэм санхүүжилтийг хянадаг байх ёстой. Иргэд улс төрийн боловсрол, мэдлэгтэй, хариуцлагатай сонголтоо хийж, улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэрийг олж хараад мониторинг хийж дүгнэдэг. Хариуцлага тооцож, хүлээлгэдэг болж эхэлбэл намчирхасан байдал засагдана.
Ц.Соёлмаа