Ардчилсан нийгэмд ганц, хоёрхон нам Сонгуулийн тухай хуульд гар хүрч болохгүй
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2016.03.11

Ардчилсан нийгэмд ганц, хоёрхон нам Сонгуулийн тухай хуульд гар хүрч болохгүй

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатартай уулзаж, дараах зүйлийг тодрууллаа. 

-УИХ-аас Засгийн газарт олон улсын зах зээлээс яаралтай бонд босгох үүргийг өгсөн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Би хөдөө ажлаар явж байгаад өнгөрсөн ням гарагт ирлээ. Эцсийн байдлаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, би аваагүй байна. Миний мэдэж байгаагаар өмнө нь ярьж байснаараа олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгох ажлыг Засгийн газар эхлүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас түр зогсчихсон байгаа. Мэдээж Засгийн газар ямар нэгэн байдлаар бонд босгох зайлшгүй шаардлагатай. Энэ ч утгаараа 2012 онд эмхлэн байгуулагдсан УИХ-аас Засгийн газарт таван тэрбум орчим төгрөгийн бонд босгох зөвшөөрлийг олгосон шүү дээ. Тэд 1.5 тэрбумыг нь босгочихсон. Үлдсэнийг нь босгох ажлыг эрчимжүүлж, өнөөдөр энэ асуудал дахин сөхөгдөж байж мэдэх юм. 

-Нэг хэсэг яригдаад чимээгүй болсон “Мазаалай” бондоос тусдаа гэсэн үг үү?

-Надад тодорхой мэдээлэл алга. Тиймээс хариулт өгөх боломжгүй байна.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг дахин зарлаж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж магадгүй гэх сураг байна. Танд энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Албан ёсоор ээлжит бус чуулганыг хуралдуулах зар ирээгүй байна. Гэхдээ ээлжит бус чуулганыг зарлах эсэх нь УИХ-ын дарга З.Энхболдын мэдлийн асуудал. Хэрвээ ээлжит бус чуулганыг дахин хуралдуулах зайлшгүй шаардлагатай бол товлосон цагт нь гишүүд цуглах л үүрэгтэй.

-Оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг баталсан байх шаардлагатай, энэ хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй” гэх утгатай заалтыг хасчихсан. Ээлжит бус чуулганыг хуралдуулах сураг дуулдсан нь энэхүү хуульд дахин өөрчлөлт оруулахаар зэхэж байна гэх хардлага олон нийтэд бий. Харин эрх барьж буй АН-ын бүлгийн гишүүд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж, өөрчилж болдоггүй байсан нь үнэн. Харин оны өмнөхөн баталсан сонгуулийн тухай хуульд энэхүү заалт нь байхгүйтэй холбоотой шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч энэ тухай олон ч хүн ярьж байгаа шүү дээ. Гэхдээ бусад дагаж, мөрдөх хууль нь хэвээрээ байгааг хаана, хаанаа ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд ямар хуульд өөрчлөлт оруулж, олон нийтээс санал авах тэдний эрхийн асуудал. Тиймээс зарим гишүүн Сонгуулийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт өргөн барьж байгааг үгүйсгэх аргагүй.

-Гэхдээ тэр заалтыг зориуд авчихсан юм биш үү. Учир нь, олон нийт улс төрийн том хүчин болох АН, МАН-ыг сонгуулийн өмнө өөрсдөдөө ашигтайгаар энэхүү хуулийг өөрчлөхийн тулд албаар заалтыг нь авч хаясан гэж хардаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Иргэдийн харда жбайгаа шиг тийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэгээд ч Сонгуулийн тухай хуулийг батлахад бүх намын оролцоо, төлөөлөлтэй Ажлын хэсэг байгуулж, баталсан шүү дээ. Одоо хуульд дахин өөрчлөлт орууллаа гэхэд парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл оролцох л болно. Өөрөөр хэлбэл, бүх намын төлөөлөл байж, улмаар хоорондоо зөвшилцөж байж л хуульд гар хүрнэ шүү дээ. Түүнээс биш ганц нам асуудлыг шийднэ гэх ойлголт ардчилсан нийгэмд байхгүй.

-Парламентийн зарим гишүүн тэрхүү чухал заалтыг авчихсан байсныг огт мэдээгүй байсан. Тэгвэл энэ ямар учиртай юм бэ?

-Яах вэ, зүгээр л хардлага гэж бодож байна. Хардаж байгаагийн л нэг хэлбэр юм. Хардах эрх нь байх ч тэрхүү заалтыг чинь санаатай аваад хаячихсан зүйл байхгүй шүү дээ.

-Ойлгомжтой. Ингэхэд АН-ын удирдлагууд ирэх сонгуульд ИЗНН болон бусад намтай эвсэж оролцохоо мэдэгдсэн. Тэд ямар нэгэн хариу өгсөн үү, ялангуяа өнөөгийн улс төрийн халуун сэдэв болоод байгаа ИЗЗН-ын удирдлагууд ямар хариу өгсөн нь сонин байна?

-АН-ын зүгээс бусад намд санал тавьсан нь үнэн. Гэхдээ бусад нам өөрсдийнхөө Их, Бага хурлаар шийдвэрээ гаргаж, хариугаа өгөхөө мэдэгдсэн. Одоогоор бид хүлээж л байна.