Энхболд.М Д.Тогтохсүрэн Жавхлан.Б 2016.12.28 | Сайт: Vip76.mn

Засгийн газар, Хөгжлийн банк хооронд үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоно

Засгийн газар, Хөгжлийн банк хооронд үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоно

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, уг тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засгийн байнгын хороо дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар /2016.12.28/ хийсэн. Ийнхүү төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороод уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн 2 дахь заалтад "...үнэт цаасаар нэмэгдүүлэх" гэснийг "...үнэт цаас гарган нэмэгдүүлэх", 3 дахь заалтад "...аудит хийж, дүгнэлт гаргах" гэснийг "...аудит хийхийг" гэж тус тус өөрчлөн найруулах санал гаргасан байна.

Тогтоолын төслийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, хоёр дэд заалт бүхий нэг заалт болгон, бусад заалтуудын дугаарыг өөрчилсөн юм.

Тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар 31-ны өдрөөр тасалбар болгон, харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах” гэж өөрчлөн найруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан гаргасан.

Уг саналыг байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Тогтоолын төсөлд үг хэллэг, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд орууллаа.

Уг зарчмын зөрүүтэй саналаар хурал хураахад 54 гишүүн оролцож, 45 гишүүн зөвшөөрч, 83,3 хувийн саналаар санал дэмжигдсэн. Ингээд тогтоолын төсөл бүхэлдээ хуралдаанд оролцсон гишүүдийн 79,6 хувийн санал батлагдлаа. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn