АН бол бүтээлч улс төрийн хүчин юм
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2016.03.11

АН бол бүтээлч улс төрийн хүчин юм

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг энэ удаагийнхаа "Ярилцах танхим"-д урьж ярилцлаа.

- Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ? 

Тойрогтоо уулзалт хийх бэлтгэл хийж байна. Иргэд, сонгогчдоо дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, АН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сэтгүүлээр хүргүүлэх ажил хийж байна. Мөн өмнөөс төлөвлөж байсан ганц хоёр хуулийн төсөл дээр ажиллаж байна. Дээр нь шинэ мэдээлэлтэй танилцаж, шинэ гарсан номын хуудас эргүүлж сууна. 

- АН хань хайж МҮАН, ИЗНН гэхчлэн намуудад санал тавьж, хамтрах санал хүргүүлэх боллоо. Намын гишүүний хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэж байгаа вэ? 

 Үзэл баримтлалын хувьд ойролцоо намууд гэж ойлгодог. Тиймээс сонгуульд нэгдэж орж олонх болоод улс орноо хөгжүүлэх тэр бодлогоо хэрэгжүүлэх нь зөв гэж бодох юм. Ер нь парламентын засаглалтай хөгжилтэй орнуудад улс төрийн дахин хувиарлалт тодорхой хугацааны дараа явагддаг үйл явц. Энэ үе нь манайд бараг ирсэн болов уу гэж бодож байна.  Энэ тохиолдолд түрүүлж  сэтгэсэн, хөдөлсөн, шинэчлэгдсэн нь илүүрхдэг . 

- Харамсалтай нь өнөөдрийн байдлаар нааштай хариу аль ч намаас хүлээж авсангүй. Магадгүй энэ байдлаараа сонгуульд орж мэдэх нь? 

ИЗНН тухайд АН-тай үзэл бодол төстэй, стратегийн түнш хэлбэрээр ажилладаг гэж ойлгодог. ИЗНН АН-д нэгдэх гэж байна гэж нилээд хэдэн жил яригдсан, одоо л тэр нь бодит ажил хэрэг болох нь гэж харж байна. 

- Танай намын дарга орон нутагт ялах найдваргүй боллоо гэдгээ бараг хүлээн зөвшөөрчихсөн. Та үүнтэй санал нийлэх үү?

Санал нийлэхгүй байна. Шалтгаан нь нийт сонгогчдын 25 орчим хувийг эзэлдэг малчид АН-с хэрэгжүүлж байгаа бодлогод талархаж байгаа нь илт ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь орон нутагт АН-ын рейтинг өсч байна гэсэн үг. Тухайлбал малчидын үйлдвэрлэлийн зээлийн анх удаа буурууллаа, зам харгуй сайн болж бүх аймгуудыг нийслэлтэй хар замаар холболоо, ноосны урамшуулалыг АН-ын гишүүд санаачилсан ба одоо олгоод явж байна,  1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар тооцох, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бол багахан мөнгөөр нөхөн төлөх боломж бүрдэж эдгээр арга хэмжээнд нийт насанд хүрсэн иргэдийн 30 орчим хувь хамрагдаж ирээдүйд тэтгэвэр авах боломжтой боллоо.

Хүүхдийн мөнгийг олгож байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар 32 мянга орчим эцэг,  эх ажилтай болох боломж бүрдэнэ. Малчдын  нэг жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 20 хувиар нэмэгдүүлж тооцох эрх зүйн орчинг бүрдүүлсэн, шинэ сум хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа, аймаг бүрт 1000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, анх удаа махны экспортыг албан ёсоор эхлүүллээ. Мөн ахмадууддаа зориулж хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж гаргалаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /НАТ/-ийн орлогоос орон нутагт үлдэх орлогыг 25 хувиар нэмэгдүүлж, элс, хайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглуулах эрх болон  НАТ-н орлогыг 100 хувь орон нутагт шилжүүллээ.

Алслагдсан бүс нутагт бензиний үнийг буурууллаа. Мөн эдгээр бүс нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах шийдвэрийг гаргалаа. Анх ардчилсан нам санаачлан малыг малчдад нь хувьчилж байсан, 2008 онд өмнө нь  баталсан өрхөд газар өмчлүүлэх зохицуулалттай хуулийг иргэдээ ялгахгүйн тулд АН-ын гишүүдийн  санаачилгаар иргэн бүр газар өмчлөх эрхтэй болгож өөрчилсөн, одоо хот хөдөөгүй орон сууцтай болоход нь хөнгөлөлттэй зээл олгож өнөөгийн байдлаар сүүлийн гуравхан жилийн хугацаанд 80 орчим мянган айл өрх энэ хөтөлбөрт хамрагдаад байна. 

-Гэтэл танай намын удирдлага ..?

 Өнгөрсөн 16 жилд ийм ажил хийж байсан юм уу. Малчид, мөн Монголчууд маань  нүдэнд дээр илт хийгдсэн  ажлыг байтугай, ямар ч асуудлыг бодит байдалд нь дүгнэлт хийх авъяас чадвартай, жудагтай ард түмэн. Үнэндээ ч АН төвтэй засгийн үед бүтээсэн ажил их байна. Энэ утгаар нь АН-ыг бүтээлч улс төрийн хүчин гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Энийг бас хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн гэж хэлдэг. АН-ын 2012 сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс эвслийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суусан ажлууд лав 80 гаруй хувийн биелэлттэй байгаа.

АН энэ дөрвөн жилд хийсэн ажлаа олон түмэндээ мэдрүүлж чадвал сонгуульд амжилт гаргах нь дамжиггүй гэж бодож байна. АН үргэлж урагш тэмүүлдэгээрээ онцлогтой. Зарим улс төрийн намууд одоо олон нийтэд хуучныг санагалзуулсан  тоглолт хийдэг, энэ бол сайн үйл биш. Ардчилсан нийгмийн сонголтоос Бидэнд буцах зам байхгүй, хуулийн дагуу цаг тутамд, ямагт урагшилж чадсан нь хамгийн их хожих болно гэж олон түмэнд хэлмээр байна. АН бол шинийг санаачлах хүсэл зоригтой, шинийг хүлээж авч чаддагаараа онцлогтой. 

- Нэгэнт орон нутагт ялах магадлалгүй гэдгээ мэдсэн болохоор МАН-ын даргатай уулзаж, тохироо хийхийг хүссэн гэдэг. МАН ард түмнээ сонсьё аяныг 21 аймгийн 10-т нь явж хэлэлцүүлсэн. Одоо баруун зүгийн 10 хүрэхгүй аймаг үлдсэн тул эдгээр аймагт АН-д дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэх юм билээ. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ? 

Тэр тохироог мэдэхгүй, сонсоогүй  юм байна. АН-ын удирдлага, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд бүгд иргэдтэй уулзалт хийж байгаа, цаашид ч үргэлжилнэ. 

- Ер нь энэ удаагийн сонгуульд АН шонхоруудаа нисгэхээр болсон гэж байсан. Тэгэхээр танай намын удирдлагууд бүгд тойрогт нэр дэвшинэ гэсэн үг үү? Жишээ нь, хэн хэн хаана нэр дэвших гэж байгааг мэдэх болох уу? 

Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй. Шийдвэр гаргах хугацаа ч болоогүй байна. 

- Танай намын ҮЗХ хэзээ хуралдах вэ? 

Гишүүд орон нутагт эд ажиллаж байна. Хаврын чуулган дөхүүлж байж хийх болов уу. 

- Өнөөдрийг болтол ҮЗХ-ын тов гарахгүй байгаад намын жирийн гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Уг нь тэрхүү хурлаар З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарыг жинхлэх учиртай? 

Намын дарга бол Намын их хурлаар жинхлэнэ. АН гол барьж буй намынхаа хувьд иргэдийн итгэлийг дааж төрийн ажилдаа гол хүчээ зарцуулах учиртай. Нам доторх асуудал дараагийн, бүүр дараачийн асуудал гэж бодох нь зохистой. 

- ҮЗХ-г санаатайгаар хуралдуулахгүй байгаа юм биш үү. Өнөөдөр АН-ын жолоог шулуухан хэлэхэд “Шонхор”-ынхан атгаж байгаа. Та ч энэ фракцийн хүн. Тэгэхээр тодорхой тоймтой хариултууд өгөх болов уу? 

Шонхор фракцийн дарга АН-ын дарга болсон нь үнэн.  АН-ын дарга маш хурдацтай, бүтээмж өндөртэй ажиллаж байгааг олон нийт харж л байгаа. Ер нь АН-ын үйл ажиллагаа олон түмэнд ил тод байдаг нь давуу тал. Нэг фракц биш АН төвтэй төр засаг идэвхтэй ажиллаж байна. Харин манай гишүүд хувийн асуудлаа үргэлж хойш, хойш нь тавьж улсын хөгжлийн төлөө  бүхнийгээ зориулж цаг наргүй ажиллаж байгаа. 

- Фракцийн талаар Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, үүнийгээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгасан гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор байна? 

Ил фракц бол учир нь олддог. Журмаар хорихоор фракц далд байдалд орж улам хортой нөхцөл бүрддэг гэж бичсэн байдаг. Хөгжилтэй орнуудын бодлогыг тодорхойлж ирсэн барууны чиглэлтэй намууд ихэнх ил фракцтай байдаг юм билээ. Бас намын дотоод ардчилалыг бий болгодог гэж бичсэн байдаг. Далд фракцтай намуудад нэг хүн буюу намын даргын нөлөө их байдаг, ингэснээр зарим тохиолдолд дикдатур бий болдог, тойрон хүрээлэгч бий болдог, мөн нэг задрахаараа хоорондоо дайснууд шиг тэмцэлддэг гэсэн судалгаа байдаг. Манайхан сүүлийн үед энийг долоогч энэ тэр гэж хэлээд байх шиг байна. Гэхдээ аливаа зүйл хирээс хэтэрхээрээ бурууддаг. Гол нь томилгоон дээр асуудал яригддаг. Энэ дээр шалгуур үзүүлэлт, зарчим гаргачихвал шийдэж болох асуудал, өөрөөр хэлбэл олон гарц бий.Хамгийн бодитой гарц нь фракц хоорондоо бодлогоор ил тод өрсөлддөг болох нь чухал байдаг.Ингэснээр нэг намын нэг фракц нь зарим жижиг намтай бодлогоор өрсөлдөх чадвартай болдог гэдэг.Тиймээс энэ фракцийн үйл ажиллагааг зөв тийш нь залахын тулд АН бодлогын зөвлөлийг байгуулж идэвхтэй ажиллаж эхлээд байна. 

- Сонгуулийн хууль дархлаагүй болж, хэн дуртай нь гар хүрэхээр зэхэх боллоо. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн энэ асуудал нэлээн дуулиан тарих вий. Тэр заалтыг санаатай орхигдуулав уу, аль эсвэл..? 

Ямар ч хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь тийм ч таатай биш. Гэхдээ улс орны эрх ашигт илүү нийцтэй гэж үзвэл хууль санаачилж болно. Тэгээд УИХ ярьж байгаад олонхироо шийддэг. 

- Одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болох уу? 

Болох байх. Ямар заалтанд өөрчлөлт оруулах вэ? гэдгээсээ хамаарна. 

- Ямар нэгэн байдлаар гар хүрсэн тохиолдолд ямар эрсдэл бий болох вэ? 

Эрсдэлийг УИХ тооцох учиртай. 

- Энэ удаагийн Сонгуулийн хууль Үндсэн хуультай зөрчилдсөн тухай УИХ-д суудалгүй улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, Үндсэн хуулийн Цэцэд хандчихлаа? 

Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргах нь байдаг л асуудал. Сонгуулийн холимог тогтолцоог бол би дэмждэг. УИХ дээр тойргийн буюу ИТХ шийдчих олон асуудлыг ярьдаг.Тэр сургууль, цэцэрлэг,дотуур байр, цагдаа,эмнэлгийн урсгал зардал, барилгын төсвийг орон нутаг шийддэг баймаар байна. Тиймээс жагсаалтын гишүүд байснаар улс орны томоохон асуудлыг шийдэж чаддаг. Гэхдээ жагсаалтын гишүүдэд нэг удаа ч гэсэн тойргоос сонгогдсон байх зэрэг шалгуур хэрэгтэй л  дээ. Жагсаалтаар 2012 онд цэцэд хандаад ҮХЦ үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.