Бат-эрдэнэ.Ж Л.Элдэв-Очир 2016.11.23 | Сонин: Ардын эрх

ББСБ байгуулах босгыг гурав дахин өндөрсгөжээ

ББСБ байгуулах босгыг гурав дахин өндөрсгөжээ
Эсрэг, Тэсрэг байр суурь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгййн зохицуулах хорооны удирдлагууд "Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тус хорооны дарга С.Даваасүрэн шинээр байгуулагдах банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудад тавих шаардлагыг өндөрсгөж дүрмийн санг 2.5 тэрбум төгрөгт хүргэсэн гэдгээ мэдэгдлээ.

Өмнө нь ББСБ үүсгэн байгуулахыг хүссэн хүмүүст 800 сая төгрөгтэй байх шаардлага тавьдаг байжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 509 ББСБ үйл ажиллагаа явуулдаг байна. Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийг зөрчилдөхөд хүргэлээ. Байнгын хорооны гишүүдийн төлөөлөл болгон Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ нарын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ажилд шинээр очиж байгаа залуу хүмүүс сайн ажиллах пэд заримдаа буруу шийдвэр гаргах тохиолдол гардаг. Наад байгууллага чинь хэний эрх ашгийг хамгаалах ёстой юм бэ гэдгийг та бүхэн бодсон уу, үгүй юү. Санхүүгийн зохицуулах хороо ард түмэн рүүгээ хандсан үйлчилгээг бий болгох зорилгоор шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнээс биш та бүхнийг цагаан цамц өмсч, зангиа зүүгээд хэдэн байгууллагын төлөө ажилла гэж томилоогүй шүү дээ.

Дээрээс нь энэ бол хамтын шийдвэр гээд эргэж харахгүй зогсоод байгаа юм биш биз дээ. ББСБ-ыг жижиг бизнес эрхэлж байгаа, тэр тусмаа санхүүгийн зээл авч чадахгүй байгаа хүмүүс рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байгаа. Зах зээлийн энэ уялдааг хангах үүднээс танай байгууллагыг байгуулсан гэж ойлгодог.

Иргэд шалгуур багатай, түргэн шуурхай хугацаанд гардаг зээл хүсч байгаа. Тиймээс энэ үйлчилгээг нь үзүүлэх ББСБ олон байвал өрсөлдөөн бий болно. Энэ чинь зах зээлийн хууль. Тиймээс харах өнцгөө жаахан өөрчлөөч гэж хэлэх гэсэн юм. С.Даваасүрэн дарга ББСБ-уудын чанаргүй зээлийг багасгахын төлөө, цаашлаад хөл дээр нь босгохын төлөө ийм шийдвэр гаргасан юм шиг тайлбарлаад байх юм. Цөөхөн байх юм бол хоорондоо ярьж хуйвалдаж байгаад өөрсдийн ашгаа өсгөх нь элбэг байдаг.

Та бүхэн өрсөлдөх чадварыг нь улам бууруулах гээд байгаа юм биш үү. 2.5 пдэг чинь гурав нугалсан гэсэн үг. Арай л дэндүү өсгөчихөж байгаа санагдахгүй байна уу. Банкны систем бол дээгүүрээ явж байгаа. Харин энэ ББСБ-ын үйлчилгээ бол доогуураа ард иргэдэд шууд хүрч байгаа. Энэ зах зээлийг бид зохицуулж хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг нь багасгах ёстой. Тиймээс шийдвэрээ эртхэн шиг эргэж хараарай. Нэлээн олон жилийн дараа өмнө нь хийж байсан ажлаа харахад буруу байх тохиолдол байдаг юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: УИХ өөрөө мэргэжлийн Засгийн газартай байх ёстой гэж ярьж байж сайд нарыг томилсон. Гэтэл одоо тэр томилсон хүмүүстээ ажил хийх боломж олгохгүй оруулж ирсэн асуудал дээр нь дандаа гох дэгээ тавьж байна. Үүнтэй адилхан дөнгөж ажлаа эхлүүлж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцох тухай ярьж болохгүй. Т.Аюурсайхан гишүүн ийм байр суурь илэрхийлж байна. Энэ бол буруу. ББСБ шинээр байгуулах босгыг буруулаад өгөөч гэж хүмүүс утсаар ярьж байна.

Ийм лобби хүртэл явж байна. ББСБ- уудын дунд шударга өрсөлдөөн байх ёстой. Шударга өрсөлдөөн дундаас өсч бойжсон 509 ББСБ одоо үйл ажиллагаа явуулж байгаа байх. Дүрмийн санг нь нэмэгдүүлнэ гэдэг бол үйл ажиллагаанд нь тавьж байгаа шалгуур.

ББСБ-уудын талаас илүү хувийг нь эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага нь дүрмийн санг 2.5 болгосон нь зөв гээд ярьж байна. Тиймээс бид энэ хүмүүсийнхээ ажлыг дэмжихийн оронд үүгээр нь шалтаглан буруутгаж болохгүй.

Тодорхой хугацаанд хэрэгжилтийг харах хэрэгтэй. Дотроо ярьж, судалж байгаад шийдвэр гаргахаар нь Байнгын хорооны хурал дээр ингээд тас цохичихож болохгүй. Тодорхой хугацааны дараа үнэхээр буруу шийдвэр гэдэг нь нотлогдвол хариуцлага тооцъё л доо. Түүнээс наана энэ хүмүүсийг шийдвэрээ эргэж хар гэж шахаж болохгүй. Бодлогыг нь дэмжээд ажлаа хийх боломж олгоё.

Хариуцлага тооцох цаг хангалттай бий. ББСБ-уудыг хамгаалж байгаа юм шиг хэрнээ нөгөө талдаа иргэдээ эрсдэлээс хамгаалсан шийдвэр гэж харж байна. Босгыг нь ингэж өндөрсгөхгүй бол янз бүрийн мэргэжлийн бус хүмүүс зээлийн үйлчилгээ явуулдаг. Иргэдийг зээлээ төлж чадахгүй болохоор нь том биетэй, хулгар чихтэй залуучууд явуулаад дарамталдаг.