Б.Гарамгайбаатар гишүүн Хэнтий аймагт ажиллаж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласан энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр Хэнтий аймгийн зургаан суманд ажиллаж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн болоод хийсэн ажлууд болон Хэнтий аймагт хийсэн бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, ард иргэдийн саналыг сонсож байгаа юм.
Тэрбээр энэ сарын гуравны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллалаа. Баян-Овоо сумын иргэдтэй уулзалт хийх үед юун түрүүнд иргэдээс АН-аас хэрэгжүүлж буй Ажилтай, орлоготой Монгол хүн урт хугацааы хөтөлбөрт талархалтай хандаж буйгаа хэлж байсан юм. Учир нь сумын төвд залуус бэлэн мөнгө тараахаас илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь чухал байдаг гэдгийг иргэд хэлж байлаа.
Мөн иргэдээс зээлийн батлан даалтын журам орон нутагт хэрэгжиж байгаа эсэх талаар тодруулсан. Б.Гарамгайбаатар гишүүний хийсэн тайлбараар одоогоор зээлийн батлан даалтын санг бүрдүүлэх боломж улсын төсвөөс хамааралтайгаар тааруухан байгаа гэсэн юм.
Үүнээс гадна иргэд 1072 ширхэг хувьцааг одоо ашиглах боломж байгаа эсэх талаар тодруулж байлаа. Тавантолгойг эргэлтэд орж эхэлсэн үед 1072 хувьцааг ашиглах нь одоо нэг сая төгрөг авснаас илүү үр ашигтай байх болно гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэлсэн. Түүнчлэн иргэн бүр өөрийнх нь нэр дээр одоо хувьцаа байгаа эсэхийг онлайнаар шалгаж болно гээд сумын төрийн албан хаагчид бусад иргэдийн нэр дээр хувьцаа нь байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн юм. Мөн иргэдээс төрийн албан хаагчид сонгуулийн үеэр ажиллаж болохгүй юу гэсэн санал ч гарч байсан. Харин Б.Гарамгайбаатар гишүүн төрийн ажилтнууд Төрийн албан хаагчийн хуулийн дагуу л ажиллах ёстой гэдгийг хэллээ.