2025.06.27

А.Ариунзаяа: Төрийн албан хаагчдыг цомхотгох дээр МАН эсэргүүцэн мэтээр зарлаад байна. Тийм биш

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, асуулт асуулаа.

Төсвийн тодотгол алдагдалтай орж ирж байгаа. Манайх шиг эмзэг эдийн засагтай, уул уурхайгаас хамааралтай дөнгөж хөгжиж байгаа улс орны хувьд бол алдагдалгүй төсөв гэдэг бол утоп юм. Эдийн засгийн тансаглалын эрх бол байхгүй. Тийм учраас алдагдалтай төсөв оруулж ирж бодит үнэнтэйгээ нүүр тулсанд би бол баяртай байна. Улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ч тэр төсвийн хориг орж ирэхгүй байх гэдэгт бас итгэлтэй байна. Хэмнэлтийн тухай хуулийг эргэн харах ёстой гэдэг байр суурь дээрээ байдгаа дахиад хэлэх гэсэн юм. 6 сарын 1-нээр бүтэн жилээр төсвийг нь батлаад өгчхөж байхад худалдан авалтаа хийж чадаагүй, тендерээ зохион байгуулж чадаагүй гээд төсвийг нь татаад авч байгаа нь үнэхээрийн харамсалтай. Эрүүл мэндийн салбараас татагдсан хөрөнгө оруулалтын зардлыг тавьсангүй. Чухал асуудлын эрэмбэ нь хаана явна вэ? Гадаадад нэр нүүрээ алдахгүй байх нь чухал уу эсхүл бол ард иргэдийнхээ эрүүл мэндэд хүний хөгжилд хөрөнгө оруулах нь чухал уу гэдэг нь бага ч гэсэн харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Харамсалтай байна. Тэгэхээр төрийн хэмнэлтийн тухай хуулиа бас эргэж хараарай. Төсвийн хуулиас давсан нэг асуудал байна. МАН-ын бүлэг хуралдсан. МАН-ын бүлэг төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг буцаах нь зүйтэй буюу татан авах улс төрийн шийдвэрийг гаргасан. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цомхотгол хийхийг МАН эсэргүүцэн больсон юм шиг мэтээр зарлаад байна. Тийм биш. Ухаалаг цомхотголыг хийх нь зөв. 36 сарын тэтгэмж, цалин хөлсний нэмэгдэл, докторын нэмэгдэл зэрэг дэвийн нэмэгдэлтэй холбоотой зүйл заалтууд юм. Тэгэхээр төрийн албан хаагчдын хувьд одоо яаран сандран тэтгэврээ тогтоолгох гээд эхсүл сандраад явах нь буруу. Төрийн албанд 15-аас дээш жил ажиллаж байж л тэтгэвэр тэтгэмжээ авах. 36 сарын тэтгэмжээ авах эрх үүсэх мэт орж ирсэн.

Нийт төрийн албан хаагчдадаа дахиад хэлэхэд УИХ дахь МАН-ын бүлэг төрийн албан хаагчдынхаа эрх зүйн байдлыг бууруулахгүй байх хохироохгүй байх тал дээр хатуу зогсоно. Энэ дээр ямар нэгэн байдлаар бүү айж эмээгээсэй гэж хүсэж байна 9.2 дээр төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээнд төрийн албан хаагчдад олгох цалин хөлс, нөхөн олговор, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах төр буюу бүр мөсөн зогсоох үндэслэл болохгүй гэдэг хуулийн заалт бол хэвээрээ байгаа. Энийг ч гэсэн хэвээр нь байлгах дээр тууштай байна. Харин төрийн албаны илүү ухаалаг байх реформын шинж чанартай асуудлуудыг явуулах нь эргээд хамтдаа хэлэлцэж цогцоор нь авч үзэх асуудал бол мөнөөс мөн гэдгийг дахин хэлье.

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.