АН бол хэдхэн хүний асуудал биш
Н.Тэгшбаяр
2016.08.10

АН бол хэдхэн хүний асуудал биш

АН-ын гишүүн Н.Тэгшбаяртай ярилцсанаа хүргэе. 

-Өнгөрөгч сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Танай намынхан бол улс төрийн хүрээнийхэн олон нийт АН-ын ялагдлын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Таны хувьд АН юунаас болж ялагдсан гэж дүгнэж байна?

-Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн орчин сайнгүй байсныг бүгд мэдэж байгаа. Гэсэн хэдий ч өнгөрөгч дөрвөн жилд Ардчилсан намыг хангалттай сайн ажилласан гэж хэлмээр байна. АН нийгмийн шинэчлэл, бүтээн байгуулалтад бодиттой зоримог алхамууд хийсэн боловч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг.

Гэхдээ үүнд бодит үнэлгээ дүгнэлт өгөх нь зүйн хэрэг. АН яагаад ялагдсан бэ?. Энэ асуултад хүн бүр янз бүрийн тайлбар хэлж байна.   

Юуны өмнө сонгуулийн системээ өөрчилсөн нь ялагдлын үндсэн шалтгаан болсон байх талтай. Сонгогчдын санал ихээр гээгддэг тийм хоцрогдсон системээр бид сонгууль хийлээ. Үүний зэрэгцээ  намын дотоод фракциуд, лидерүүдийн зөрчил, эв нэгдэлгүй байдал, сонгогчдын итгэл хугалсан үйлдлүүд ялагдлын үндсэн шалтгаан боллоо.

Нөгөө талаар тэмээ ямаа эвцэлдүүлж байгаа мэт тооцоо судалгаагүй өөр функцтай агентлагуудыг нэгтгэсэн, сонгогчдын бүртгэлийн асуудлыг нэг мөр шийдэж чадаагүй, царцааны нүүдэл зэрэг олон хүчин зүйлс энэ удаагийн ялагдалд нөлөөлсөн. Хамгийн ойрын тод жишээ гэхэд л сонгуулийн кампанит ажлыг хангалтгүй явуулсан, сонгуулийн сурталчилгааны хэдхэн хоногт намын сонгуулийн төв штабын удирдлага 2-3 удаа солигдсон байх жишээтэй. Одоо ч дуулиан нь тасраагүй байгаа Эрдэнэтийн ОХУ-ын эзэмших хувийг Монголын талд шилжүүлсэн тухай мэдэгдэл нь олон нийтийг цочиролд оуруулсан байж болох талтай. Уг нь зөв асуудлын зөв мөн чанарыг олон нийтэд зөвөөр ойлгуулалгүй сонгуультай зэрэгцүүлэн мэдээлэл хийсэн нь алдаа болсон байхыг үгүйсгэхгүй.

-АН-ыг сонгуульд ялагдахтай зэрэгцээд намын шинэчлэлийн асуудал зүй ёсоор яригдаж байгаа. Та ч бас АН-ыг шинэчлэх ёстой гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлж байгаа. Гэхдээ АН-ын шинэчлэгдэх цаг мөн үү. Хэрэв мөн бол яаж шинэчлэх ёстой гэж?

-Аливаа улстөрийн хүчин сонгуульд ялагдал хүлээсний дараа дотооддоо дүгнэлт хийж, алдаа оноогоо цэгнэдэг нь жам юм. Ардчилсан нам Монгол Улсад ардчиллыг авчирсан түүхэн гавьяаг нь хэн ч хэзээ ч баллуурдаж чадахгүй. АН өчигдөрхөн бий болчихоогүй, өөрийн гэсэн концепцтой, Монгол төрийн нэг багана болж явсан, ачааны хүндийг үүрэлцэн 26 жил оршин тогтносон нам. Ийм учраас АН-ыг  шинэчлэн бэхжүүлж нээлтэй болгох ёстой.

АН бол хэдхэн хүний асуудал биш, Монгол Улсын ирээдүй, хувь заяаны асуудал учраас энэ намыг шинэчилж нээлттэй болгох нь чухал. Энэ намын амин сүнс нь ардчилал юм шүү дээ. Энэ бүгдийг ойлгосон, намаа гэсэн олон хүмүүс байгаа нь сайн хэрэг.  Хамгийн гол нь гурван цагийн хэлхээсийг зөв гагнах ардчиллын амин сүнс байдаг. Ахмадуудын туршлага, дунд үеийн хүмүүсийн байр суурь, залуусын эрч хүч, ирээдүйн төлөөх итгэл гээд олон зүйлийг нэгтгэж сүлэлдүүлж ажиллах нь чухал гэж бодож байна.   

-Аливаа улстөрийн хүчинд эв нэгдэл, үүнийг бэхжүүлсэн бодлого юу юунаас чухал. Тэгэхээр эхлээд ямар алхам хийх ёстой гэж үзэж байна?

-Манай байгуулагдаж байсан цагаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн, хугацаанд нийгмийн сэтгэл зүй, хүн амын бүтэц  технологийн хувьсгалыг дагаад өөр болсон байна. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөс хамаарч дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж байна. Мэдээллийн хэрэгсэл гэхэд л монополь байж, “хүний ам таглаж” чадахаа больсныг та бид харж байгаа. Олон нийтийн сүлжээ эрчимтэй хөгжихийн хэрээр үзэл бодлын эрх чөлөө ч хүчтэй давалгаалж байна.

Энэ бүхнийг харгалзан үзэж намын дүрэмдээ өөрчлөлт оруулах цаг болсон. Жирийн гишүүд нээлттэй Ардчилсан намыг хүсч байна. Ардчилсан нам нээлттэй нам болохын тулд дүрмээ сайжруулах хэрэгтэй. Намын даргыг үндэсний хэмжээнд марафон хийж сонгох хэрэгтэй. Нөгөө талаар, намын гишүүнчлэлээ анхаарах цаг болжээ. Хүний нөөцөө хариуцдаг хараат бус, бие даасан Бодлогын зөвлөл байнга ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Тодотговол, Үндсэн хуулийн цэц шиг тийм бие даасан зөвлөл байх хэрэгтэй.  

Өнөөдөр Ардчилсан нам маш олон фракцид хуваагдаж, үүгээрээ дамжуулаад хүмүүсээ хайрцаглачихдаг болоод удлаа. Улмаар намын анхан болон дунд шатны үүрүүд дээр мөн л фракцийн хайрцаглалт яг хэвээрээ хадгалагдаж байна. Тиймээс аль фракц тухайн үүр дээр нөлөөтэй, хэдэн хүнтэй байгаагаас хамаарч тухайн шатанд гол гол шийдвэрүүд гарч байгаа нь үндсээрээ буруу тогтолцоо. Бүр цаашилбал манай намын анхан шатны үүрүүд дээр нөлөөтэй байгаа фракциуд хэнийг намын гишүүнд шинээр элсүүлэх эсэхийг шийддэг гажиг тогтолцоо бий болсон. Ардчилсан намын үзэл санааг дэмжиж намд элсэх гэсэн залуусыг хэний фракцид орох эсэхийг нь тандаж байгаад элсүүлэхгүй хааж боодог, хаалттай болсон байна. Монгол Улсын хуулиар тогтоосон насанд хүрсэн, бидний үзэл санааг дамждэг аль ч иргэнд манай намын үүд хаалга нээлттэй байх ёстой.

-Намын анхан, дунд шатанд энэ мэт гажиг тогтолцоо байгааг тэр бүрий хүмүүс мэдэхгүй байх л даа. Үнэндээ бол ард түмэн танай намыг удирдах түвшиндээ ойлголцдоггүй, фракциуд нь үргэлжийн зодоон тэмцэлтэй байдаг гэж хардаг?

-Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас доороо гүйдлээ олохгүй байна шүү дээ. Сонгуулийг үзэл санааны фэнүүд хийх ёстой. Гэтэл өнөөдөр нэр дэвшигч яваад очихоор цалин өг гэж нэхдэг. Хэн нэгэн үзэл санааны дагуу итгэл үнэмшлээ өгөөд намын гишүүн болох нь ч хаалттай. Тэр ч бүү хэл шөнө дөлөөр гэнэт таньдаг хэдэн хүн рүүгээ утасдаад хурлаа нууцаар хийх асуудал ч намын анхан, дунд шатанд олширчээ. Сонгуулийг ийм хөлсний ажилчид биш үзэл санааны фенүүд хийж, сайн дураараа ажиллах ёстой юм.

Аль ч сонгууль болоход намын гишүүн шинээр байгуулагдах Бодлогын зөвлөлд хандах юм. Тэгээд онлайнаар “би нэр дэвшмээр байна” гэж бүртгэлээ хийлгээд, тэрийг нь Бодлогын зөвлөл батламжсанаар тухайн гишүүн намын дотоод болон төрийн сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байх ёстой. Ингэж байж бид нээлттэй Ардчилсан нам болно.

-Ардчилсан нам 10-аад жил Их хурлаа хийсэнгүй, намын дүрэмд заасан ротаци бараг явагдахаа байсан, цус ойртсон гэдэг. Энэ үнэн үү?

-Үнэн. Өнөөдөр манай нам шиг хаалттай нам байхгүй гэхэд болно. Намын удирдлага нь Үндсэн дүрмээ зөрчихөөс эхлээд маш олон дутагдал үүрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд намынхаа даргаа Их хурлаар батламжилаагүйг монголчууд бүгд мэднэ. Одоо бид ҮЗХ-ны хурлууд, түүнчлэн намын Их хурлаа нээлттэй хийж, чөлөөтэй ярьж буглаад байгаа идээ бээрийг ард түмнээр шахуулах ёстой.

Энэ бүх алдаа дутагдлаа ард түмний өмнө нээлттэй ярьж байж сая алдагдсан итгэлийг сэргээх учиртай. Тэгэхээр юуны өмнө намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, дүрэм журмаа зөрчдөг намын удирдлагаа яах ёстой юм гэх зэрэг олон асуудлаа нэг мөр шийдэх хэрэгтэй болжээ. Ерөөсөө тоглоомын дүрмээ тодорхой ойлгомжтой болгох юм.

-Эмэгтэйчүүдийн квотын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол Үндсэн хуулиараа олгогдсон асуудал учраас эмэгтэйчүүд нийгмийн бүх салбарт эрх тэгш оролцох ёстой. Монгол ёс заншилд эмэгтэй хүнийг дорд үздэггүй, үеийн үед нийгмийн бүх салбарт эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн эрх тэгш оролцсоор ирсэн түүхтэй.

Ийм учраас эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо хязгаарлагдмал, сурч боловсрох, ажиллах хөдөлмөрлөх эрхийг нь хуулиар болон ёс заншлаараа хааж боодог орнуудад байдаг эмэгтэйчүүдийн квот манай орны нөхцөлд тохиромжгүй юм. Ерөөсөө улс төрд эрэгтэй эмэгтэй гэж ялгаварлалгүй чадвараараа эн тэнцүү өрсөлдөх нь зүйтэй гэж боддог. Эмэгтэйчүүдэд зориулсан дүрэм, эрэгтэйчүүдэд зориулсан дүрэм гэж байх юм бол эргээд Үндсэн хуулийнхаа “хүйсээр ялгаварлан гадуурхахгүй” гэсэн зарчимд харшилж байгаа юм.

-Ингэхэд танай намын даргаар хэн сонгогдох ёстой гэж та бодож байна. Шинэ намын дарга ажлаа юунаас эхлэх зөв бэ. Танай намын фракциуд дахиад л намын даргын төлөө “зодолдоод” эхэллээ?

-Миний хувьд Ардчилсан намын даргыг үндэсний хэмжээнд марафон хийж тодруулахаас намыг бэхжүүлэх ажил эхлэнэ гэж боддог. Намын даргад нэр дэвшигч өрсөлдөгч маань би ийм үзэл санаатай, ийм боловсролтой, туршлагатай, ийм мөрийн хөтөлбөртэй хүн гэдгээ үндэсний хэмжээнд намын бүх гишүүддээ хүргэнэ.

Үүний дараа нэр дэвшигч өрсөлдөгчийг дэмжиж байгаа намын жирийн гишүүд саналаа өгнө. Ингэж байж намын дарга маань жинхэнэ гишүүдээсээ мандаттай, хүлээн зөвшөөрөгдсөн дарга болно. ҮЗХ-ны хэдхэн хүнийг хайрцаглаж, тэндээс намын дарга болдог явдлыг бүрэн халах цаг болсон. Манай намд марафоноор даргаа тодруулж байсан туршлага ч бий. Нөгөө талаар шинээр сонгогдох намын дарга ёс зүйн кодыг эрхэмлэж ажилладаг, ажлаа авахдаа уг ёс зүйн кодыг чанд мөрдөж, намын дүрмээ биелүүлнэ гэдгээ амлаж намын Их хурлын гишүүдийн өмнө тангараг өргөх ёстой.

Намын дарга авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдсон хүмүүсийг дэргэдээ ажиллуулдаггүй баймаар байна. Тангараг өргөхдөө намын дарга намын Үндсэн дүрмийг биелүүлж ажиллана гэдгээ намын Их хурлынхаа гишүүдийн өмнө тов тодорхой хэлж байя.

Хэрэв тангаргаасаа няцаж, дүрмээ хэрэгжүүлээгүй бол намын даргын бүрэн эрх Гүйцэтгэх зөвлөлд, эсвэл ҮЗХ-д автоматаар шилжиж, намын Их хурлаа хийж шинэ даргаа сонгодог ийм л тогтолцоо руу орох нь зүйтэй. Жил болгон ротациа, хоёр жилд нэг удаа намын Их хурлаа заавал хийдэг болмоор байна. Ингэхдээ мэдээж намын тогтвортой байдлыг бүрэн хангах естой. Тогтвортой байдлаа хангахын үндэс нь гишүүнлчлэлийн нэгдсэн лавлагаа, бүртгэл, түүнийг нь гишүүнчлэл хариуцсан Бодлогын зөвлөл зангидаж хариуцах гээд харилцан уялдаатай байхаар бодож байна.

Ингэж байж бид өнөөдөр анхан шатнаасаа эхлээд дээд удирдлагаа хүртэл отог омгийн байдалтай, феодал маягийн тогтолцоотой байгаа энэ байдлаасаа салж чадна. Үүнийг одоо зоригтой хийж эхлүүлэх цаг болсон. Хаант засгийг халсны ганц давуу тал бол ардчилсан сонгууль бий болсон явдал. Ардчилсан сонгуульд дүрэм журам нь маш тодорхой, тэр сонгуулиар гарч ирсэн хүн нь хариуцлагатай, хүлээлгэсэн итгэлийг дааж ажилладаг байх учиртай. Түүнээс зүгээр нэг Тэгшбаяр хэдэн хүнтэй нийлж гарч ирээд засгийн эрхийг авчихдаг байж болохгүй.

-Таны ярьж байгаа энэ шинэчлэлийн асуудлыг гүйцэтгэхэд чамгүй хөрөнгө орж таарна. Мөнгө гэхээр намд байгаа хэдхэн тооны мөнгөтэй хүмүүс бодлогод нөлөөлөх гээд байдаг тал бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Намын үйл ажиллагаа, санхүүжилт, зарцуулалтыг ил тод байлгах, аль болох олон нийтээс санхүүжилт босгох зэрэг нь намын дотоод ардчилалд чухал нөлөөтэй. Бүх талаараа хэсэг бүлгийн биш олон нийтийн нам болох чиглэл рүү явахыг хичээх ёстой.  Мөнгөөр бүхнийг шийддэг юм бол тэрбумтнууд яагаад сонгуульд ялагдаад байна вэ гээд бодох зүйл бас бий.

-Та тогтвортой байдал гэж ярилаа. Ямар  тогтвортой байдлын талаар яриад байна?

-Улс орон ч бай, нам ч бай ямар нэг юмыг шийдэхийн өмнө судалгаа, шинжилгээ хийдэг, тинк танктай, тэнд нь шилдэг судлаач нар ажилладаг байх ёстой. Манай нам энэ асуудлыг олон жил ярьж байгаа ч тоймтой ажил хийлгүй өнөөдөрт иржээ. Манайх Бодлогын зөвлөл гэж байгуулсан боловч энэ үйл ажиллагаа нь судалгаанд суурилахгүй, даргын санаанд суурилж үйл ажиллагаа явуулдаг. Одоо жинхэнэ утгаараа тинк танкаа дэргэдээ байгуулах хэрэгтэй.

Энэ институц нь засаг бариагүй үед намын бодлогын институт, засаг барьсан үед төрийн их сургууль, институцтэй хамтарч ажиллаж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байх учиртай. Ийм зарчмаар ажиллахгүй бол гэнэт нэг өдөр гарч ирээд 68 хувь яриад эхлэхээр яагаад ч болохгүй гэдгийг ард түмэн хэлээд байна шүү дээ.

Эсвэл 888 ширхэг төсөл шалгаруул гэж буулаа ч гэдэг юм уу. Ийм судалгаагүй мухар сүсэг бишрэлтэй байж болохгүй юм. Намын шинэчлэлийг тусгай стратеги төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй, намыг бэхжүүлэх шинэчлэх ажилд яарах хэрэггүй, нухацтай ярьж хэлэлцэж байж хийх нь чухал болжээ.  

-Сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга хариуцлага үүрч даргынхаа албан тушаалыг өгдөг дүрэмтэй. Тэгэхээр Ардчилсан намын дараагийн дарга хэн болох бол?

-Чухам хэн дарга болох нь дараагийн асуудал юм. Эхлээд ямар зарчмаар, ямар дүрэм журмаар даргаа тодруулах вэ гэдгийг тогтож ярих хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн айл хоёр баганатай гэж үзвэл монгол төрийн нэг багана нь МАН, нөгөө нь АН. АН-ыг шинэчилнэ гэдэг бол ганц хүний, ганц намын асуудал биш. Энэ бол улс орны хэмжээний, бүр цаашилбал бүс нутгийн асуудал. Бид бүс нутагтаа тоглогч байх эсэх нь тогтвортой засаглалаас хамаарна. Тиймээс бид үнэхээр хөгжинө гэвэл тоглоомын дүрэм нь нам дээрээ ч, улс орондоо ч тодорхой байх ёстой. Энэ асуудлуудаа эхэлж цэгцлээд, дараа нь марафоноо хийгээд, концепцио яриад, намын Их хурлаасаа олны дэмжлэгээ авсан тэр хүн л намын дарга болж таарна.

Ярилцсан Сэтгүүлч: Ж.Нямсүрэн