Б.Эрдэнэдалай: Тогтвортой байдлыг хангасан бодлого ХЭРЭГЖҮҮЛЭХ хэрэгтэй
СЭЗИС-ит багш, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрбээр “Эдийн засаг сэргэж байгаа гэх боловч өнгөрсөн хугацаанд өрхийн амьжиргаанд төдийлөн эерэг өөрчлөлт гарсангүй ” хэмээн дүгнэв.
-Эдийн засаг сэргэж байгааг Ерөнхий сайд онцолсон. Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ өнгөрсөн онд 4.9 хувиар өссөн байна. Үүний бодит нөлөө эдийн засагт хэдий хугацааны дараа мэдрэгдэх боломжтой вэ?
-Иргэдийн дунд хүлээлт их байна. Эдийн засаг сэргэж байгаа гэх боловч өрхийн амьжиргаанд өнгөрсөн хугацаанд эерэг өөрчлөлт төдийлөн гарсангүй. Хэдий тийм боловч горьдлого байсаар. Засгийн газрын зүгээс түр зуурын арга хэмжээ авч ирлээ. Дотоодын үйлдвэрлэлд бус зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бонд гаргах замаар тулсан өрийн дарамтаа шийдвэрлэж, хугацааг нь сунгалаа. Энэ нь богино хугацаанд эдийн засагт тогтвортой байдал үүсгэх хэдий ч урт хугацаанд эргээд хүндрэл дагуулах эрсдэлтэй. Тиймээс дунд болон урт хугацааны тогтвортой байдлыг хангасан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Манай улс дотоод нөөц, боломжоо бүрэн ашиглаж чадаж байна уу?
-Хэрвээ нөөц, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж байсан бол эдийн засаг илүү эрүүл байх байсан болов уу. Цөөн үгээр хэлэхэд, манай улс дотоод нөөц, боломжоо хараахан ашиглаж чадахгүй байна. Асуудалд гал намжаах байдлаар хандаж байгаа нь хүндрэлийг улам гүнзгийрүүлэх болсон.
-Хувь хүний орлогын албан татварыг хуучин хэвээр нь Засгийн газар үлдээхээр боллоо. Энэ нь бизнесийн орчинд төдийгүй өрхийн эдийн засагт багагүй дэмжлэг болох байх. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэд хэдэн төрлийн татвар нэмсэн. Үүнийг Засгийн газар эргэн харж, зарим татварын хувь, хэмжээг хэвээр үлдээлээ. Татварын нэмэгдэл бизнесийн орчинд төдийгүй иргэдэд багагүй бухимдал төрүүлсэн. Төрийн бодлого эхнээсээ тооцоо судалгаатай байх ёстой атал эргэж буцсан шийдвэр гаргасан нь муу жишиг тогтоож, итгэл алдахад хүрч байна. Иргэдэд болон бизнесийн байгууллагад нэлээд чирэгдэл бий болгосон. Татвар төлдөггүй хэсгээсээ төр татвар авах хэрэгтэй. Ингэснээр татварын орлого нэмэгдэх боломжтой.
-Татварын шинэчлэл үргэлжилж байна. Шинэчлэлийн үр дүн бизнесийн орчинд хэдий хугацаанд харагдах бол?
-Тодорхой хугацаа хэлэхэд эрт байна. Ер нь татварын бааз сууриа өргөтгөх нь чухал гэдгийг дурдсан. Бизнесийн орлогоо тэр болгон тайлагнадаггүй, компаниуд одоо ч гэсэн байсаар байгаа. Тиймээс далд эдийн засгаа ил болгох нь татварын орлого бүрдэлтэд онцгой ач холбогдолтой. Татвараа шударгаар төлөөд явж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд ачаалал их ирдэг. Тэднийг ачаанаас үүрэлэх, хуваалцах үүднээс дотоодын нөөц боломжоо ашиглах хэрэгтэй. Үүнийг бодлогын хэмжээнд харах ёстой. Энэ байдал олон жилийн турш үргэлжилсэн.
-Засгийн газраас нийгмийн халамжийн зардлаа тэлж байна. Тухайлбал, төрийн албан хаагчийн цалинг хоёр удаа нэмэх, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоо мэдэгдлээ. Эдгээр нь одоогийн нөхцөлд үнэхээр биелэх боломжтой юу?
-Тодорхой тооцоо судалгаанд суурилж, үүнийг гаргасан байх. Нийгмийн халамж орхигдсон салбар. Гэхдээ өрийн дарамт, төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Тэтгэврийн сангийн алдагдал ч жил бүр нэмэгдэх болсон. Бодлогын тогтвортой байдалд нь илүү анхаарах хэрэгтэй. Түүнээс нэг удаа олгоод зогсох нь өрөөсгөл. Тиймээс эдийн засгийн нөөц боломжоо сайтар тооцоолох нь чухал.
-Том төслүүдээ хөдөлгөх шаардлагатайг цөөнгүй эдийн засагч хөндөж байсан. Одоогийн нөхцөлд үүнээс өөр гарц байна уу?
-Мега төслүүдээ урагшлуулах нь чухал. Одоо энэ байдлаараа эдийн засгаа аварна гэвэл улам хүнд байдалд орж мэднэ. Дотоод нөөц боломжийн нэг нь хүлээгдэж буй томоохон төслүүд. Тэрчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Мега төсөл хөдөллөө гэхэд эдийн засгийн ач холбогдол нь иргэдэд ээлтэй байлгахад анхаарах учиртай. Ингэснээр өрхийн амьжиргаа сайжирна.