Сумъяабазар.Д 2016.11.04 | Телевиз: Парламентын суваг

Д.Сумъяабазар: Экспортын даатгалын компанийг Хөгжлийн банкны дэргэд байгуулж болоогүй юм уу?

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуулт асуулаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри Улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.

Энэхүү 40 сая еврогийн хэлэлцээрийн нөхцөл нь хөнгөлөлттэй зээлийн хөнгөлөлтийн түвшинд тавигдах шаардлага (35%)-ыг хангасан, дараах нөхцөлтэй байна.

Зээлийн хүү (жилийн): 0,0%

Зээлийн хугацаа: 18 жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил

Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 40.93% байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2 жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслийг бүрэн тохиролцох шаардлагатай.

Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй; хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам; боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

"Экспортыг дэмжих, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь олон улсын санхүүгийн урт хугацааны зээлийн эх үүсвэрүүд нь зөв зүйтэй юм. Зээлийн зориулалтын тухайд Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолой, шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи нэвтрүүлэх ажилд 7 сая орчим евро зарцуулна гэж хуулийн төслийн задаргаанд тусгасан байна.

Хөгжлийн банкинд олон улсын санхүүгийн байгууллагууд итгэл хүлээлгэдэг. Давхар даатгалын компани бол төрийн өмчит компаниудын нэг. Тус компани мал аж ахуй, газар тариалангийн эрсдэлийг бууруулах, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.

Экспортын даатгал холбоотой асуудал бол өөр. Экспортлогч ААН-үүдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, түүнийг дагаад гадаад улстай хөрөнгө оруулалтын харилцаа үүсгэх чиглэлүүд нь өөр өөр байна. Гадаад харилцаа, эрх зүйн статус, гадаад худалдааны урсгалыг дэмжих зэрэг асуудлыг бодолцож, хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийн дэргэд охин компани байгуулна гэж байна. Үүний оронд Хөгжлийн банкаар дамжуулж, охин компани байгуулах нь илүү ач холбогдолтой гэж бодож байна.

Улаанбаатар хотын захын дүүргүүдийн усан хангамж, эрүүл ахуй, бохир, хог хаягдалтай холбоотой асуудлыг төсөл хэлбэрээр санхүүжүүлэх үү?

Ажлын хэсэг:

Австрийн эхний зээлээр хэрэгжсэн төслүүдээс Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх 7 сая еврогийн дэд төслийн хүрээнд тоног төхөөрөмжүүдээ худалдаж авснаар цаашид технологийн дагуу цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх бололцоотой болсон. Төслийн хүрээ нь зөвхөн 7 сая еврогоор хязгаарлагдахгүй. Цаашид нийтийн аж ахуйн компаниуд энэхүү технологийг ашиглан цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх боломж бүрдсэн. Цаашид төв гэлтгүй захын дүүргүүдийн цэвэр, бохирын хоолойг шинэчлэх юм.

Экспортын даатгалын компанийн хувьд Дэлхийн банкнаас уг төслийг хэрэгжүүлж эхлэхээс авхуулаад Засгийн газар, Сангийн яам ихээхэн идэвхтэй оролцсон. Анх уг компанийг Хөгжлийн банкны дэргэд байгуулах нь зүйтэй гэсэн чиглэлээр ажиллаж байсан. Хэлэлцээр хийх явцад Монгол Улсын Хөгжлийн банкинд шаардлагатай судалгаанууд хийж үзээд Хөгжлийн банк нь даатгалын чиглэлийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй, хуулиараа энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй.

Экспортын даатгал нь тусгайлсан санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа учраас мэргэжлийн компанийн дэргэд байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүрээнд экспортын даатгалыг хэрэгжүүлэх боломжтой хамгийн ойрын компани нь Хөдөө ах ахуйн давхар даатгалын компани гэж үзсэн.

Цаашид экспортын даатгал, экспорт болон импортын банкууд хамтарч ажиллах, Монгол Улсын экспортын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлийн үйл ажиллагааг уг төслийн хүрээнд хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаад, дотоодын холбогдох байгууллагуудад харилцаа тогтоох ажлууд хийнэ.

Олон улсын олон талт хамтын ажиллагааны байгууллагууд болох Дэлхийн банкны дэргэд олон талт даатгалын компани, бодлогын банкуудтай хамтарч ажиллах болно.

Яваандаа Монголд экспортын даатгалын компаниуд бие даан хөгжих ёстой гэсэн алсын хараатай байна."