Сонгуульд хамтарсан тохиолдолд квотоо тохироод орно
2016.05.02

Сонгуульд хамтарсан тохиолдолд квотоо тохироод орно

АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдах товтой. Гэвч хоёр удаа хойшилж, маргааш өглөө 10.00 цагт хуралдахаар болжээ.   Энэ талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа. 

-Бүлгийн хуралдаан хойшилсон шалтгаан юу бол? 

-Гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлоод байна. 

-АН-ыг МҮАН, Эх орон нам дэмжиж оролцохоо мэдэгдсэн. Дэмжиж оролцож байгаа намуудад өгөх сонгуулийн тойргийн квотын асуудал намын гишүүдийг  зөрчилдүүлсэн яриа байна. Дэмжиж оролцох намууддаа квот хэрхэн олгох бол? 

-Манай намын бүлэг дээр энэ асуудлыг яриагүй. 

-Хувь гишүүний тухайд ямар байр суурьтай байна вэ? 

-Сонгуульд хамтарч орж байгаа тохиолдолд квотоо тохироод орно. Харин өнөөдрийн тухайд хэдэн суудал өгөх асуудлаар бүлэг дээр яригдаагүй байгаа. Бүлэг дээр яриад, эцсийн байдлаар шийдээд явсан тохиолдолд бид мэдээллээ хийнэ. 

-Сонгуульд нэр дэвшүүлэхэд  эмэгтэйчүүдийн квотыг хасах болсон тухай бас яригдаад байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Эмэгтэйчүүдийн квот хуулиндаа тусгасан байгаа. 

-Сонгуулийн цагийн хуваарьт өөрчлөлт орох уу? ҮХЦ-ийн дүгнэлтийг  өнөөдөр эцэслэн шийдээгүй байна.

-Энэ талаар манай бүлэг яригдаагүй. Бүлгийн дэд даргын хувьд манай бүлэг дээр албан ёсоор яригдаад шийдвэр гарсан асуудал мэдээлэх үүрэгтэй. Одоо дээрх асуудал бүлгээр яригдаагүй учраас ямар ч зүйл ярих боломжгүй.