МАН улс төр хийгээд байна
2016.03.29

МАН улс төр хийгээд байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудлыг хэлэлцээд нэмж хуулийн төсөл өргөн мэдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Энэ тухай тус бүлгээс сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байх үед Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдалтай холбоотой тогтоол гарч, энэ конвенцид нэгдэн орох нь зайлшгүй хэрэгтэй, энэ ажиллагааг Засгийн газар яаралтай шийд гэсэн байгаа. Өнөөдөр энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцсэн бол Монгол Улсад ашигтай байсан гэдэг талаас нь ярилаа.

МАН болоод бусад хүмүүс улс төр хийгээд байгаа учраас яг энэ асуудалтай зэрэгцүүлээд Засгийн газраас шинэ хуулийн төсөл оруулж ир гэдэг чиглэлийг Засгийн газарт өглөө. Аливаа түлш болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг оруулж ирэн зэрэгцүүлээд баталъя гэсэн. Засгийн газар одоо төслөө өргөн барина. Үүний дараа ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэдэг ийм шийдэлд хүрлээ. Ингэх юм бол хуулийн дагуу зөв зүйтэй болно. Хэрэв энэ асуудлыг хэлэлцэхэд Ардын намын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхит бодисыг Монголд булшлахыг дэмжиж байна гэсэн байр суурь харагдана гэж бид үзэж байгаа” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Монгол Улс цөмийн зэвсэгтэй хоёр орны дунд байгаа. Конвенцид нэгдсэнээр Монгол Улс энэ чиглэлийн бүх мэдээллийг авдаг болно, боловсон хүчнээ бэлтгэдэг болно, аюулгүй байдлаа хангах боломж нэмэгдэнэ. Сонгууль дөхөөд бүх зүйлийг улстөржсөн өнцгөөс хараад байх шиг байна. УИХ-аас тогтоол гараад Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр конвенцид нэгдэн орох хуулийн төслөө өргөн барьсан. Зөвхөн соёрхон батлах асуудлууд байгаа.

Зарим бүлэг ээлжит бус чуулганыг ашиглаад цөмийн хагядал түлшийг импортлох гэж байна гэсэн  ташаа мэдээлэл хийж байна, зөв ойлгуулах шаардлагатай. Бүлгээс Ерөнхийлөгчийн зарлиг байгааг хуульчилж, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор цөмийн хаягдал болон түлшийг оруулж ирэхгүй байхыг баталгаажуулъя гэдэг дүгнэлт гаргалаа. Ингэхгүй бол одоо улсын байцаагч зөвшөөрөхгүй бол импортолж болохгүй, улсын байцаагч зөвшөөрөх юм бол импортолж болох юм шиг  заалт байгаа учраас хууль болгоод илүү хамгаалалт хийж, холбогдох олон улсын гэрээ конвенцид нэгдэн оръё гэсэн” тайлбар хийсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

 -Засгийн газар УИХ-д өргөн барьсан байгаа төслөө татан аваад дахин боловсруулаад өргөн барина гэсэн үг үү?

Б.Гарамгайбаатар:-Конвенци өргөн баригдсан хэвээрээ байна. Одоо нэмж оруулж ирэх төсөл нь 2011 оны есдүгээр сард гарсан Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг албажуулах зорилгоор дагаж мөрдөх хуулийг боловсруулж гаргая гэдэг шийдвэрийг гаргасан.

Нэг үгээр хэлбэл, энэ хуулийн төслийг конвенцитой хамтад нь хэлэлцэн хуультай болъё л гэж байна. Энэ хуулийн гол онцлог нь цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахгүй байх хууль юм.

-Гуравдугаар сарын 31-нд Олон улсын цөмийн энергийн агентлагийн хурал болно. Түүнээс урьтаж холбогдох конвенциудыг батлах шаардлагатай байсан, одоо харин амжихгүй боллоо. Монгол Улсын талд ашиггүй байдал үүсч байгаа юу?

-Бүлэг бол Засгийн газрыг өнөөдөр хуулийн төслийг өргөн бариад 30, 31-ний өмнө конвенциудтайгаа давхар батлаад гаргая гэдгээр шийдвэрээ гаргасан. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө амжина гэж тооцоолж байна.

-Засгийн газар өнөөдөртөө багтаан төслийг өргөн мэдүүлж амжих юм уу. Төсөл нь бэлэн боловсруулагдчихсан байсан юм уу?

-Сая Засгийн газар тэгж чиглэл авлаа. Тийм учраас өнөөдөр өргөн барина гэсэн үг.