Эрдэнэбат.Ж 2016.09.26 | Сонин: Зууны мэдээ

Хэнтийд эрчим хүчний дэд станц барих асуудлыг шийдвэрлэнэ

Хэнтийд эрчим хүчний дэд станц барих асуудлыг шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа.

Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Хэдийгээр хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын хуралдаанаараа шийдвэрлэснийг иргэд талархан хүлээж авлаа.

Мөн иргэд “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авчээ.

Тус аймаг эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм байна. Ерөнхий сайд санхүүжилтийг нь шийдэхээ амлалаа.

Мөн Ерөнхий сайд Дорнод аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байгааг хэллээ.

Дорнодчууд, ялангуяа Халхгол сумын иргэд Халхголд чөлөөт бүс байгуулах, үндэсний бүтээн байгуулалт хөтөлбөр нэрийн дор өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолын хүрээнд газар нутгийг нь зарсан, худалдсан хэмээн ихээхэн бухимдаж, энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг хүсч байлаа. Энэ нутагт 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь яригдаж байсан ч одоо 320 мянган га болж нэмэгдсэн байна.

Иймээс өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халхголын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нутаг болгоно. Ингэхдээ нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бол одоогоор

734 мянга гаруй тонныг олборлоод байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум гаруй төгрө- гийн хөрөнгө оруулж хоёр тэрбум ам.долларын түүхий тос экс- портод гарган, Монгол Улсын Засгийн газарт 518 сая, БНХАУ-д 719 сая ам.долларыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өгсөн байна.

Засгийн газар хөрөнгө оруулагчдад хүнд суртал гаргаж, ажлыг нь чирэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч нартай холбоотой асуудлыг гагцхүү хуулийн хүрээнд шийдвэрлэнэ, хөрөнгө оруулагчид ч тавьж байгаа шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.