Даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргахад хүндээ төвлөрч ажиллах хэрэгтэй
Монголын хохирогч үнэлэгчдийн холбооноос “Даатгалын талаарх хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх боломж” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Даатгалын холбоо, Зуучлагчдын холбоо, МХҮХ, АЖДХ зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай цөөн хором ярилцлаа.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр даатгалын талаарх хуулиуд, хэрэгжилтийн талаар хөндөж ярилцаж байна. Таны хувьд энэ хэлэлцүүлэгт ямар асуудлыг хөндөж байна вэ?
Даатгуулагчиддаа төвлөрч ажиллах шаардлага байгаа. Энэ талаар чухалчилж ярьж байна. Даатгал өөрөө хүн ардын нийгмийн хамгааллын чанартай, иргэдэд учрах санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилготой. Энэ утгаараа даатгал ач холбогдолтой. Гол нь үүнийг иргэд, даатгуулагчиддаа хүрч үйлчлэх талаас нь шинэ шатанд гаргах шаардлага байна.
Өнөөдөр иргэдийн даатгалд хандаж байгаа хандлага тийм сайн биш байгаа нь даатгалын компаниудын үйлчилгээтэй салшгүй холбоотой. Энэ талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр ярьж, гарц шийдэл хайх уу?
Алдаагаа засаж, шийдвэрлэх боломж хайж байгаа хэлэлцүүлэг. Тийм болохоор энэ асуудлыг ярилцана. Даатгалын болон зуучлалын байгууллага даатгуулагчийн эрх ашгийг орхигдуулж, иргэдийг даатгалд хамруулах, даатгалын хураамжийг төвлөрүүлэхэд ихээхэн анхаарч байна. Энэ бол том алдаа. Энд зөвхөн хүний асуудал яригдаж байгаа юм биш, хуулийн этгээд, төрийн болон хувийн өмч хөрөнгөө даатгуулж болдог.
Даатгалын 20 шахам нэр төрөл маань иргэн хүний амьдралын санхүүгийн бүх эрсдлийг хамгаалахад чиглэгдэх ёстой. Бид аливаа асуудлыг ярихдаа цаана нь хүний асуудлыг төв болгож ярих хэрэгтэй. Харамсалтай нь үүнийг орхигдуулдаг.
Даатгуулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалж, даатгалын байгууллагууд тэдэнд яаж хүрч үйлчлэх вэ? гэдгийг бодмоор байна. Энэ хэлэлцүүлгээр асуудлуудаа ярилцаж, шийдэл хайна.
Даатгалын байгууллагаас гадна, мэргэжлийн холбоонууд даатгалын талаарх хууль, журмуудын хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийвэрлэхэд ихээхэн үүрэгтэй ажиллах байх аа?
Мэргэжлийн холбоонууд ихээхэн үүрэг, оролцоотой. Даатгалын байгууллагаас гадна бие даасан Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, Даатгалын холбоо, Зуучлагчдын холбоо гээд мэргэжлийн холбоод байна. Энэ холбоонууд чиглэл, чиглэлийнхээ дагуу, даатгуулагчиддаа анхаарч, төвлөрч ажиллах шаардлага байгаа.
Гол нь даатгуулагчийн эрх ашгийг тэргүүнд тавьж чадвал даатгалд хандах иргэдийн хандлага өөрчлөгдөнө. Даатгалд хамрагдагчдын тоо, даатгалын хураажинд төвлөрөхөөс илүү хүндээ төвлөрсөн бодлого барьж ажиллаж чадвал даатгалын тогтолцоо шинэ шатанд гарах боломжтой.