З.Нарантуяа: Зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх ёстой
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа.
-Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр/ уржигдар/ эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Эдийн засаг маш хүнд байна, та эл мэдээллийг хүлээн зөвшөөрч байгаа юу. Гарц гаргалгааг та олж харав уу?
-УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд энэ мэдэгдлийг анхааралтай судаллаа.
Шинээр байгуулагдсан Засгийн газар болон Сангийн сайд өнөөдрийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг давж туулах өөрсдийн гэсэн шинэ арга зам, гарцаа олж чадаагүй юм байна гэж би хувьдаа харсан.
Яагаад гэвэл мэдэгдлийг нь багцлаад дүгнэх юм бол өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх, зарим төслүүдийг санхүүжүүлэх, өрийг графикийн дагуу төлөхийн тулд олон улсын байгууллага, түншлэгч орнуудаас зээл авахаас аргагүй байдалд хүрсэн, зээл авч байж л эдгээр асуудлыг шийдэхээс өөр гарцгүй гэсэн санааг энэ мэдэгдлээрээ хийлээ.
Улс төрийн өнцгөөс нь харах юм бол өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам хямралыг давж гарахын тулд бонд босгож, бондын хөрөнгө оруулалтаар зарим төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсныг тухайн үеийн цөөнх буюу МАН шүүмжилж байсан бол одоо яг ижилхэн үүнийг хүлээн зөвшөөрч, гадны зээлээр энэ бэрхшээлийг давж туулах юм байна гэдгээ тойруу замаар илэрхийлж, мэдэгдэл хийлээ гэж харж байна.
Сангийн сайдын дурдсан гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн өсөлт 17 хувиас буурсан, улсын валютын нөөц хомсодсон, улсын өрийн тухай мэдээлэл нь шинэ тоо биш.
2012-2014 онд одоогийн УИХ-ын гишүүн Ч.Улааныг Сангийн сайд байх үед ч, одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед ч Ардчилсан намаас томилогдсон Б.Болор сайдын үед ч энэ тоонууд яригдаж л байсан.
Ер нь нөхцөл байдал ийм байна, бид шийдлээ яаж олох вэ гэдэг дээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдлээ байнга хийж явсан.
Гарцаа хайхын тулд УИХ-д олонхи болсон хоёр намууд хамтран УИХ-ын тогтоол хүртэл батлуулсан.
Тухайлбал, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг гаргаж байсан.
Ийм асуудлыг Сангийн сайд нь ард түмнийг цочролд оруулахаар өндөр дуугаар ярих шаардлагагүй.
Хамгийн гол нь бид энэ үүсээд байгаа хүндрэлээсээ яаж гарах вэ гэдэг асуудал дээрээ тулгуурлаж ярих ёстой.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-Ардчилсан нам бүлэг энэ мэдэгдлийн талаар ярилцаад ажлын хэсэг байгуулсан.
2016 оны улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагад нарийн дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргана.
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд Сангийн сайдад дээрх мэдэгдэлтэй нь холбоотойгоор мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээсэн.
Сангийн сайдын мэдээллээр энэ оны долдугаар сарын байдлаар улсын төсвийн орлого хоёр их наяд төгрөг орчмоор тасалдахаар байна гэж ярьсан.
Ийм учраас орлогын төлөвлөгөө яагаад ингэж тасалдах болов гэдэгт дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хүссэн.
Мөн зарлагын төлөвлөгөөг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж ярьсан.
Хамгийн ноцтой мэдээлэл нь улсын нэгдсэн тэнцлийн алдагдал -5,1 их наяд төгрөгт хүрэх гээд байна гэсэн.
Ийм том дүн ярьсан учраас үүнд ямар зарлагууд нэмэгдэж ийм их алдагдал үүсэх болов гэдэгт зарлагын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлээч гэж хүссэн.
Хариу мэдээлэл ирүүлсний дараа УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Хаа, хаанаа бодит байдлыг хүлээн зөвшөөрлөө гэж ойлголоо. Гол нь энэ хүндрэлээс гарах арга зам нь зөвхөн гаднаас зээл авах л арга юм уу. Өөр гарц алга гэж үү?
-Төсөв 5.1 их наяд төгрөгийн алдагдалтай, 3.9 их наядыг нь бондын төлбөрүүд, гадаадад төлөх өр төлбөр тэрний хүү гэж эзэлж байна гэж хэлж байгаа.
Тэгэхээр тухайн өр төлбөрийг барагдуулах графикийн талаар тохиролцох арга хэмжээ, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэж болох бусад хувилбаруудын талаар хэрхэн ажиллахаа мэдэгдээгүй.
Аль ч олон улсын санхүүгийн байгууллагууд санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөлүүдээ харилцан тохиролцож болдог.
Нэг дэх арга зам бол энэ.
Хоёр дахь гарц бол төсвийн зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх. Шинэ Засгийн газар энэ талын ажлыг хийхгүй байна.
Жишээ нь өмнөх Засгийн газрын зардал танах зорилгоор нэгтгэсэн байсан агентлагийг задаллаа.
Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэсэн байсныг тусад нь байгууллаа.
Зардал танах зорилгоор дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосныг Мэргэжлийн Засгийн газар дахин бий болгосон.
Ийм нөхцөлд төсвийн зардал буурахгүй шүү дээ.
Эдийн засаг асар хүнд байгаа нөхцөлд аль болох зардлыг бууруулахад анхаарч ажиллах ёстой.
Гуравт, хүндэрсэн эдийн засагтаа улам нэрмээс болох мэдэгдлийг Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайд нар хийсэнд тун их санаа зовж байна.
Тэр дундаа Монголбанкны ерөнхийлөгч маш мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн.
Аль ч улсын төв банкны ерөнхийлөгч валютын нөөцөө ил зарладаггүй.
Ямар үг хэлэхээс нь эдийн засгийн нөхцөл байдал хамаарч байдаг. Хэлсэн үгнээс нь үүсэх үр дагавар маш их.
Эдийн засаг савлаж болно, доргиж болзошгүй, ийм хэмжээний мэдэгдлийг хийсэн.Зохиомол валютын хомсдол бий болох алхам хийсэн нь туйлын харамсалтай.
Яагаад Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог хэрнээ сайд нарыг дөрвөн жилээр томилдог вэ гэдэг нь бодлогын хувьд бие биенээ хянах, төсвийн тэлэлтийг мөнгөний нийлүүлэлттэй хэт их байлгаж, эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой юм.
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч улс төрч шиг мэдэгдэл хийсэн. Ийм төвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай гэж хүсэж байна.
Сангийн сайд болзошгүй алдагдлыг -5.1 их наяд гэж хэлсэн нь маш болчимгүй үйлдэл.
Зайлшгүй төсөвт суусан төлбөрийн тухай ярих болохоос биш 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг энэнд оруулж нийгмийг цочроож байгаа нь хариуцлагагүй явдал.
Гарцын тухайд дээр би хэлсэн, мөн олон гарцыг өмнөх Сангийн сайд, Ерөнхий сайд хэлж байсан.
Энэ Засгийн газар 100 хоногтоо багтаагаад ямар гарцыг гаргаж ирж тавих нь вэ гэдгийг Ардчилсан нам харж байна.
Нэгэнт ард түмэндээ амлаад гараад ирсэн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ажиглаж байна.
Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж гарч ирсэн Засгийн газар шийдвэртэй алхмуудыг хийх ёстой.
Гэтэл төсвийн тодотголыг яаралтай хийх гэж байгаа үед орлогоо 1.8 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагаа 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь логикийн хувьд энэ намын үндсэн зорилго одоо хийх гэж байгаа үйлдэл хоёр нь асар их зөрүүтэй байгааг харуулж байгаа.
-Сангийн сайдын мэдэгдлээр бол Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил буруу бодлого хэрэгжүүлснээс ийм алдаанд хүрлээ гэсэн мессежийг нийгэмд өгч байгаа. “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр 530 гаруй тэрбум төгрөг гаргалаа гэсэн. Та ямар тайлбар хийх вэ?
-Өнгөрсөн хавраас Шийдлийн Засгийн газар “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй гэдгийг тухайн үеийн Сангийн сайд нь мэдэгдсэн.
Засгийн газрын баталгаатайгаар Монголбанк, арилжааны банкуудын хооронд хийгдсэн зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж явсан хөтөлбөр. Хуулиар зөвшөөрөөгүй санхүүжилтийг хийсэн, улсын төсөвт тусгаагүй мөнгөөр санхүүжүүлсэн гэдэг бол ташаа мэдээлэл.
Яагаад гэвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн нөхцөл байдлыг эхлээд маш сайн судлах хэрэгтэй байсан.
Монголбанкны арилжааны банкуудтай хийсэн гэрээг үзэх хэрэгтэй байсан юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр төсөвт хүндрэл учруулахгүй.
Зээлүүдээс “Малчны зээл” хамгийн сайн эргэн төлөгддөг.
Малчны зээлийг Засгийн газар төлөхгүй, малчид л төлнө. Жилийн 30 хувийн хүү дотор эргэлдэж байсан малчны зээлийн хүүг бууруулсан нь малчны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого л байсан.
Дээр нь өнгөрсөн хугацаанд арилжааны банкинд байгаа малчны зээл хүндрэлд орж байгаагүй. Харин ийм мэдэгдлийг хийсэн нь хэвийн явж байгаа хөтөлбөрийг зогсоох цаад санаа юм.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Сайн оюутан, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргалаа?
-“Сайн” хөтөлбөрүүдийг буруу гэж хэлэхгүй.
Тухайлбал, “Сайн оюутан” хөтөлбөр нийт иргэдийн нуруун дээрх дарамтыг бууруулсан хөтөлбөр.
Зөв зүйтэй хөтөлбөрийг зөв шугамаар нь үргэлжлүүлнэ гэдгээ аль ч нам Засгийн эрхэнд гарсан хүлээн зөвшөөрдөг байх соёлд суралцах хэрэгтэй л гэж хэлэх байна.
-Монгол Улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49.7 их наяд төгрөгт хүрсэн. Дээр нь энэ оны төсвийн алдагдал нь орлоготой тэнцэх боллоо гэсэн нь төрийн албан хаагчийн цалинг тавихад ч бэрх болжээ гэдэг ойлголт Сангийн сайдын мэдэгдлээс харагдаж байгаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам Засгийн эрхийг барихдаа Монголын эдийн засгаар тоглочихсон юм биш үү гэх харууслыг олон хүнд төрүүлж эхэллээ. Таны байр суурийг сонсвол?
-Тийм ээ, Сангийн сайд өр зээл асар их, ердөө 1.3 их наяд төгрөг үлдсэн нь цалингаа тавих, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрч бид өөр эх үүсвэр авахын тулд зээл авахаас өөр гарцгүй боллоо гэдгээ ойлгуулж хэлэх гээд тоочиж байгаа шалтаг нь юм байна гэж харж байна.
Нөгөө талдаа бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй нь ээ гэдгээ урьдчилаад зарлачихав уу гэж улс төрч хүний хувьд харж байна.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд маш олон зүйлийг амлаж гарч ирсэн.
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно, цалинг нэмнэ гэсэн. Гэвч нийгмийн халамжийн чанартай мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа хийж чадахгүй нь гэдгээ илэрхийлчихлээ.
Ярилцсан. Сэтгүүлч Г.Дарь