“Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт”
2016.04.08

“Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт”

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2016.04.08/ УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дурыг огцрохыг шаардсан. Үүний хариуд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг МАН-ын бүлэг шаарджээ. МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан З.Энхболд даргыг гутаан доромжлохыг завдсан гэдэг нь харагдаж байна. Жишээ нь, ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалалтай холбоотой хуулийг батлах гэж байхад МАН-ынхан чуулгандаа ирэхгүй байж БНХАУ-ын коммунист намынхантай уулзаад явж байсан. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж хооронд нь хагаралдуулахыг оролдож байна.

Яг үнэндээ МАН-ын үед авсан зээлээ халамжаар тараасан. Харин АН-ынхан авсан зээлээр зам, барилга, гүүр барьсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулсаны төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж байна. Яагаад зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцох гээд байгаа юм. Өнөөдрийн чуулганы хурал дээр хүртэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд явж байхад нөгөө л Ч.Хүрэлбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд нь шал буруу юм яриад явж байх жишээтэй. Эцэст нь ард түмний Тавантолгойг ард түмэндээ авч үлдэж байхад буруутгасан мэт агуулгатай байна. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн оноо цуглуулах гэж явуургүй үйлдэл гаргахаа зогсоо гэж МАН-ын бүлгээс шаардаж байна” гэлээ. 

Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч авцалдаа үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлын зориудаар тасалдуулж байсан. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийнЦэцэд хандах ёстой. Өнөөдрийг хүртэл ямар ч акц үзүүлээгүй байж байснаа сонгууль дөхөж байхад шаардах бичиг хүргүүлж байгаа нь авцалдахгүй байна.

Хоёрдугаарт, УИХ-ын дарга бол олонх цөөнх гэж ялгах эрхгүй. Гишүүдийн үг хэлэх эрхийг хааж боосон ч зүйл байхгүй. Хаа хамаагүй зүйлийг хамаж шимээд яриад байдаг гишүүд зөндөө байдаг. Түүнийг нь зөв чигтэй удирдах гэсэн оролдлогыг үгүйсгэж болохгүй. Энэ бол зарчмын шаардлага тавьсан хүнийг огцор гэж шаардаж байгаа МАН-ын увайгүй үйлдэлд хэлэх үг олдохгүй байна. Түүнчлэн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцдэггүй гэж шүүмжилсэн байна. Хуулийн төсөл хэлэлцдэг дэг журмаараа явж байгаа. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаа долоо долоо хоногоор багцалж оруулдаг. Зөвлөлд оруулж ирж байгаа хувилбарыг УИХ-ын Тамгын газраас багцалдаг. Тэрхүү хувилбарыг даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гардаг. Түүнээс УИХ-ын дарга ганцаараа шийддэггүй гэдгийг мэдэж байгаа байх” гэлээ.

МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн байгаа аж. “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсаны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн онцолсон юм.