Баасанхүү.О 2017.01.03 | Телевиз: UBS

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг МАХН дэмжихгүй

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг МАХН дэмжихгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл багтсан гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд гишүүн мэдээлж байсан. Гэхдээ тус ажлын хэсэгт МАХН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй гэж тэрбээр хэллээ.

Хуулийг эсэргүүцэх болсон дөрвөн шалтгаанаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэрлэв. Үүнд:

Нэгдүгээрт, Тус хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших хүн төрийн жинхэнэ албан хаагч бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болох бөгөөд одоо тус хуулийг баталсан ч дээрх заалтыг мөрдөх боломжгүй.

Хоёрдугаарт, Аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Хувь хүн нэрээ дэвшүүлэх тохиолдолд нам хүсэлт гаргах хэрэгтэй аж. Энэ нь хүний сонгогдох эрхэд саад учруулж, намд хүчээр элсэх шахалтыг үзүүлж байна.

Гуравдугаарт, Тэгш бус сонгууль. Ялангуяа суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцоно гэж заажээ. Энэ нь оролцохгүй байсан ч болно гэсэн санаа.

Дөрөвдүгээрт, Гуравхан намын төлөөлөл нэр дэвших гэж байхад хамтран нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж тавьж байгаа нь манайх шиг ганцхан суудалтай намыг хүчээр аль нэг намд хамтарч нэр дэвшүүлэхээр буланд шахаж байна. МАН л хүнээ дэвшүүлнэ гэж заах л үлдлээ хэмээн О.Баасанхүү хэллээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрсөн хуулийг өргөн барьж байна хэмээн үзэж байгаа аж. Учир Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэгэн намаас үл хамааран 45 насанд хүрсэн, Монголын нийт ард түмний 51-нээс дээш хувийн санал авсан, аль нэгэн намыг төлөөлөхгүй нийт ард түмнийг төлөөлөх үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэтэл шинээр өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 6.3-т 45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж заажээ.

"Сүүлийн таван жил Монголд амьдарсан эсэхийг нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно. Энэ хуулиар бол хэн ч нэр дэвших эрхгүй болж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд ч жирийн иргэд ч хувийн болон ажлын шалтгаанаар гадаад руу зорчдог. Сүүлийн таван жилийн хугацаанд гадаадад зорчиж, амьдарч үзээгүй хүн гэдэг заалтыг хэнд зориулж гаргасан бэ" гэв.

Энэхүү заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн үзэж О.Баасанхүү мэдэгдлээ.

"Би бол сонгуулийн ганцхан заалтыг өөрчлөхийг дэмжиж байгаа. Энэ нь сурталчилгаа 18 хоног байхыг уртасгах ёстой. Бид 21 аймгаар явж иргэдтэйгээ гар барих ёстой. Мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Олон нийтэд танигдсан хүнийг сонгох гэж байгаа нь тэгш бус сонгуулийг эхлүүлж байна" гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүний зардлыг 100 хувь хариуцах талаар бид ажиллаж байна. МАХН-наас 5-6 хүнийг нэр дэвшүүлэхээр ярьж байгаа. Гэхдээ эдгээр хүмүүсийн нэрийг зарлах болоогүй гэдгийг О.Баасанхүү хэллээ.