Чинзориг.С 2016.08.15 | Сонин: Өнөөдөр сонин

С.Чинзориг: Хул айраг залгилчихаад, дотор халуу оргисон шиг ээ, адуугаа хайгаад цогиж явах сайхан шүү

С.Чинзориг: Хул айраг залгилчихаад, дотор халуу оргисон шиг ээ, адуугаа хайгаад цогиж явах сайхан шүү
УИХ-ын гишүүн С.Чинзориг

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

-Та нэгэнтээ “Би төрийн ордонд сууж үзээгүй хүн биш” гэж байсан. Гэхдээ л төрийн түшээ болоод ордонд орж ирэхээр арай өөр мэдрэмж төрөх юм уу, ялгаагүй юү?

-Миний хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, Тамгын газрын дэд дарга, дэд сайд гээд сүүлийн 12 жил ордон хавиар алба хашиж яваа хүн.

Тиймээс нэг их ялгаа мэдэгдэхгүй л дээ.

Гэхдээ бас ард түмнийхээ итгэлийг хүлээгээд УИХ-ын гишүүнээр сонгогдчихлоо гээд бодохоор арай өөр байдаг юм билээ.

-2008, 2012 оны сонгуулиар харамсалтайгаар ялагдаж, парламентын гадна үлдсэн таныг өвөрхангайчууд энэ жил дахиад илт давуугаар сонголоо. Таныг УИХ-ын гишүүн болоход хамгийн их баярласан нь магадгүй сонгогчид тань байх. Гишүүн болсны дараах өдрүүд их завгүй өнгөрч байна уу?

-Тийм ээ. Өвөрхангайчууд МАН-ыг, эндээс нэр дэвшсэн миний биеийг дэмжиж ирсний нотолгоо нь өнгөрсөн сонгуулийн дүн байлаа.

2012 оны сонгуулиар би Өвөрхангай аймгийн нийт сонгогчийн 40 хувь буюу өрсөлдөгчөөсөө 3500-6700 хүнээр илүү санал авсан шүү дээ.

Тойргийн хорооны тогтоолын дагуу түр үнэмлэхээ аваад байтал тухайн үеийн эрх баригчид шүүхэд нөлөөлөх замаар сонгуулийн дүнг өөрчилснийг олон түмэн мэдэж байгаа.

Энэ бол Чинзориг гэдэг хувь хүн хохироод өнгөрөхөөс гадна сонгогчид маань давхар хохирсон харамсалтай хэрэг байсан.

Тэгвэл өнөө жил манай өвөрхангайчууд өмнөх сонголтоо баталгаажуулж чадсан учраас энэ ялалт тэдэнд ч хамаатай.

Миний хувьд одоо олон түмнийхээ итгэл сэтгэлийг дааж, ачийг нь заавал хариулах хүнд ачаа ирлээ хэмээн бодож сууна.

-Тангараг өргөөд та хамгийн түрүүнд хэн рүү утас цохиж баяраа хуваалцсан бэ?

-Гэр бүлийнхэнтэйгээ ярьсан. Анхдугаар чуулганы нээлтийн өдөр мэдээж нутгийнхан, сонгогчид маань надтай тасралтгүй холбогдсон. Одоо ч утсаар байнга ярьж, мессеж бичдэг.

-Янз бүрийн гуйлт хүсэлт ч тасардаггүй байх, тийм үү?

-УИХ-ын гишүүнийг би учиргүй айхтар эрхтэй дархтай хүн гэж ойлгодоггүй. Харин ч сонгогчдынхоо өмнө тулгамдсан асуудлыг төр, засгийн түвшинд дуулгаж, хууль эрх зүйн хүрээнд шийдэх үүрэгтэй элч төлөөлөгч байх ёстой.

Гэхдээ манай ард түмэн төр төмбөгөр, ёс ёмбогор хэмээн төрийн сүлдээ хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай учраас түшээдээ ч тэгж хүндэтгэх нь элбэг.

Хашиж үзээгүй албан тушаал биш, заавал сайд болно гэж зүтгэх шалтгаан байхгүй.

Би тэгж хүндлүүлэхээсээ илүү олон түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө гүйхийг хичээж байна. Гэвч миний шийдэж чадах, чадахгүй зүйл гэж бий.

Ард түмний амьдрал ерөнхийдөө тааруу, орлого бага, ажлын байр хомсдолтой байгаа учраас иргэдээс хувийн чанартай янз бүрийн санал хүсэлт ч их ирдэг юм байна.

Тэглээ гээд хүссэн хүнийг ажилд томилох талаар хөөцөлдөх боломж, тийм эрх ч надад үгүй тул аль болохоор зөвөөр ойлгуулахыг хичээдэг. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль тогтоох.

Тэр дундаа миний бие МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан, ялангуяа Нийгмийн бодлогын ажлын хэсгийг ахалсан учраас энэ чиглэлээр мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа судлах, биелүүлэхэд түлхүү анхаарч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө ажиллана.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр мэргэжлийн, туршлагатай хүний хувьд таныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилогдох болов уу гэсэн таамаг явж байсан. Танд өөрт тань тийм хүлээлт байв уу?

-Үнэнийг хэлэхэд надад сайд болъё гэсэн бодол байгаагүй. Яагаад гэхээр манай намын мөрийн хөтөлбөрт давхар дээлнээс аль болох татгалзана гээд тусгасан учраас түүнийгээ биелүүлэх хэрэгтэй.

Хашиж үзээгүй албан тушаал биш, заавал сайд болно гэж зүтгэх шалтгаан байхгүй.

Ер нь төрийн эрхэнд сонгогдсон хүмүүс хүсэл, шунал, ашиг сонирхлоо тодорхой хэмжээгээр хойш тавьж, дарах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж төрийн ажил урагшилна.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн танай намын зарим томилгоо олон түмний гайхашралыг төрүүлсэн. “Надад энэ яамыг хариуцуулбал тэгнэ, ингэнэ” гээд өөрийгөө нэр дэвшүүлээд сайд, дэд сайд болчихдог хачин тогтолцоо цаашид жишиг болох вий гэх нь ч байна. Таныхаар энэ засаг мэргэжлийнх байж чадах уу?

-Мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай асуудлыг би хоёр талаас нь харж байгаа.

Нэгдүгээрт, тухайн салбартаа ажиллаж үзсэн, мэргэжлийн, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэх боломж бий.

Нөгөө талаар, хэдийгээр тухайн салбарт төрийн албанд нь ажиллаагүй ч ямар нэг хэмжээгээр холбоотой байж үзсэн, зовлон, жаргалыг нь мэддэг, мэргэшсэн хүмүүсийг томилж бас болно.

Ямартай ч Засгийн газар бүрдлээ. УИХ-д 65 гишүүнтэй бүлэг байгаа учраас тэдний дэмжлэгтэйгээр ажлаа шуурхай, сайн л хийх хэрэгтэй.

Ер нь бид томилгоо хийхдээ “Хэнийг сайд болгох вэ” гэдгээ ярихын өмнө ямар шалгуур, зарчим баримтлахаа тогтох хэрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрмээ тодорхой болгоод, олон нийтэд зарлачихвал үл ойлголцол, маргаан үүсэхгүй гэдэг саналаа сая Бүлгийн хурал дээр ч би хэлсэн.

-Та УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтраад хоёр ч хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байсан. Эхнийх нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн гэж байсан. Үүнийг тайлбарлана уу?

-Одоо манайд мөрдөж байгаа хуулиар бол эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж болдог хэрнээ нийгмийн даатгалын шимтгэл нь зөвхөн тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгддөг.

Гэтэл манайд эхчүүдэд долоон сар л тэтгэмж олгодог учраас үлдсэн хоёр жил гаруйн хугацаанд нийгмийн даатгал нь төлөгдөхгүй, тасрахад хүрдэг.

Тиймээс бидний санаачилсан хуулийн төсөлд хүүхдээ гурван нас хүртэл нь харсан эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөхөөр тусгасан байгаа.

Нөгөөтэйгүүр, олон хүүхэд төрүүлсэн эхчүүд цөөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг учраас тэтгэвэр нь бага тогтоогддог. Тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн хувьд хүүхдийнх нь тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1.5 жилээр нэмж тооцох тухай хуулийн төсөл санаачлан Засгийн газарт хүргүүлсэн.

Энэ хуулийн төслийг дэмжиж баталбал манай эхчүүд улсад ажилласан жилээ нэмэгдүүлэн, хожим тэтгэврээ өндөр тогтоолгох боломж нээгдэж, амьдралын баталгаа нь ч дээшилнэ гэсэн үг. Тэгэхээр олон хүүхэд төрүүлж, өсгөснийхээ ач буяныг жинхэнэ утгаар нь эдлэх юм.

-Удаах нь Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл гэл үү. Ингэхээр төсөвт ачаалал нэмэхгүй юү?

-Өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая иргэний 30 хувь нь малчин, 20 гаруй хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа. Нийт ажиллах хүчний 50 гаруй хувийг эзэлж байгаа эдгээр иргэний дөнгөж 10-15 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Энэ өрөөнд Хүрэлбаатар гишүүн сууж байсан гэсэн. Түүнээс өмнө Дашдорж гишүүн байсан юм билээ.

Тиймээс бид өнөөдрийг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэд болон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод, нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт хүргүүллээ.

Ингэснээр малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ цаашид өөрсдөө төлөөд явах, хожим нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрдэнэ.

Тэгэхгүй бол тэдгээр хүн өндөр настай болсон хойноо халамжийн тэтгэвэр авахад хүрнэ.

Үүний санхүүжилт улсын төсвөөс гардаг учраас харин ч тэр үед төсөвт ихээхэн ачаалал ирэх юм.

Тэгэхээр энэ төсөл батлагдсанаар улсын төсөвт болон нийгмийн даатгалын санд ачаалал ирэхгүй гэсэн үг.

Яваандаа хүмүүс өөрсдөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлчих учраас сангийн хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдэх бүрэн боломжтой.

-УИХ-ын гишүүн, сайдын сэнтийд очсон хүмүүс хүссэн, хүсээгүй бусдын нүдэнд тааламжтай сайхан харагдаад эхэлдэг нэг тийм өнгө мөнгөний нийгэмд бид амьдарч байх шиг. 2012 оны сонгуулийн дараа та өлсгөлөн зарлана гээд явж байсан. Тэр үед зай барьж дөлөх маягтай байсан хүмүүс одоо эргээд тал засах ч гэдэг юм уу, тиймэрхүү хандлага мэдрэгдэж байна уу?

-Амьдралын урт замд янз бүрийн зүйл тохиолдохыг алийг тэр гэх вэ. Тэр хэрээрээ амьдрал олон шалгууртай. Хүмүүс хоорондын нөхөрлөлийг ч шалгах тийм үе байна.

Албан тушаал дагаж нөхөрлөсөн, түр зуурын хэрэгцээ шаардлагаар ойртож дотноссон зарим нь замын дундаас гээгдээд үлдэх нь бий.

Андын журмыг хатуу сахиж, ямар ч үед нэг зангаараа байдаг, халуун сэтгэлтэй найз надад цөөнгүй шүү.

Тэр нь манай өвөрхангайнхан. Эр хүн ноён нуруутай, хэзээд хэнд ч нэг л зангаараа байх ёстой гэсэн зарчмыг би амьдралд ч, улс төрд ч баримталдаг.

Намайг Өвөрхангай нутгийнхаа төлөө чадах бүхнээ зориулахыг хүсдэг нэгэн үзүүрт сэтгэлтэй гэдгийг ойлгодог, мэддэг учраас тэд өнөөг хүртэл миний хажууд байгаа болов уу.

-Таны энэ өрөөнд урьд нь ямар гишүүн сууж байсан билээ?

-Энд Хүрэлбаатар гишүүн сууж байсан гэсэн. Түүнээс өмнө Дашдорж гишүүн байсан юм билээ.

-Та өрөөнийхөө тавилга сэлтийг сольж амжсан уу?

-Амжаагүй ээ. Солих гэж яарах хэрэггүй байх. Зарим тавилга нь нэлээд хуучирсан, солих болсон юм билээ. Гээд яах вэ.

Төрөөс өгсөн өрөө, тавилгыг юуг нь голох вэ.

Төсөв мөнгөний боломж байгаад сольж өгвөл тэр л биз.

Миний хувьд ажлын өрөөний гоё ганган байхад анхаарахаас илүүтэй урдах ажлаа л хариуцлагатай, сайн хийхийг хичээнэ.

-Танайх дөрвөн хүүхэдтэй байх аа. Хүүхдүүдийнхээ ажил, мэргэжлийг сонгоход та хэр оролцдог вэ?

-Манайх дөрвөн охинтой. Охидоо мэргэжил сонгоход нь аав хүний хувьд зөвлөж, ярилцалгүй яах вэ.

Гурван охин маань аавынхаа мэргэжлийг дагаж, эдийн засгийн чиглэлээр суралцсан.

Ажилд ороход нь харин миний оролцоо байгаагүй.

-Та ямар хообийтой вэ?

-Миний хувьд морь мал уяж сүйд болдоггүй. Гэхдээ монгол эр хүн байна даа, нутагтаа хоёр, гурван азарга адуутай. Тэндээ жилд ганц нэг удаа очвол барав болчихоод байна.

Өвөрхангай сийлбэрийн өлгий нутаг шүү дээ.

Гэхдээ монгол эр хүн байна даа, нутагтаа хоёр, гурван азарга адуутай.

Монголд сийлбэрээр таван гавьяат цолтон төрсний гурав нь Өвөрхангайнх, тэр дундаа манай Хужиртын уугуул байдаг юм. Тиймээс нутгийнхаа онцлогийг дагаад, модон сийлбэрийн бага сага цуглуулгатай.

Өвөрхангайд ажиллаж байхдаа загасчлах дуртай байсан.

Хоёр хөгшнөө өөд болсноос хойш загас жараахай хөөцөлдөхөө больсон. Ер нь нас ахиад ирэхээр хүний хообий багасаад байдаг юм биш үү.

-Та хамгийн сүүлд хэзээ морь унасан бэ. Нутагтаа тухтай очиж, адуунд явахыг хүсдэг үү?

-Хүсэлгүй яах вэ. Залуудаа хөдөө очихоороо адуунд явдаг байлаа. Өглөө эрт хөхүүртэй айргаа хэд бүлээд, нэг хоёр хулыг залгилчихаад, дотор халуу оргисон шиг ээ, адуугаа хайгаад цогиж явах ч мөн сайхан шүү.

Даанч хүссэний зоргоор нутагтаа очиж, тухтай амрах боломж бага юм даа.

Өнгөрсөн жил харин Бат- Өлзий, Уянга сум орж, морьтой уул хадаар жаахан явсан.

Найман нуурын дээд эхэнд байдаг, Сайн ноён Намнансүрэн гуайн амардаг байсан халуун рашаанд орсон юм байна.

Энэ жил аймгийнхаа наадмаар түр очихдоо морь унасаан унасан.

-Ингэхэд та гэр бүлийнхээ хүнтэй хамгийн сүүлд хэзээ үзвэр үзсэн бэ?

-Би ер нь урлаг соёлын, хошин шогийн мэдрэмж тун тааруу, хөшүүн хүн дээ (инээв).

Хамгийн сүүлд хэзээ үзвэр үзсэнээ сайн санахгүй байна аа.

Нээрэн, өнгөрсөн жил ордонд “Чонон сүлд” киног УИХ, Засгийн газрын гишүүдэд үзүүлэхэд эхнэртэйгээ үзсэн юм байна.

Ярилцсан Л.ГАНЧИМЭГ