Гишүүд, дэмжигчдийнхээ саналыг цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгана
Нийслэлийн Ардчилсан нам “Улаанбаатарын хавар” баяраа есөн дүүргийн 7000 орчим гишүүнтэйгээ өнгөрсөн Бямба гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт тэмдэглэн өнгөрүүллээ.
Одоогоос 26 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдөр Монголын Ардчилсан нам Анхдугаар их хуралдаанаа хийсэн. Энэхүү хуралдаанаараа намынхаа анхны даргаар Э.Бат-Үүлийг сонгож, ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тунхаглаж байлаа. Тэгвэл энэхүү түүхэн өдрөө Үндсэн дүрэмдээ намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тусгасан байдаг.
Нийслэлийн Ардчилсан нам энэ жилээс эхлэн намын баярын өдрөө “Улаанбаатарын хавар” нэртэйгээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлчүүд өнгөрсөн 2012 оны сонгуулиар Ардчилсан намд нийслэлд бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгосон билээ. Тэд ч “Улаанбаатарын хавар” баярынхаа үеэр өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид ямар ажил хийх талаар гишүүд дэмжигчдээсээ санал асууснаа дүгнэв.
“Улаанбаатарын хавар” баярын хүрээнд Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нийслэлд хийсэн есөн ажлын талаар гишүүд, дэмжигчдээсээ санал авч, хэрхэн үнэлж буйг мэдэхээр захидал илгээсэн. Нийслэлийн 300 мянга гаруй иргэн эдгээр ажлыг үнэлж, саналаа ирүүлснийг нэгтгэж буйг дуулгаад НИТХ-ын дарга Д.Баттулга урьдчилсан дүнг танилцуулав.
Намын гишүүд, дэмжигчид 50-59 хувь хүртэлх үнэлгээгээр нийслэлд хийгдсэн ажлуудыг үнэлжээ. Тухайлбал, асуулгад дурдсан ажлаас хамгийн өндөр үнэлгээ авсан ажлаар “Авлигагүй Улаанбаатар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нэрлэжээ. “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ 51 хувь, гэр хорооллын дахин төлөвлөлт 53 хувь, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт 49 хувь, “Найрсаг Улаанбаатар” нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр 49, шинэ цэцэрлэг, сургууль барьсан ажил 57 хувийн үнэлгээ авчээ.
Гишүүд, дэмжигчдийн өгсөн энэхүү үнэлгээ, саналыг цаашдынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, хийх ажилдаа тусгаж ажиллах болно гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.