Б.Эрдэнэдалай:
Монгол төрийн түшээ нь өндөр хариуцлагатай хүн байх ёстой
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, Доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
Энэ удаа Монголын өнөөгийн улс төрийн намын боловсон хүчнээ бэлтгэх байдал, төрийн түшээ гэж хэн болох, улс төрчийн бодит биш амлалтаас илүү бодлого, мөрийн хөтөлбөр яагаад чухал болох талаар хөндөн ярилцсанаа хүргэе.
Монгол төрийн түшээ гэж хэн бэ?
- Өргөн утгаар ойлгож болно. Жишээлбэл бид сонгуулиар саналаа өгөөд парламентын гишүүдийг сонгож байна. Тэднийг төрийн түшээд гэж хэлж болно. Гэхдээ УИХ, Засгийн газрын гишүүд л төрийн түшээ гэж хязгаарлах боломжгүй юм. Засгийн эрх барилцаж байгаа хүмүүс болон төрийн албанд тангараг өргөөд ажиллаж байгаа хүмүүсийг ч төрийн түшээ гэж ойлгож болох юм.
Улс төрч болон төрийн албан хаагчийн ялгаа юу вэ?
- Засаглалын хувиарлалтын зарчмаараа шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн 3 хэсэгт ойлгож болно. Энэ дундаа хууль тогтоох буюу парламентын гишүүдийг өргөн хүрээндээ төрийн түшээд гэж олон нийт харж байдаг. Төрийн түшээд нь ардчилсан сонгууль зохион байгуулж, олон зарчмуудыг хэрэгжүүлээд хууль тогтоох дээд байгууллагад гарч ирж байна. Энэ бол хуулийн дагуу хийгдэх ёстой ч манайд хуулиа зөрчиж гарч ирэх хандлага байсаар байна. Жишээлбэл санал худалдаж авах, хууль бус сурталчилгаа явуулах, хуульд заасан сурталчилгааны хугацаанаас урьтаж далд сурталчилгаа явуулж байгаа тохиолдол их бий. Тиймээс парламентад сонгогдож байгаа түшээд ямар арга замаар энэ албанд сонгогдож байна вэ гэдгийг харах ёстой.
Хэдийгээр намаас нэр дэвшиж гарч ирж байна гэдэг ч намдаа дэнчин өгч сонгогдох эрхээ олж авч байгаа тохиодол цөөнгүй юм. Энэ нь ч олон нийтэд нээлттэй биш байна. Ингэж эрх ашиг хөөцөлдөж төрд гарч ирж байгаа нь төрийн түшээ байх үүргээ биелүүлэхгүй, ард түмнээс хол тасархай байх нөхцөлийг бий болгодог.
Угтаа бол парламентад сонгогдож байгаа хүн төрийн бодлого, хуулийн үзэл санаа зэргийг бодох ёстой ч бодлогоо тодорхой болгож чадаагүй хүмүүс төрийн түшээ гэх нэр зүүж суух нь манайд элбэг болчихоод байна.
Сонгуульд саналаа өгснөөр иргэд төрийн эрх барих дээд байгууллагад өөрийн төлөөллөөр дамжуулан оролцож байна гэж боддог. Гэтэл энэ нь хангагдаж чадахгүй байна гэсэн үг үү?
- Хэн, хаана, ямар ажил гүйцэтгэж байна, тухайн албандаа өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллах нь төрийн түшээ хүнд тавигдах энгийн шалгуур юм. Цаашлаад төрийн өндөр албанд ажиллаж байгаа хүмүүс бол маш өндөр ёс зүйтэй, зарчимч байх ёстой. Аль нэг улс төрийн намаар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцож байгаа учраас намын эрх ашиг байх нь ойлгомжтой.
Гэхдээ иргэд, сонгогчдын хүсэж байгаа зүйл болон шаардлагыг тодорхой түвшинд хүргэхийн тулд мөнгөнөөс хараат бусаар ажиллах шаардлагатай юм.
Тэгвэл төрийн албанд ажиллах хүн ямар шалгууруудыг хангасан байх ёстой вэ?
- Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч хүн ямар байх тухай болон тавигдах шаардлага, шалгууруудыг маш тодорхой заачихсан байдаг. Үүнд; “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.”, “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална” гэж заасан. Үүгээрээ төрд ажиллах хүн зөв хүн байх ёстой гэдгийг тодорхойлоод өгсөн. Зүгээр л улс төрийн томилгоогоор дурын хүн төрийн албанд, төрийн түшээ хийгээд явах боломжгүй.
Төрийн албыг Мерит буюу чадахуйн зарчимд нийцсэн нэгэн хаших ёстой юм. Өнөөдөр ингэж чадвал Монгол төрийн унасан нэр хүнд дээшилнэ.
Төрийн түшээ хүн бол төрд алба хашихдаа өөртөө болон хэн нэгэнд аятай таатай нөхцөл, ашигтай боломж бий болгох биш төрийн үйл хэргийг хэрэгжүүлэх нэг институци юм.
Парламентын засаглалтай улс орнуудад төрийн түшээдээ ард түмэн өөрсдөө сонгож байна. Харин тухайн түшээдийг нэр дэвшүүлж байгаа институци нь улс төрийн намууд байдаг. Тэгэхээр улс төрийн намын боловсон хүчний бодлого төрийн боловсон хүчин буюу түшээдийг бий болгож байна гэж ойлгож болох уу?
- Өнөөгийн манай улсад байгаа улс төрийн намын дотоод ардчилал, төлөвшилийг харвал асуудалтай зүйлс бий. Дотоод ардчилалтай улс төрийн нам гэвэл бүх түвшнийхээ гишүүдийн санал, дэмжлэгийг авч, асууж хэлэлцүүлдэг байх ёстой. Гаргаж ирж байгаа бодлого нь урт хугацааны бодит уу? Богино хугацааны зөвхөн сонгуульд ялах гэсэн бодит бус зүйл үү гэдгийг анхаарах ёстой. Өнөөгийн намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийг харахад түр зуурын шинжтэй зүйлс их байна. Угтаа эрдэмтэн, судлаачид мөн улс төрийн намынхан ч “нам бол бодлогын нам байх ёстой” гэж байгаа боловч энэ шалгуураа давж байгаа нь маш цөөхөн байна. Тэгэхээр боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байна гэж харагддаг.
Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл бол улс төрд удаан байж, намын гишүүн, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн хүүхэд, дүү нар улс төрд ихээр орж ирж байна. Бид эдгээр хүмүүсийг бэлтгэгдсэн төрийн түшээд гэж үзэх үү? Гэдэг асуудал гарч ирж байна.
Монголын түүхэнд төрийн түшмэд нь хэдэн үеэрээ удмынхаа нэр төрийг залгамжлан эрдэм мэдлэгт боловсорч төрийн үйл хэргийг үргэлжлүүлдэг байсан. Харин өнөө цагт ах дүү хамаатан саднаараа төрийн алба, улс төрд орж ирэх нь буруу зүйл үү?
- Сайн талаас нь харвал улс төрчийн гэр бүлд төрж, өссөн, төрийн ажил, алба хэрхэн явагддаг, төрийн түшээ хүн хэрхэн цаг наргүй ажиллаж, улс орон, ард түмнийхээ төлөө сэтгэл гарган зүтгэдэг гэдгийг багаасаа л харсан хүн эцэг эхээ дууриаж сайн төрийн түшээ болж, эрдэм боловсрол, төлөвшлийг олсон байх магадлалтай гэж харж болох юм. Сөрөг талаас нь харвал улс төр, төрийн албанд байсан эцэг эх нь авлига хээл хахуульд нэр холбогдсон, ямар нэг байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт буруу зүйл хийж байсан бол дараа үеийнхэнээ төрдөө ээлтэй биш хүмүүс болгон бэлтгэж байхыг үгүйсгэхгүй.
Тэгвэл сонгогчид саналаа өгөхдөө улс төрчийг хэрхэн таних ёстой вэ?
- Тухайн хүн өмнө нь ямар ажил хийж байсан. Дэвшүүлэн тавьж байгаа бодлого нь юу юм. Ямар судалгаан дээр суурилан, яг юу хийхээр зорьж байгаа юм гэдгийг харах ёстой. Судлах ёстой. Тэрнээс биш ямар ч судалгаагүй, сонгогчидод таалагдах гэсэн бодитоор хэрэгжих боломжгүй зүйл яриад, дэвшүүлээд явж байгаа бол тэр хүн таны төлөө биш өөрийнхөө төлөө л төрийн эрхийг барилцах гэсэн оролдлого хийж байгааг анхаарах хэрэгтэй. Монголчууд 4 жилээр сонгууль хийж парламентын гишүүдээ сонгодог. Сонгуулиар олонхи болсон нам нь муу ажиллавал энэ нь болохгүй байна гэж үзвэл дараагийн сонгуулиар нөгөөд нь Засгийн эрхийг шилжүүлдэг байдлаар нилээн олон жил явлаа.
Бид туршилт хийж үзээд зөвийг нь сонгох хугацаа хангалттай боллоо. Одоо Монголчууд сонгуульд хариуцлагатай хандах ёстой. Сонгуулийн бус үед мөнгө өгч, бэлэг тараагаад бодлогоор биш өөр зүйлээр өрсөлдөөд төрийн түшээ гэдгээ ухамсарлаагүй явж байгаа хүнийг дахин сонгох хэрэг байхгүй. Хэрвээ танд мөнгө өгч, хүүхдийг тань сургууль оруулж, бэлэг өгч байгаа бол үүнээс ч илүү боломжийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд бий болгож байгаа юм. Яагаад биднийг мөнгө, бэлгээр хуураад яваад байна вэ гэдгийг бодож сонголтоо хийх ёстой.
Монгол төрийн түшээ, парламентын гишүүн хүн гэдэг бол өндөр соёл, ёс зүй, боловсрол нэр хүнтэй ажил. Гэхдээ ард иргэд, нийгэмээ хамгийн сайн хөгжин дэвших боломжит хувилбаруудыг гаргаж ирж чадах хүн л парламентын гишүүн болох ёстой. Олон хүн УИХ-ын гишүүн болохоор нэр дэвших боломжтой хэдий ч бид зөв хүнийг олж сонгох, мөрийн хөтөлбөр, бодлоготой нь танилцаж биелэх боломжтой бодитой зүйлийг санал болгож байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой.