Я.Содбаатар: Зөвхөн мөнгө байгаад хямралыг гэтлэхгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.22

Я.Содбаатар: Зөвхөн мөнгө байгаад хямралыг гэтлэхгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Эдийн засгийг хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ярилцлаа.

-Эдийн засгийг хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг өргөн бариад нэлээд хугацаа өнгөрч байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ хугацаанд ямар ажлыг хийсэн бэ. Хөтөлбөртэй холбоотой дүгнэлт хэзээ гарах вэ?

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Хэрхэн сэргээх үү, үүний тулд төр, засгийн төвшинд ямар ажил авч хэрэгжүүлэх үү зэрэг асуудлын хүрээнд Засгийн газраас 60 зүйл бүхий хөтөлбөр өргөн барьсан. Энэ хүрээнд УИХ- аас Ажлын хэсэг гарч, яамдын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн судлаачдаас санал авч, бизнес эрхлэгчидгэй хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Эдгээрийг нэгтгэж үзээщ, МАН-ын бүлэг Эдийн засгийг хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг яаралгай УИХ-аар хэлэлцүүлж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

-Хөтөлбөрийн гол зарчим юу байх юм бол?

Бид өнөөдөр тулгамдаж буй гол асуудалд төвлөрч ажиллана. Хууль эрх зүйн ямар дорвитой өөрчлөлт, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой заалтуудыг тусгасан. Тухайлбал, бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй дарамт, шахалтыг бууруулна. Аливаа үйл ажиллагаа явуулахад шаарддаг гарын үсгийн тоог цөөрүүлэх зэрэг намын мөрийн хөтөлбөрт орсон тодорхой заалтыг хэрэгжүүлэхээр болсон.

Мөн төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг авч үзсэний үндсэнд чадварлаг цомхон байх чиглэл рүү өөрчлөлт оруулна. Ингэхдээ төрийн өмчийн компаниудад өөрчлөн байгуулалт хийж, ашигт ажиллагааг нь сайжруулахаар тусгасан. Цаашлаад хувьчлалын асуудлыг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авна.

-Төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ. Яг ямар асуудлыг голчлон тусгаж байгаа юм бол?

Маш тодорхой оруулж өгч байна. Гаднаас авсан зээлийн эргэн төлөлтийг хийхийн тулд олон улсын байгууллагуудтай ямар зарчмаар ямар яриа хэлцэл хийхийг хүртэл тодорхой зааж өгч байгаа. Үүнтэй холбогдуулан төсвийн алдагдлыг бууруулах, валютын ханшийг тогтворжуулах эрх зүйн зохицуулалт хийх санал оруулсан.

Валютын зохицуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ханш тогтворжиж, төсөвт ирэх өр төлбөрийн дарамт буурна гэж үзсэн. Ингэснээр эдийн засгийн хямралыг даван туулахад түлхэц үзүүлнэ гэж харж байна. Мөн бодит эдийн засаг буюу бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр тусгайлсан зорилтууд тусгасан. Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд тарифын болон тарифын бус ямар арга зэргийг энэ хөтөлбөрт хүрээнд хэрэгжүүлнэ.

-Өрийн менежментийг маш тодорхой тусгасан гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

Өр зээлийн асуудал дээр хэд хэдэн зүйлийг тусгаж өгсөн. Нэгдүгээрт, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар дамжиж гарсан зээлийг хумих зарчим баримтлана. Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн төгрөг гаргасан, зарцуулалт нь ямар байгаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгнө.

Зөвхөн Хөгжлийн банк гэхэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зургаан их наяд төгрөг тараасан байна. Тэгэхээр дотоодод гарсан энэ мөнгийг ямар аж ахуйн нэгжид         олгосон, зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдэгт хяналт шалгалт явуулж, тодорхой хариуцлага тооцох шаардлага бий. Хоёрт, Засгийн газрын баталгаагаар гаднаас авсан зээлүүдээ өндөр хүүтэй, богино    хугацаатай авчихсан.

Тиймээс олон улсын санхүүгийн байгууллагууд, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урт хугацаа, бага хүүтэй зээлээр өмнөх өр төлбөрөө солих арга хэмжээ авахаар тусгасан. Гуравт, шинээр авах зээлийн ашиглалт, үр ашгийг тодорхой болгохоор хуулийн хязгаарлалт тавьж өгнө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зааж өгсөн хязгаарыг баримтлах, аюулгүй байдалтай холбоотой заалтуудыг       хэрэгжүүлнэ.

Ингэснээр өр зээлийн дарамтыг бууруулах боломжтой гэж харж байна. Ялангуяа, өнгөрсөн дөрвөн жилд 4.1-10.8 хүүтэй 3-10 жилийн хугацаатай авсан зээлүүдийг 20 дээш жилийн хугацаатай хоёроос бага хувийн хүүтэй зээлээр сольж чадвал, төсөвт ирэх ачаалал буурна.

-Саяхан олон улсын агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Ийм нөхцөлд өмнөхөөсөө бага хүүтэй зээл авах боломжтой гзж харж байна уу. Тийм боломжтой юу?

Хөтөлбөрийн хүрээнд олон улсын зээлжих зэрэглэлийг ахиулах тодорхой зорилт дэвшүүлж байгаа. Үүний тулд макро эдийн засгийн тэнцлийг хангаж, эдийн засгийн уналтыг зогсоох асуудлыг нэгдүгээрт тавина. Одоогийн нөхцөлд хямд өртөгтэй зээл авахад хүндрэл бий. Гэхдээ үүнээс өөр гарц байхгүй.

-Санхүүгийн системд ямар өөрчлөлт орох бол?

Манай санхүүгийн салбар зөвхөн арилжааны банк давамгайлсан бүтэцтэй. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бусад арга хэрэгслээр салбарын харьцааг тэнцвэржүүлэх чухал байна. Энэ чиглэлээр банкны салбарыг нээлтгэй болгох, гаднын банкны салбар нэгж байгуулахыг судлан шийдвэрлэх, санхүүгийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлахаар тусгасан. Ингэснээр санхүүгийн салбар олон тулгууртай болж, эерэг өөрчлөлт гарах хүлээлттэй байна. Мөн Валют зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар албан нөөцөө хамгаалах бодлогыг оруулж ирнэ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг  сайжруулах чиглэлээр ямар зохицуулалт тусгасан бэ?

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрх зүйн хүрээнд баталгаажуулах нь чухал байгаа. Ялангуяа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх нь зөрчигдөж    байгаа асуудлуудыг олон улсын хөрөнгө оруулагчдаас тавьж байна. Цаашдаа хөрөнгө оруулалтын чиглэлийн сангуудад баталгаа гаргаж өгөхөөр тусгасан. Ер нь гадаад, дотоодгүй хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газраас гурван зүйлийг хүсэж байгаа.

Тогтвортой бодлого баримтлах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, холбогдох  эрх зүйн орчныг бүрдүүлэхийг хүсдэг. Тиймээс Засгийн газрын төвшинд гадаадын эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулна.     Улмаар эрх зүйн шинэчлэл   хийхээр тусгасан. Манайд жилдээ 4.6 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт ордог байсан бол өнөөдөр 100 сая хүрэхгүй болчихлоо. Өмнө нь байсан хөрөнгө оруулалтыг эргэн дуудах нь энэ хөтөлбөрийн гол амин сүнс юм.

-Төрийн өмчид бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нь өмч хувьчлал эрчимжинэ гэсэн үг үү?

Төрийн мэдлийн 89 аж ахуйн нэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани 2012 онд гурван их наяд төгрөгийн өртэй байсан. Гэвч өнөөдөр 10.4 их наяд төгрөг буюу 7.4 их наяд төгрөгөөр өр нь нэмэгдсэн байна. Дээр нь нийт компаниудын 70 хувь алдагдалтай ажиллаж байгаа. Тиймээс энэ хямралын үед төр ямар бизнест оролцох ёстой гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

Сүүлийн үед зах зээл дээр аль салбар ашигтай байна тэр салбарт төрийн өмчит компани байгуулагдсан. Барилгын салбар тэлсэн гээд л төр барилгын компани байгуулах жишээтэй. Хийн газын компани хүртэл байгуулж зах зээлд нөлөөлсөн байна. Үүнийг зохистой төвшинд аваачиж, заримыг нь татан буулгах, эсвэл хувьчлалыг ойрын жилүүдэд хийх ёстой. Ингэж байж төрд ирэх ачааллыг бууруулах шаардлагатай.

-Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ. Хэдий орчим хугацаанд үр дүнгээ өгөхөөр харасдаж байна вэ?

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 18 сарын дараа эдийн засгийн уналтыг зогсоож чадна. Улмаар өсөлтийн асуудлыг ярина. Ингэхийн тулд хөтөлбөрийн үр дүнг хагас жил тутамд Их хурал дээр сонсож байхаар тусгасан. Тодорхой хариуцлагын асуудлыг сайжруулснаар хөтөлбөр бодитоор хэрэгжинэ. Эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд хүндрэлээс гарч, олон тулгууртай болж, ажлын байр нэмэгдэнэ гэж харж байна.

-Хөтөлбөрт казино байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Энэ талаар гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлсээр байгаа. Намын бүлэг нэгдсэн шийдэлд хүрсэн үү?

Зөвхөн уул уурхай, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын бодит төслүүдээс гадна тодорхой салбаруудыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, аялал жуулчлалын салбар бол Монголын эдийн засгийг төрөлжүүлэх гол салбар. Тиймээс аялал жуулчлалын салбар дундаа интертаймент бизнесийг хөгжүүлэх хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлж өгье. Ингэснээр аялал жуулчлалын салбарт томоохон өөрчлөлт гарах байх. Үүнтэй холбогдуулан нислэгийн тоог нэмэгдүүлэх, нисэх онгоцны тийзийн үнийг буулгах зэрэг ажлуудыг хавсарган хийнэ.

Үүнээс гадна, эрчим хүчний экспортод чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж чадвал, томоохон хөрөнгө оруулалт татах салбар гэж харж байна. Улмаар валютын дотогшлох урсгалыг нээхэд түлхэц болох талтай. Энэ хөтөлбөрт уламжлалт уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас гадна эрчим хүч, дэд бүтэц, аялал жуулчлал, программ хангамж гэсэн зургаан салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар тусгаж өгсөн.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ирэх оны төсвийг хэлэлцэх үед таван том төслийг хөдөлгөх тухай ярьсан. Энэ төслүүд эдийн засгийг хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр уялдаж чадсан уу?

УИХ-аас ирэх оны төсөв, үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Одоо эдийн засгаа дунд хугацаанд сэргээх хөтөлбөрийг батлах гэж байна. Энэ бодлогын баримт бичгүүд бүгд хоорондоо уялдаатай. Уялдаатай хэрэгжиж байж эдийн засгийн хүндрэлээс гарна гэж ойлгож байгаа. Тэр утгаараа онцгой хөтөлбөрөө бодлогын чанартай, суурь өөрчлөлтүүдийг илүү тусгасан.

-Одоогийн хүндрэлээс гарахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай бол. Үүнийг тооцоолж үзсэн үү?

Зөвхөн мөнгө байгаад хямралыг гэтлэхгүй. Өнгөрсөн дөрвөн жил мөнгөтэй боловч бодлогогүй байсан. Гадаадаас авсан зээл л гэхэд 20 гаруй их наяд төгрөг байна. Тиймээс бодлогын алдаа засаж, хуулийн хүрээнд судалгаа үндэслэсэн шийдвэр гаргах шаардлагатай. Бодлогын алдаагаа засаж замаар эдийн засагт сэргэх хандлага гарна.